Эх дагина Дондогдулам хатны тухай "Хүйлэн огторгуйн заадас" романаа өлгийдөн авсан зохиолч Б.Шүүдэрцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр уншигчдын дунд хүлээлт үүсгэсэн энэхүү романдаа “Үүлэн хээтэй орчлон” зохиолынхоо үйл явдлыг үргэлжлүүлэн бичсэн нь сонирхол татаж байлаа.

Будаг нь ханхалсан уг роман нь хоёр шугамтай. Тус эрдэнэ, тунгалаг чандмань ялгуусан дагина, Эрх цагаан дара, Эрдэнэ сэцэн ноён, Улсын эх дагина Дондогдулам нэгдүгээр биеэс амьдралаа хүүрнэдэг бол, зохиогчийн өгүүлэмж, тухайн үеийн Монголын түүх, Богд хааны намтар, “Үүлэн хээтэй орчлон”  романы баатруудын тухай өгүүлдэг хоёр шугамтай роман гэдгийг зохиогч онцолсон юм.

 

- "Хүйлэн огторгуйн заадас" роман бичиж  буй тухайгаа та уншигчдадаа эртнээс мэдэгдэж байсан. Энэ зохиолыг бичихдээ чамгүй судалгаа хийж, нэлээд их цаг хугацаа зарцуулав уу?

 

-Анх 2010 оны зун "Эх дагины өчил" роман бичнэ гэж шийдэж байлаа. Энэ нь Дондогдулам хатны төрсөн нутаг Хөвчийн жонон бэйсийн хошууны зүүн үзүүр, одоогийн Хэнтийн Баян-Адарга суманд Хатдын өргөөний шав тавих ёслолд оролцсон үеэр юм л даа. Дараа жил нь Хатдын өргөөний нээлтэд очихдоо нутгийнханд нь Эх дагины тухай роман бичнэ гээд амлачихлаа. Баян-Адарга бол Дондогдулам хатнаас гадна, Богд хааны сүүлчийн хатан Н.Гэнэнпилийн ч төрсөн нутаг юм. Тэр зунаа Богд Жибзундамба Эх дагина хоёрын анх танилцсзн газар Амарбаясгалантын хийд рүү явж романыхаа судалгааг хийж эхэллээ. Эхний зуугаад хуудсаа ч бичлээ. Гэтэл "Ану хатан" кино төсөл эхэлж, би завгүй болсон. Тэгээд хоёр гурван жилийн дараа эхний нооргоо үзвэл санаанд хүрээгүй болохоор устгачихсан. Энэ хооронд "Үүлэн хээтэй орчлон", "Хотол цагаан гүнж" романуудаа бичлээ. Ноднингоос Эх дагины тухай романы ажлаа сэргээж төрсөн нутагт нь дахиж очлоо. Эх дагины унаган нэр нь Дунгаамаа юм шүү дээ. Дондогдулам гэдэг нь сахилын нэр юм билээ. Нутгийнхны аман сурвалжийг сонсвол Эх дагины төрсөн нутаг нь Баян-Адарга боловч хожим дөрөв таван насанд нь тэднийх одоогийн Өмнөдэлгэр сумын нутаг, Чандманийн голд нүүж очиж, Дунгаамаа бхин тэнд өссөн байна. Ер нь Хөвчийн жонон бэйсийн хошуу, хожим Хөвчийн дайчин жонон вангийн гэх болсон энэ хошуу эзэн Чингисийн өлгий нутаг, одоогийн долоон сумын нутгийг хамарсан, Халхын хамгийн баян хошуу байжээ. Романд хэрэгтэй эх сурвалж цуглуулахад лам, түүхч, судлаач, нутгийн хүмүүс ч их тусалсан. Тухайлбал, шашны зөвлөх гэвш Д.Тайвансайхан, А.Эрдэнэбат лам, бурханч Д.Ухаанзаяа, түүхийн зөвлөх доктор Д.Энхцэцэг, Хатдын өргөөг санаачлагч М.Мөнхбат гээд нэрлэх хүн зөндөө.

