Бид яаж амьдраад байгаа юм бэ?
2018/04/24
Аливаа улс орон үндэстнийг бүрдүүлдэг ард түмэн буюу олон нийт хэрхэн яаж амьдарч байгаа болон тэдний сэтгэлгээний дархлаа хийгээд хандлага нь улс орны хѳгжлийн түвшинг илэрхийлдэг. Үргэлж л ядуу байгаадаа бухимддаг хэрнээ ѳѳрийгѳѳ ерѳѳсѳѳ ч буруутгадаггүй, “болохгүй, бүтэхгүй байнаа” гэж үргэлж шүүмжилж гомдоллох хэрнээ эвлэлдэн нэгдэхийн оронд ямагт хагаралдан бутарч байдаг, ѳѳрѳѳ огтоос хичээхгүй хэрнээ ѳѳрийгѳѳ зовоолгүй гэнэт баяжихыг мѳрѳѳддѳг монголчууд бидний амьдралын хэв шинж, хандлага нэг л биш ээ. Та үүнийг анзаардаг уу?
МѲНГѲ
Худалдааны хэмжүүрийн нэгж болох мѳнгѳ гэгч монголчууд бидний хувьд амьдралын зорилго нь болсоор удаж буй. “Мѳнгѳтэй бол бүх асуудлыг шийдэж болно” гэх ядуу сэтгэлгээнд хэт автсанаас:
-Улстѳрийг “ашигтай” бизнес болгон хувиргаж чадлаа
-Авилгал, хээл хахуулын асар том “сүлжээ” бий болголоо
-Материаллаг хэрэглээг шүтсэн “хүн сүрэг” бий боллоо
-Хамгийн үнэтэй “мѳн чанар”аа мѳнгѳѳр арилжиж, хамгийн “хямдхан” хүмүүс боллоо
-Амьдралын зорилго нь “мѳнгѳ” болон хувирахаар “алсын хараа”, том зорилго үгүй боллоо
Мѳнгѳ л олж байвал улсаа ч худалдахаас татгалзахгүй улстѳрчид, мѳнгѳ л олж байвал биеэ үнэлэхээс ч эргэлзэхгүй залуус, мѳнгѳ л олж байвал мѳн чанараа ч уландаа гишгэхээс ичихгүй хүмүүс бидний эргэн тойронд бий болж байгаа нь бидний доройтлын илрэл. Уг нь байна шүү дээ, энэ мѳнгѳ гэдэг чинь материаллаг зүйлсийг худалдаж авахад зориулсан ЦААС юм шүү дээ. Хүний мѳн чанарын хажууд юу юм бэ?
ЗАЛХУУРАЛ
Бидэнд гурван ГАЖ сэтгэлгээ байна.
-Урт удаан хугацааны уйгүй хѳдѳлмѳрѳѳр мѳнгѳ олж сайхан амьдарч болно гэж ойлгодоггүйгээс, гэнэт их мѳнгѳ олж баяжиж болно гэдэг солиорол
-Зүгээр л компьтерийнхээ ард сууж байгаад “АЗ АЗ БУРЗАЙ” гэж бичээд, эсвэл янз бүрийн амьтны болон мѳнгѳний зураг шейрлээд гэнэт баяжиж болно гэдэгт итгэдэг тэнэглэл
-Лам эсвэл бѳѳ удган дээр очин ѳргѳл барьц ѳгѳѳд л ажил хэргээ бүтээнэ, бурханы зураг ханандаа ѳлгѳѳд баяжиж болно, энд тэнд суварга, хѳшѳѳ босгоод нүглээ цайруулна гэж сүсэглэдэг мунхаглал
Хүн ѳѳрѳѳ хѳдѳлмѳрлѳхгүйгээр, ѳѳрийгѳѳ зовоохгүйгээр их мѳнгѳ олох гурван муу арга байдаг.
1. Хулгай хийх
2. Залилан луйвар хийх
3. Биеэ үнэлэх
За тэгээд ингэж баяжсан үй олон амьд жишээнүүд бидний ѳмнѳ байгаа болохоор л бид ингэж найдаад байгаа хэрэг. Эцсийн эцэст энэ нь айдас түгшүүртэй амьдрал, шоронгийн хаалганаас ѳѳр үр дүнд хүрэхгүй дээ. Энэ ертѳнцѳд бутээгдсэн баялаг болгон хүний ѳѳрийнх нь уйгагүй, тэвчээртэй, шударга хѳдѳлмѳрийн үр дүнд л бий болдог юм шүү дээ. Ѳѳр сонголт үгүй.
