Өнөөдрийн орлогоос маргаашийн эрүүл мэнд чухал
2018/04/25
“Аз жаргалтай Улаанбаатар хот”-ыг цогцлоохын тулд хэсэг бүлэг нөхдийн бус бүх нийтийн эрх ашиг, сайн сайхны төлөө хотын удирдлага шаардлагатай хэд хэдэн шийдвэрийг өнгөрсөн хугацаанд гаргаад байгаа билээ.
Тухайлбал, Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж буй PC тоглоомын газруудын үйл ажиллагааг хаах шийдвэрийг олон нийт талархалтай хүлээж авлаа. Учир нь, толгойтой бүхэн тоглоомын газар нээж, барилга бүрийн хонгилыг эзэгнэн улмаар энэ тоглоомд донтох хүүхдийн тоо жилээс жилд өсч байгаа юм. Бага насны хүүхдийг хонуулж тоглуулах нь сүүлдээ хэвийн үзэгдэл болов.
Шөнө оройн цагаар хонон өнжин тоглохдоо хоорондоо маргалдах, зодолдох, хараалын үг нэг рүүгээ “чулуудах” нь энүүхэнд. PC тоглоомоос үүдэлтэй нэгэн хэргийг эргэн сануулъя. Чингэлтэй дүүргийн IV хороонд үйл ажиллагаа явуулж байсан PC тоглоомын газарт хоёр залуу маргалдаж, нэг нь амь насаа алдсан харамсалтай хэрэг одоогоос хоёр сарын өмнө гарсан.
Дайн дажингүй, тайван улс оронд тоглоомоос болж эрдэнэт хүн эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдана гэдэг дэндүү харамсалтай. Тиймээс хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйгээр орлого олдог тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэж үзэн тусгай зөвшөөрлийн асуудлыг судалж, хяналт шалгалтыг нийслэлд шилжүүлэх үүргийг Улаанбаатар хотын захирагч С.Батболд холбогдох байгууллагад даалгасан юм. Монгол Улсын хэмжээнд одоогоор PC тоглоомын 400 гаруй газар үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эдгээр нь ихэвчлэн ерөнхий боловсрол болон их, дээд сургуулийн ойролцоох барилга, орон сууцны булан тохойд байрладаг. Нарийвчилбал, нэг сургуулийн ойролцоо дунджаар РС тоглоомын 1-2 газар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр газраар өдөрт 150 орчим мянган хүүхэд, залуус үйлчлүүлдэг аж. Нэг хүн өдөрт нэг цагийн үйлчилгээг 800 төгрөгөөр авдаг гэж тооцвол даруй 120 сая төгрөг эргэлддэг гэсэн үг. Хамгийн багаар тооцоход ийм хэмжээний дүн гарч байна. Бизнесийн эрэлт нийлүүлэлтийн зарчим гэдэг шиг нэг ёсондоо ихээхэн хэмжээний ашиг оруулдаг гол үйлчлүүлэгчдээ тэд илүү ойртож байрладаг нь энэ. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчид их завсарлагааныхаа үеэр тоглоомын газар руу гүйж, улмаар тоглоомдоо улайрч хичээлээ таслах тохиолдол цөөнгүй гардаг байна. РС тоглоом тоглодог, тоглодоггүй хүүхдүүдийн бие бялдар, оюун ухаан, сэтгэхүй, харилцаа, хэл яриа, олон нийтийн газар биеэ авч яваа байдал, бусадтай ойлголцох зэрэг нь тэнгэр газар шиг ялгаатай. PC тоглогчид элдэв янзын хараалыг түргэн хэллэг мэт амнаасаа урсгадаг, олон цагаар компьютерийн дэлгэц ширтсэнээс болж нүд нь улайж, гөлийдөг, удаан хугацаанд сууснаас болж нуруунд нь суулт өгч, бөгтгөр болох зэрэг нь наад захын асуудал. Зарим нь тамхи татаж, согтууруулах ундаа хэрэглэдэг нь ч нууц биш. Эдгээрээс гадна тоглоомд донтсоноос сэтгэцийн өөрчлөлттэй болж, эмнэлгийн хаалга татах нь эмгэнэл бас ичгүүртэй явдал юм. Тэд аав ээж, ах эгчийнхээ арга эвийг олж, хэдэн төгрөг авч, түүгээрээ идэх хоол, өмсөх хувцас бус “дон”, сэтгэцийн эмгэг худалдан авч байгаагаа ч мэддэггүй байна. Зарим нь тоглох мөнгөө олохын тулд гуйлга гуйж, эс бөгөөс хулгай, дээрэм хийсэн тохиолдол ч бий.