 

-Дондогдулам хатны тухай Монголчууд тэр бүр мэддэггүй шүү дээ. Романаас бид юу олж мэдэх вэ?

 

-Социализмын 70 жилд Богд хаан, Улсын Эх дагина хоёрыг хамгийн хар муугаар үзүүлж, дүрсэлж иржээ. Жишээ нь, "Өглөө", "Тэмцэл" кинонд Ардын журамт цэрэг Хүрээнд орж ирэхийг Ногоон ордны өвлийн байшингийнхаа тагтнаас дурандаж суух Дондогдулам хатан "Сүх гэж яасан сайхан залуу вэ" хэмээдэг. Хааны дэргэд шүү дээ. Гэтэл Сүхбаатарт 1919 он буюу Олноо өргөгдсөний есдүгээр онд Өвөрлөгч боловч хошуудыг хятадаас чөлөөлөх тулаанд гавьяа байгуулсных нь төлөө Богд хааны зарлигаар баатар цол шагнасан байдаг. Сүхбаатар бол Богд, Эх дагина хоёрын шавь, Цагаан сараар очиж золгодог дотнын хүмүүсийнх нь нэг байж. Гэтэл Эх дагина Сүхбаатарыг анх харж байгаагаар барахгүй, хааны дэргэд сээтэгнэж байгаа мэт үзүүлсэн байдаг. Бас "Гарьд магнай" кинонд "Миний бөхийг унагаад байхдаа яадаг юм. Би энэ наадмыг үзэхгүй ээ" гээд босч явж байгаагаар Эх дагиныг үзүүлдэг. Мөн, түүхэн романуудад хошуу ноёныхоо аягачин хүүхэн нь байсан гэж бичдэг. Гэтэл Эх дагина монгол, төвд бичигтэй, сахил санваартай, уран хатгамалч, Олноо өргөгдсөн Монгол Улсын анхны сүлд дуулал "Зуун лангийн жороо луус" дууг зохиосон хүн. Эцэг Цэнд нь хөрөнгө чинээтэй, зайсан хүн байж. 1896 оны орчимд Хөвчийн жонон бэйс Цандигдорж нэг хатныхаа садангийн дүүг VIII Богдтой танилцуулахдаа хатныхаа шивэгчин гэсэн нэр дор дагуулж явснаас Дондогдулам хатныг аягачин байсан гэх ташаарал үүссэн бололтой. Хожим Дондогдулам хатны дүү Дэндэвдулам нь хошуу ноён Д.Цогбадрахын хатан болсон байдаг. Угсаа язгуургүй зарц барлаг айлын охидыг ингэж дээр өргөмжлөхгүй шүү дээ. Эх дагина бол улааны шашны зоч лам, эрдэм боловсролтой, ухаалаг, ааш ялдам, түмэн олондоо хүндлэгдсэн, хаант төрд арга билгийн ёсоор хатан эрдэнэ болсон сайхан эмэгтэй байж гэдгийг л "Хүйлэн огторгуйн заадас" романдаа үзүүлэхийг зорилоо. Бас гэлүгвагийн шашны тэргүүн, хутагт хүнтэй амьдралаа холбосон энэ эмэгтэйн ээдрээт заяа тавиланг ч харуулахыг зорьсон. Эх дагина Дондогдулам л гэж бид мэдэхээс Цэнд зайсангийн охин Дунгаамаа гэх энэ бүсгүй анх VIII Богдыг дагаж Хүрээнд ирээд сахил хүртэж, нууцаар ханилж байгаад тав, зургаан жилийн дараа 1902-1903 оны орчимд Цагаан дара эхийн бүрэлбаа гэж зарлуулан, хожим Үндэсний эрх челөөний хувьсгалаар Богд хаант Монгол улс байгуулагдсан 1911 оны цагаагчин гахай жил л Улсын Эх дагинад өргөмжлөгдсөн байдаг. Эх дагиныг таньж мэдэх бүх л хүний дурсамжид сайхан ааштай, өгөөмөр нинжин сэтгэлтэй хүн байсан гэдэг. Гэтэл, хуучин уран зохиол, урлагт ямар муухайгаар дүрслэгдэж үлдлээ дээ. Үүнийг залруулах цаг нь болжээ.