ХИЙРХЭЛ
Мэдээллийн Технологийн дэвшингүй хѳгжлийн үед мэдээллийг хүртэл “бохир” зорилгоор ашиглах болсоор удаж буй. Иргэд нь боловсролгүй бүдүүлэг, уншихгүй мунхаг, сэтгэхгүй харанхуй болохоор тэдний сэтгэлгээг дуртай зүгтээ “савлуулж” байна. Гадныхны бодлогын “хѳтѳч” болсон “тэнэг” улстѳрчид цахим орон зайд “хѳлсний бичээч”-дийг үй олноор нь ажиллуулан олон нийтийг үзэн ядалтад турхирч, хараал хэрүүлд хатгаж, хагарал тэмцэлд уриалах боллоо. Бид алив зүйлийг эрүүл ухаанаар эргэцүүлж, харьцуулж дүгнэн ѳѳрийн санаа бодлоо тайвнаар учирлан илэрхийлэх боломжгүй болж байна. “Хүний олон нь хүнээ барьдаггүй” ч, ѳнѳѳ цагт эрүүл саруул санаа бодолтон хэнийг ч болов тасар татахад бэлэн болжээ бид.
-Үзэн ядалтдаа хийрхэж цѳѳхѳн монголчууд бид бие биенээ алж устгахыг уриалах боллоо
-Ѳѳрѳѳ хѳдѳлмѳрлѳхгүй атлаа мѳнгѳтэй хүмүүсийг үзэн ядаж, тэдний хѳрѳнгийг хураан авч хувааж ашиглахыг уриалах боллоо
-Хятад, Оросоос бусад орнуудын Хѳрѳнгѳ оруулагчид, бизнесмэнүүдийг үзэн ядаж, хѳѳн зайлуулахыг уриалах боллоо
-“Бид мѳхѳж сѳнѳж байна”, “Бид удахгүй бусдын эрхшээлд орж боол болцгооно”, “Монголчууд бид угаасаа арчаагүй, аймхай хулчгар хүмүүс” хэмээн мохоох гэж оролдох боллоо.
Бүх харилцаа, үйлдэл болгон зѳвхѳн хуулиар зохицуулагдаж, хуулиар шийдэгдэж байдаг гэдгийг ойлгохоо больсон бидний хийрхэл, эрүүл сэтгэлгээ шударга ёсыг үгүй болгож мэдэхээр байна. “Шударга ёс” гэдэг нь зѳвхѳн зѳв сайн хуулийн тогтолцоогоор л хэрэгждэг болохоос олон нийтийн хийрхэл, солиорлоос бий болдоггүй. “Үнэн” гэдэг нь харьцангүй ч, хуулийн хэм хэмжээ.
ИТГЭЛГҮЙ
Бид улстѳрчдѳд ч, хууль хэрэгжүүлэгчдэд ч, ѳрѳѳл бусдад ч, тэр бүү хэл ѳѳртѳѳ ч итгэхгүй болсоор удаж буй.
-Хэрвээ улстѳрч үг хэлж байвал “Худлаа даа худлаа, энэ ч ингэж сайхан ярьж байгаад биднийг хуурч ѳѳрѳѳ л завших гэж байгаа юм” гэнэ
-Хууль зѳрчсѳн гэж үзээд хэн нэгнийг шалгахаар барьж саатуулбал “Худлаа даа худлаа, эд нар ингэж сүржигнэж байгаад цаагуураа хуйвалдаад гаргаж орхино, харж л байгаарай” гэнэ
-Хэн нэгэн сайхан сэтгэлээр сайн үйлс бүтээвэл “Худлаа даа худлаа, энэ ингэж ѳѳрийгѳѳ рекламдаж байгаад улстѳрд орох гэж байгаа юм” гэнэ
-Ямар нэгэн том бүтээн байгуулалтын ажил эхлэх гэвэл “Худлаа даа худлаа, эд нар цаагуураа хуйвалдаад ихэнх мѳнгийг нь завших гэж байгаа юм” гэнэ
-Сайн залуус олон нийтийг сайн хэвшилд уриалан ѳѳрсдѳѳ үлгэрлэн ажиллаж эхэлбэл “Худлаа даа худлаа, эд нар ингэж байгаад хѳѳрцѳглѳж байгаад ѳѳрсдѳѳ больчих нь доо” гэнэ
Бие биедээ итгэх итгэл, бие биенээ дэмжих дэмжлэг, бие биедээ талархах урам зоригууд хаачаа вэ? Хэн түүнийг биднээс хулгайлж орхио вэ? Яг үнэндээ бид ѳѳрсдѳѳ л ийм тогтолцоог бий болгоцгоосон. Худлаа амлаад байгааг нь мэдсээр атлаа ѳгсѳн мѳнгийг нь чимээгүй аваад улстѳрчдийг бид сонгосон, авилгал ѳгѳѳд ямар ч асуудлыг ѳѳртѳѳ ашигтай байдлаар шийдүүлж болно гэдгийг бид л ѳѳрсдѳѳ хүлээн зѳвшѳѳрсѳн, хуулийг зѳрчѳѳд “аргалж болно” гэж бид ѳѳрсдѳѳ итгэсэн, хэн ч биднийг албадаагүй. “Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч” болдог энэ тогтолцоог бид ѳѳрсдѳѳ харсаар харсаар байж бий болгоцгоосон. Хэнийг ч буруутгах аргагүй.