Ийм л орчинг цаашид байлгах эсэхийг төрийн бодлого, шийдвэрээр шийдэх учиртай юм. Монгол Улсын хэмжээнд 0-18 насны 1.2 сая хүүхэд байгаагаас 470 гаруй мянга нь буюу 42 хувь нь нийслэлд сурч, амьдардаг. Тэдний эрүүл мэндийг одооноос хамгаалахгүй бол хэдэн жилийн дараа сэтгэцийн эмгэгтэй, аль эсвэл мансууруулах болон согтууруулах ундаа, PC тоглоомд донтогсод олноор төрж мэдэх нь. Тоглоомонд донтож буй хүүхдүүд эхлээд хичээл таслах, сурлагын амжилт нь буурах яваандаа даамжирч худлаа ярих, хулгай хийх, ааш зан, хэл яриа нь эвдрэх, ууртай догшин, бусдыг хүндлэхээ болих, хэт их ядаргааны улмаас нүд, нүүр ам нь татах, хий зүйл харах зэрэг шинж илэрдэг аж. Ийм шинж тэмдэгтэй 25 хүүхэд 2016 онд эмчлүүлсэн бол өнгөрсөн жил энэ тоо аль хэдийн 50 хол давжээ. Хэрэв, тоглоомонд донтсон хүүхдийг эмчилж хэвийн байдалд нь оруулахгүй бол насанд хүрээд согтуурах, болон мансуурах зэрэг бусад хүнд хэлбэр рүү шилждгээрээ аюултайг мэрэгжилтнүүд анхааруулж байна. Компьютер тоглоомыг олон улсад хэрхэн хүлээн зөвшөөрдөг, ямар зохицуулалтаар ийм асуудлыг шийдвэрлэдэг бол. Одоогоос хэдэн жилийн өмнө компьютер тоглоомд донтохыг сэтгэцийн өвчин гэж үздэггүй байсан.
Харин одоо үүнийг дэлхий нийтэд онц аюултай, орчин цагийн өвчинд тооцож, үүнд нэрвэгдэгсдийг эмчлэх төвийг улсаас байгуулж, нийтэд зориулсан гарын авлага товхимлыг олноор нь хэвлэн тараах болжээ. Дэлхийн бүх улс орон интернетийн бохир орчноос өсвөр үеийнхэн болон иргэдээ хамгаалах хуультай, энэ хуулиараа насанд хүрээгүйчүүдэд худалдах, ашиглахыг хориглосон сайт, тоглоомын жагсаалтыг баталсан байдаг аж. Тухайлбал, Австрали улс 2012 онд компьютер тоглоомд донтсон 20 мянга гаруй хүүхэд залуус байгааг тогтоосноор “интернет кафе” нэрийн дор үйл ажиллагаагаа явуулдаг PC тоглоомын 6500 гаруй газрыг хааж, тоглоомын сүлжээний бүх эрх мэдлийг Засгийн газар хариуцахаар болсон байдаг. Ингэж залуусын сэтгэл зүйд хамгийн их хөнөөл учруулж буй “кибер дайн”-ыг тив улсдаа бүр мөсөн зогсоожээ. Гэтэл дайн дажин, аллага таллага, дээрэм, тонуул, хүчирхийллийг өөгшүүлсэн тоглоомоор насны хязгааргүйгээр хонон өнжин тоглуулдаг ганцхан орон бол саяхныг хүртэл Монгол байлаа. Уг нь Захиргааны хуулиар компьютер тоглоомын газрууд насанд хүрээгүй хүүхдэд 19.00 цагаас хойш үйлчлэх ёсгүй боловч тэдний дийлэнх нь ашиг орлогоо бодож нууцаар хонуулдаг. Зөвхөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаар зогсохгүй оюутан, тодорхой эрхэлсэн ажилгүй залуус ч PC тоглоом тоглодог. Монгол Улсын ирээдүй, эх орны минь үнэт баялаг болсон хүүхэд багачууд, оюутан залуус буруу зам руу халтирч, РС тоглоомын газарт хонож эрүүл мэндээрээ хохирч, сэтгэцийн эмгэгтэй болсоор байх уу эсвэл энэ асуудалд одоо цэг тавих уу гэдэгт нийслэлийн Засаг дарга ийн хариулт өглөө. Түүний энэ шийдвэр болон PC тоглоомын үйл ажиллагааны талаар ямар бодолтой байдаг талаар зарим иргэний сэтгэгдлийг сонслоо.
