1.9 их наядаар “дайлуулсан” хүүхдүүд
2018/04/25
Монгол Улс хүүхдүүдээ 1.9 их наядаар дайлжээ. Энэ мэдээг сонсоод багахан тоо бодоход хүргэв. 2018 оны төсвийн нийт зарлагыг 9.6 тэрбум байхаар өнгөрсөн онд УИХ-аар баталсан. Төсвийн нийт зарлагын 16.9 хувь буюу 1.6 их наяд төгрөгийг боловсролын салбарт зарцуулна.
Энэ нь 82 сургууль, 127 цэцэрлэг барих төсөв юм. Нийгмийн халамжийн салбарт 396.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжийг 119.5 төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа. Дээр нь малчдын тэтгэврийн насыг урагшлуулж, үүнд нэмж зарцуулагдах 44.6 тэрбум төгрөгийг Тэтгэврийн санд шилжүүлэх прогнозыг гаргажээ.
Боловсрол, нийгмийн халамж гэсэн хоёр том салбарын нэг жилийн зарлага нийлээд дээр өгүүлсэн 1.9 их наядад чүү чамай дөхөж очиж байна. Улсын нэг жилийн төсвийн 20 орчим хувьтай тэнцэх ийм их хөрөнгийг өнгөрсөн 26 жилийн хугацаанд хүүхэд хамгаалал, халамжийн үйлчилгээнд зарцуулсан тухай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтан ярихыг сонссон юм. Тэрээр “Үйл ажиллагаагаа эргээд тайлагнахаар бензин, хоолонд л хамаг зардал явчихсан байдаг. Өнөөдрийг хүртэл хүүхдийн хөгжлийг дэмждэг үйлчилгээ байхгүй. Тиймээс энэ жилээс бодлогоо энэ чиглэлд тодорхойлж ажлууд эхлүүлж байна. Нэн түрүүнд 50000 өрхөд судалгаа хийнэ” гэлээ. Хожуу ухаарсан нь ч хүүхдийн хөгжил ямар чухлыг олж хараад ажлаа эхлүүлж байгаа нь яамай. Энэ байгууллага дангаараа бодлого тодорхойлогч, санхүүжүүлэгч биш учраас бурууг тохох гэсэнгүй. Харин хүүхдэд нэрлэж ирсэн мөнгө хоол, бензинд дуусчихдаг нь анхаарах асуудал. Нэг талаар хүүхдийн төлөө ажиллаж байгаа хүмүүсийн зайлшгүй гаргах зардал энэ, мөнгөөр үнэлэгдэшгүй үр дүн хүүхдүүдэд гарсан гэж найдаж болох. Харин нөгөө талаар хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох наад захын язгуур эрхийн асуудлыг одоо ч ярьсаар байгааг харахад төрийн бодлого дэндүү чамлалттай. Ямартаа ч өнгөрсөн 26 жилийн турш 1.9 их наядаар дайлуулсан хүүхдүүдийн төрхийг нэг харъя.
Монгол Улс 1.2 сая хүүхэдтэй, нийт хүн амын 35.8 хувийг эзэлдэг. Эрх зүйн үндсэн акт болох Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох, хүмүүжил төлөвшил олж авах эрхийг албан ёсоор хуульчилжээ. Үүнийг гүйцэтгэх үүрэг хүлээсэн субьект нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзагч болон төр. Үүнийг дүгнэхийн тулд дараах хоёр жишээ хангалттай.
БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТОЙРСОН 1.9 ИХ НАЯД
Бага насны 27 хүүхэд 3-7 жилийн турш бэлгийн хүчирхийлэлд автсан гээд бод доо. Өсвөр биш бага нас. Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн Гэмт хэргийн шалтгаан нөхцлийн судлах хүрээлэнгийн захирал, ахлах прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаагийн Хүүхдийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу бэлгийн хүчирхийллийн талаарх илтгэлийг цааш лавшруулж харвал ганцхан жилийн дотор энэ төрлийн хэрэг дөрөв дахин өсчээ. Бага насны хохирогчдын 2.8 хувь буюу 1-3 настай зургаан хүүхэд, 9.4 хувь буюу 4-6 настай 20 хүүхэд, 37.1 хувь буюу 7-10 настай 79 хүүхэд, 50.7 хувь буюу 11-13 настай 108 хүүхэд байна. Бэлгийн хүчирхийлэлд хөвгүүд хохирогч болсон зургаан хэргийг хуулийнхан шалгажээ. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ой найман сартай хүү бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хэрэг нийгмийг цочроож, олон мянган эцэг эхчүүд хүүхдийн эрхийн төлөө жагсахад хүргээд байна. Ингэхээс ч аргагүй. Хүчингийн гэмт хэргийн үр дагавар хэзээ ч арилдаггүй, магадгүй хохирогчийн ирээдүйн эрүүл мэнд, амь насанд аюул заналхийлэл учруулж байдаг онцгой хор хохиролтой гэмт хэргийн төрөл. Хохирогчдын 10.8 хувь буюу бага насны 23 хүүхэд бэлгийн замын халдварт өвчин туссан, 5.6 хувь буюу бага насны 12 хүүхэд жирэмсэлсэн, 4.2 хувь буюу бага насны есөн хүүхэд гэмтлийн дараах дарамтат эмгэг, хүчирхийллийн дараах сэтгэл гутрал, сэтгэл гутрах сунжирсан хариу урвал бүхий дасан зохицох эмгэг зэрэг сэтгэцийн эмгэгтэй болсныг илтгэлд онцолжээ.
УНААЧ ХҮҮХДИЙГ ТОЙРСОН 1.9 ИХ НАЯД
Хүйтний улиралд хурдан морь уралдуулж хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах эрхийг зөрчиж байна, хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр хэмээн НҮБ-аас сануулга хүртэл өгөөд байхад манайхан хурдан морио уралдуулсаар байгаа юм. Уралдааны үеэр хүүхдийн толгой болон мөч гэмтэх, яс хугарах, дотор эрхтэн доргих өвчлөл түгээмэл. Хүүхдийн бие физиологит шууд бусаар үүсэх өвчлөлүүд олон. Тодруулбал, хүүхэд олон жил морь унаснаар бөөр унжих, шээсний сувагт механик гэмтэл үүсдэг, цаашлаад төмсөгт бичил судасны хагарал үүсч яваандаа үргүйдэлд хүргэх эрсдэлтэй гэж мэргэжлийн эмч тайлбарлаад байгаа. Нэг жилд гэхэд уралдааны үеэр мориноос унаж гэмтсэн гэсэн оноштой 300 хүүхэд гэмтлийн эмнэлгийн хаалгыг татдаг гэсэн тоо баримтыг НҮБ-ын Монгол дахь Хүүхдийн сангаас мэдээлэх болсон.
Захын хоёр жишээ татахад л ийм. Нэрлэвэл өөр ч олон жишээ бий. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд-сурч боловсрох-нийгэмших эрх, цэцэрлэггүй гэртээ суугаа хүүхдүүд, сургууль завсардалт, авто машины осол гээд хүүхдийн эсрэг “ажиллагаа”-ны урт дараалал үүснэ. Ингээд харахаар Монголын төр, эцэг, эхчүүд, асран хамгаалагчид хүүхдээ хамгаалж чадахаа больжээ. Энэ бүх бэрхшээлийн хажуугаар өнөөх санхүүжилтийн 1.9 их наяд тойроод явчихсан бололтой. Үнэндээ энэ их зардал хоол, бензиндээ дуусчихсаныг гайхах хэрэггүй. Зөв, тууштай бодлого боловсруулчихдаг бол багахан зардлаар ч хүүхэд хамгаалал, хөгжлийн үйлчилгээг бий болгочихож болно. Энэ жил гэхэд УИХ-аар уйлаан майлаандаа тулж байж хүүхэд хамгааллын салбарт 500 сая төгрөг төсөвлөсөн байсныг таван тэрбумд хүргэлээ хэмээн парламент дахь эмэгтэй гишүүд цээжээ дэлдэж харагдсан. Бодлогоо зөв тодорхойлоогүй л бол 500 сая ч бай, таван тэрбум ч бай нэг жилийн дараа дахиад хоол, бензинийхээ тооцоог нийллээд суух нь гарцаагүй.
Б.Энхзаяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2018/04/26
Тоо мэдэхгуй хун нийтлэл бичиж яана. 10 тогссон уу