ТѲГСГѲЛИЙН ОРОНД
“Тэгээд яах ёстой юм бэ?” гэж үү. Ѳѳрчлѳх хэрэгтэй байнаа. Энэ ѳѳрчлѳлтийг та ѳѳрѳѳсѳѳ эхэлнэ.
-Бусдад найдалгүй, ѳѳрѳѳ хичээж хѳдѳлмѳрлѳ. Ѳѳрийн амьдралдаа хэрэгцээтэй мѳнгѳѳ ѳѳрѳѳ л олохыг хичээ. Бид залхуудаа харахгүй байгаа болохоос энэ ѳргѳн уудам газар нутагт ѳчнѳѳн боломжууд байгаа.
-Ном унш, ѳѳрийн мэдлэг оюунаа тэл. Бидний алдаж буй алдааг хэрхэн туулсан туршлагууд энэ дэлхийгээр нэг байна. Ѳѳрийгѳѳ сайн тѳлѳвшүүлэх мянган сайхан санаа байна. Дэлхий нээлттэй болчихлоо шүү дээ.
-Цуурхал, хийрхэлд бүү итгэ. Мэдээллүүдийг ѳѳрийнхѳѳрѳѳ эргэцүүлэн дүгнэ. “Хэрвээ би энэ хүний оронд байсан бол яах байсан бэ?” гэж эргэцүүлээд үз.
-Хүмүүстэй хэрэлдэж муудалцалгүй, ѳѳрийн амьдралдаа ѳѳрѳѳ л эзэн нь бол. Чиний ѳмнѳѳс хэн ч шийдвэр гаргахгүйтэй адил, чиний гаргасан алдааг чиний ѳмнѳѳс хэн ч үүрэхгүй.
-Сонголтоо зѳв хийх нь ѳѳрийн ирээдүйдээ хэр итгэж байгаагийн баталгаа мѳн. Зѳв сонголт болгон чиний амьдралыг амар тайван руу хѳтѳлдѳг бол буруу сонголт бүхэн чамайг бухимдал руу хѳтѳлдѳг.
Нийгэмд шинэ давалгаа үүсч, шинэ үеийн залуус гарч ирж байна. Тэд зѳвхѳн жалгын хэмжээнд бус дэлхийн хэмжээнд харж сэтгэн, дэлхийн хѳгжил рүү тэмүүлж байгаа. Тэд ёс суртахуун, зѳв ухамсар, шударга ёсны тѳлѳѳ зүтгэж эхэлж байна. Тэдний зѳв сайн үйлс болгоныг чин сэтгэлээсээ дэмжиж байх хэрэгтэй байна. Энэ нь эв нэгдлийн эхлэл байх болно. Хувь хүмүүсийг буруутгахаас илүүтэй бидний нийгмийн гажуудсан тогтолцоог ѳѳрчилж засах болно. Бат бѳх, зѳв тогтолцоо босч ирэх хэрээр ѳмхѳрч илжирсэн буруу муу тогтолцоо нуран унах болно. Тэгэхээр танаас, биднээс л бүх ѳѳрчлѳлт шалтгаалах болно доо. Ядаж ѳѳрийн Монгол эх орондоо сэтгэл хангалуун, сайхан амьдарцгаая л даа. За тэр “босоо заяа”, “хийморь лундаа” гэж солиорохоо больцгоож, ѳдийг хүртэл тусгаар оршиж ирсэн хувь заяаныхаа тѳлѳѳ “бид хичээх үүрэгтэй” гэдгээ ямагт санаж явмаар даа.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2018-04-22
Zochin · 2018/04/24
Zov zov