Л.Цэрэндолгор: PC ТОГЛООМД ДОНТОХ ХҮҮХДИЙН ТОО ЖИЛ БҮР НЭМЭГДЭЖ БАЙНА
Цахим тоглоом, ухаалаг утас, компьютер зурагтын хэт их хэрэглээний хор уршиг, эрүүл мэндийн нөлөө болон донтох эмгэгийн талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эмч Л.ЦЭРЭНДОЛГОРТОЙ ярилцлаа.
-Хүүхдүүд компьютер тоглоомд донтож байгаатай тэмцэх үүднээс танай төв сурагчдад “Цахим тоглоомын хор нөлөө” сэдэвт сургалт зохион байгуулдаг. Энэ сургалтыг хүүхдүүд хэр сонирхож, хэрхэн хүлээж авдаг вэ?
-Манай төв цахим тоглоомын хэрэглээ, хор нөлөөний талаар ерөнхий боловсролын сургуулиудад очиж сургалт хийдэг. Энэ нь урьдчилан сэргийлэх зорилготой үйл ажиллагаа юм.Хүүхдүүд энэ сургалтыг их сонирхож, харилцан ярилцаж, идэвхтэй оролцдог. Ярилцах явцад цахим тоглоом тоглодог хүүхдүүд өөрт нь илэрсэн шинж тэмдгүүдээ чөлөөтэй хэлж, бас ойр дотныхоо хүмүүсийн талаар ярьдаг. Үүнээс харахад хүүхдүүдийн гэр бүл, эргэн тойронд нь цахим хэрэглээний замбараагүй байдал их байгааг харж болохоор байдаг. Хүүхдүүд өөрсдийгөө цахим тоглоом хэтрүүлэн тоглодог гэдгээ мэддэггүй. Үүнийг байдаг л зүйл, хүүхэд бүр л тоглодог энгийн тоглоом гэсэн ойлголттой байдаг нь ажиглагдсан.
-Танай төвд PC тоглоомд донтсоноос болж эмчлүүлж байгаа хүүхэд хэд байна вэ?
-Хүүхдүүдийн дунд цахим тоглоом хэтрүүлэн тоглох асуудал жилээс жилд нэмэгдэж байна. СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникт 2012 онд 30 хүүхэд, 2013 онд 31, 2014 онд 46, 2016 онд 68 хүүхэд цахим тоглоом хэтрүүлэн тоглосноос болж донтож, хэвтэн эмчлүүлсэн тоо баримт байна. Энэ өвчнөөр хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд сэтгэл засал болон эмийн эмчилгээг хавсран хийдэг. Эмчилгээг 10 хоног хийж, цаашид сэтгэл засал эмчилгээг багадаа 3-6 сар үргэлжлүүлэх шаардлагатай байдаг. Гэвч ар гэрийн хараа хяналт сул байдал болон хүүхдээ сэтгэл засалд үргэлжлүүлэн явуулаагүйгээс дахин тоглох, хэвтэн эмчлүүлэх явдал гардаг.
-Цахим тоглоомын хор нөлөө хүүхдүүдэд хэрхэн илэрдэг вэ?
-Хүүхдүүд эхлээд сонирхон тоглож байгаад яваандаа өөртөө хяналт тавьж чадахгүй болж олон цагаар, өдөржин шөнөжин тоглодог. Улмаар сэтгэцийн болон төрх үйлийн талаас дараах шинжүүд илэрч болно. Үүнд сэтгэл зүйн хувьд тогтворгүй болж амархан уурлаж бухимдах, цочромтгой болох, гуниглах, ганцаараа байхыг илүүд үзэх, сэтгэл түгших, эсвэл сэтгэл хөөрөн баясах гэх мэт шинж илрэхээс гадна тоглоомоо үгүйлэх хүсэх, тэр тухай байнга бодох, хайх, тоглохын тулд хичээлээ таслах, худлаа ярих, хулгай хийж ч магадгүй. Үүнээс гадна анхаарал төвлөрүүлэх чадвар суларч хичээл сурлагын амжилт муудах, амархан ядрах, нойргүйтэх шинжүүд илэрдэг. Бие махбодын талаас гар хуруу, толгой хүзүү, нуруу өвдөх, удаан сууснаас цусны эргэлт муудаж араг ясны болон булчингийн өсөлт хөгжил муудаж, үе тэнгийнхнээсээ намхан нуруутай, туранхай, хүч тамир багатай болдог бөгөөд дархлаа суларч аливаа өвчин эмгэгт өртөмтгий болох эрсдэлтэй. Дэлгэцийн өмнө удаан хугацаагаар суух нь нүд хуурайшиж улмаар хараа муудахад хүргэж байна.
-Нэгэнт PC тоглоомд донтсон хүүхдэд ямар арга хэмжээ авах вэ. Үүнд дан ганц эмч нар биш эцэг эхчүүдийн оролцоо өндөр байх болов уу?
-Цахим тоглоомд донтсон хүүхдэд дээр дурдсан сэтгэл засал болон эмийн эмчилгээг хийхээс гадна тухайн хүүхдийн эдгэрэлтэд гэр бүлийн оролцоо чухал байдаг. Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэдтэйгээ нээлттэй харилцаж тэднийхээ хүсэл сонирхлыг сонсох, дэмжих хэрэгтэй. Мөн хүүхэд гэртээ байх үед эцэг эх нь аливаа төрлийн дэлгэцийг хэрэглэх хэрэглээндээ анхаарч, хүүхдийн цахим тоглоом тоглох хүслийг төрүүлсэн зүйл үзүүлж харуулахгүй байх хэрэгтэй. Тухайлбал, эцэг эх өөрсдөө байнга утсаараа юм үзэж эсвэл тоглоом тоглох, зурагтаа байнга асаалттай байлгаж юм үзээд байвал хүүхэд тэр бүх үйлдлийг даган дуурайж, тоглох сэдэл нь дахин төрнө.
-PC тоглоомын газар арван жилийн сурагчдаас гадна насанд хүрсэн залуус их харагддаг. Ер нь насанд хүрсэн хүн бас донтох уу. Ийм тохиолдол байдаг уу?
-Аливаа төрлийн дон наснаас хамаарахгүй үүсч болно. Цахим тоглоомд донтсон гэх шалтгаанаар насанд хүрсэн хүн хэвтэн эмчлүүлэх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд манай төвийн Донтох эмгэг судлалын клиникт хэвтэн эмчлүүлдэг ч эмчилгээний зарчим нь ижил байдаг.Цахим тоглооомд донтох шалтгаан нь олон янз. Манай төвд хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн дийлэнх нь V-VIII ангийн хүүхдүүд байсан нь өсвөр насныхан гэсэн үг. Энэ насандаа хүүхдүүд бусдыг даган дуурайх хэв шинж давамгайлсан байдаг учир нэгнээ дагаж тоглож эхэлдэг. Мөн гэр бүлийн дотоод асуудалтай үед хүүхэд сэтгэлээ засч тайвшрахын тулд тоглодог явдал их байдаг. Үүнийг хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдтэй ярилцах явцад мэдэж авсан. Тухайлбал, тэдгээр хүүхдийн ард гэр бүл салалтаас үүдсэн эцэг эхийн хайр халамж муу, хараа хяналтгүй байдал, гэрийн хэн нэгний архидалт, хэрүүл маргаанаас үүдэлтэй хүчирхийлэл зэрэг олон асуудал нуугдаж байдаг.
-PC тоглоомд зөвхөн эрэгтэй хүүхдүүд донтдог уу. Эмэгтэй хүүхэд байдаг болов уу?
-Хэвтэн эмчлүүлэгсдийн 98-99 хувь нь эрэгтэй хүүхэд байсан. Эндээс охидын хувь бага байгаа нь харагдаж байна.
-Хүүхдээ PC тоглоомд донтсон эсэхийг мэдэх арга байдаг уу?
-Мэдэх боломжтой. Ажигч эцэг, эхчүүд хүүхдээ ажиглаад манай төвд авчирч үзүүлдэг. Хүүхэд нь өдөр бүр тоглож, тэр дундаа өдөрт 4-5 цагаас илүү хугацаагаар тоглох буюу дэлгэцийн өмнө сууж байвал хэтрүүлэн хэрэглэдэг, өдрийн ихэнх цагийг цахим тоглоом тоглон өнгөрөөж, тэр нь амьдралын чухал зүйлээс дээгүүрт тавигдаж байвал хамааралтай болсныг илтгэнэ. Мөн дээр дурдсан бие махбодын болон сэтгэц төрх үйлийн өөрчлөлтүүд илэрч буй эсэхийг ажиглан мэдэж болно. Дэлхий нийтэд ч цахим тоглоомд донтох явдал асуудал болж байгаа. Манай орны хувьд техник технологийн хөгжлөөр төдийлөн хоцроод байдаггүйтэй адил түүний хэрэглээ нь ч дэлхийн бусад оронтой ойролцоо. Түүнээс улбаалан донтох явдал их болсон. Гол нь манайх шиг цөөн хүн амтай орны хувьд энэ бол аюулын харанга дэлдсэн хэрэг болж байгаа юм.
-Манай улсын эмчилгээний арга барилын хувьд хэрхэн хөгжиж байна вэ. Эмчилгээний гол арга барил нь юу байдаг вэ?
-Энэ эмгэгийг эмчлэхэд манай улсад ч бусдаас ялгаагүй, сэтгэл засал эмчилгээний олон төрөл зүйлээс хувь хүнд нь тохируулан авч хэрэглэж байгаа. Манай төвийн хувьд бусад улсын дэвшилтэт сайн туршлагыг судлан эмчилгээндээ ашиглаж байна. Жишээлбэл, хамааралтай болсон хүүхдэд насанд нь тохирсон танин мэдэхүй-төрх үйлийн сэтгэл заслыг хийнэ. Хавсраад сэтгэц, бие махбодод илэрч буй шинж тэмдэгт нь тохируулан эмийн эмчилгээг хийдэг. Мөн гэр бүлийн сэтгэл засал эмчилгээг хөгжүүлэх нь чухал байна. Учир нь, энэхүү эмгэг нь дан ганц хүүхдийнх бус гэр бүлийн асуудал юм.
-Хүүхдийг өдөрт дунджаар хэдэн цаг компьютертой нөхөрлүүлж болох вэ. Ийм тогтсон цаг хугацаа байдаг юм болов уу?
-Компьютер бол хэрэглээ. Үүнийг хүүхэд тоглоход уу эсвэл хичээлдээ ашиглаж байна уу гэдэг нь чухал асуудал юм. Хичээл сурлагадаа ашиглаж байгаа бол дунд нь нүдээ амрааж, биеийн чилээгээ гаргах гэх мэтээр өөрийгөө хамгаалах аргад суралцах хэрэгтэй. Харин тоглох зорилгоор ашиглаж байгаа бол эцэг, эхчүүд тэр тал дээр анхаарч аль болох тоглуулахгүй байх, хүүхдээ өөр үр дүнтэй зүйлд сонирхолтой болгож, хоббиг нь дэмжиж байвал зөв зүйтэй болов уу
Байр суурь
А.Отгонхуяг: -PC тоглоомын газрыг хаах нь зүйтэй. Яагаад гэвэл, зарим газарт хүүхдүүдийг хонуулж тоглуулснаар маш их эрсдэл дагуулдаг. Хөндлөнгөөс харж байхад PC тоглодог хүүхэд муу сурах, найз нөхдөөсөө хөндийрөх, хараал хэлж, огцом уур уцаартай болдог юм билээ. Ер нь янз бүрийн гэмт хэрэг гарах орчин нөхцөлийг нь бүрдүүлдэг гэж боддог. Тийм учраас хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг, бага насны хүүхдийг хонуулдаг PC тоглоомын газрыг цэгцлэх нь зөв гэж бодож байна.
Д.Должинжав:- Хүүхдийн эрүүл мэнд, оюун ухаанд сөргөөр нөлөөлдөг учраас PC тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй. Хэрэв, зайлшгүй ажиллуулах шаардлагатай бол тогтсон дүрэм журамтай байх нь зүйтэй. Тухайлбал, бага насны буюу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад оройн цагаар үйлчлэхгүй, хонуулахгүй гэх мэтээр тодорхой дүрэм журам гаргаад түүнийг нь мөрдөхгүй байвал үйл ажиллагааг нь зогсоох байдлаар зохицуулалт хиймээр байна. Тэгэхгүй бол нөгөө талаасаа түүнийг ажиллуулж буй хүмүүс “ Биднийг орлогогүй, хоолны мөнгөгүй болголоо” гэж гомдол мэдүүлдэг. Хамгийн чухал нь хүний эрүүл мэнд шүү дээ. Тиймээс ямар ч үйл ажиллагаа эрхэлсэн тэр нь хүүхэд, залуусын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, тэдний эрх ашиг зөрчигдөж байвал үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй.
А.Сүгэр: -Хүүхдүүд PC тоглоом тоглодог, тоглодоггүйгээрээ найзалдаг. Тэгэхгүй бол сонирхол нийлдэггүй юм билээ. PC тоглоом тоглодог хүүхдүүд маш их хараал хэлж, нэлээд “задгай” болдог. Мөн тухайн орчныхоо чимээнээс давж их чангаар орилж ярьдаг. Хонож тоглосон хүүхдүүд зарим нь хичээлдээ ирдэггүй, ирсэн нэг нь хойно суугаад унтдаг. Ийм байдал удаан давтагдвал эрүүл мэнд болон сэтгэцэд нь тодорхой хэмжээний өөрчлөлт орох байх. PC тоглоомд донтоод эмчлүүлж байсан тохиолдол байдаг гэж сонссон.
С.ЮМСҮРЭН
unen.mn
xaan · 2018/04/25
ulaanbaatar hotin dargaa 1. huuhdiin talbai der barilaga bariha boliyoo 2. hot dotor jirin huuhed ywchih fitnes duguilan hana bna hamgin bagada sarin 50 myanga 3. haya neg oldson munguru nzudtaiga pc togolj tsagig ungrudug terig odo hahne 4. haya neg olddog mungu 400 500 1000 togrugur yu enuger yu hiiwel zgr we china chiher idsenes pc togolson der
zochin · 2018/04/25
barag diilenh pc togolj bga bol tedgeer huuhduudiig odo yag yah gej bnda arhi tamhi muu zuild dondoh ni ih boloh bhda ugni urlag soyol sportin talbai ni elbeg bas duguilan selz ni bolomjin unetei bolod irwel pc gedeg zuil adyanga bagsanashvde pc-nes ilvv gar utas gedeg zuil bhad zaluchudin dilenh ni utsa oroldoj odrig barj bhad negmuu pc tgej l ih gai bolod bgan bhda