 

-XX зууны эхэн үеийн Монголын түүх тусгаар тогтнолын тэмцэл байсан. Та энэ тэмцлийг романдаа аль өнцгөөс харуулж, ямар тоглолт хийв?

 

-Тийм ээ. Монголын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл бол харуусалтай ч, бахархалтай ч түүх. Бас чин зоригт эх орончдын эмгэнэлт хувь тавилангийн түүх юм. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг Богд хаан, түүнтэй хамтдаа эрдэнийн сэнтийд өргөмжлөгдсөн Эх дагина хоёрыг тусгаар тогтнолын төлөөх ээдрээт тэмцлээс тусад нь дүрслэх боломж байхгүй. XX зууны Монголын түүхийн хамгийн том олон үйл явдалд энэ хоёр хүн оролцжээ. 1923 онд Эх дагина, 1924 онд Богд хаан насан эцэс болсноос хойш анхдугаар Үндсэн хууль баталж, хэлмэгдүүлэлт, нэгдэлжих хөдөлгөөн, 1990 оны ардчилсан хувьсгал гарч. Харин энэ хоёр хүн Олноо өргөгдсөн Монгол Улс, дараа нь Хиагтын гэрээгээр Монгол Улс өөртөө эзэрхэх эрхээ алдсан, Үндэсний эрх чөлөөний хувсгалын гол удирдагчид хорлогдож дууссан, 1919 онд Хүрээг гамин цэрэг эзэлж, Богдыг хорьсон, 1920 онд Барон Унгерн гаминг хөөсөн, 1921 онд Ардын журамт цэрэг Хүрээг эзэлсэн, Богдыг хэмжээт эрхт хаанд өргөмжилсөн зэрэг асар олон түүхэн үйл явдлын гол баатрууд юм. Би өмнө нь гурван роман бичсэн ч Эх дагины тухай бичих хамгийн хэцүү байсан. Энэ олон түүхэн үйл явдлыг уран сайханжуулж, гол баатраа эгэл нэгэн эмэгтэй хүн бас түүхэн хатных нь хувьд дүрслэх амаргүй байлаа. Тиймээс Эх дагины хүүрнэлийг нэгдүгээр шугам, 1896-1923 он хүртэлх бодит түүх, олон улсын байдал, Богд хааны амьдралыг зарим үед баримтат, зарим үед уран сайхны аргаар хоёрдугаар шугамаар бичсэн. Богд хаан бол Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч нарын нэг гэдгийг, харин Эх дагина өөрийн гэсэн бодолтой, төр шашныг холбогч, түүхэн эх сурвалжид үлдсэнээр Сан до амбаныг Богдод бараалхахад босч хүндлэл үзүүлэхээс татгалзсан, Барон Унгерн Богдыг гамингийн шоронгоос чөлөөлсний дараа ч таалалгүй хандаж байсан зэргийг оруулан дүрсэллээ. Монголчууд өнөөг хүртэл Оросыг ивээгч гэж бодсоор иржээ. Гэтэл Орос улс 1911 оны Олноо өргөгдсөн Монгол улс байгуулагдсанаас хэдхэн сарын дараа И.Я.Коростовец гэж төлөөлөгчөө илгээж Монголыг Хятадын сюзерен гэдгийг тулган хүлээлгэсэн. Энэ хүн Монголын анхны Ерөнхий сайдын албыг хашиж байсан Да лам Г.Цэрэнчимэдийн өргөн барьсан Монголын бүрэн тусгаар тогтнох эрмэлзлийг хадгалсан баримт бичгийг шүүрч аваад газар хаяж, дэвсэлж байсан. Коростовецийн тулган хүлээлгэсэн 1912 оны Орос-Монголын гэрээний дараа 1913 онд Орос-Хятадын Бээжингийн хэлэлцээрээр Монгол Улс тусгаар тогтнолоо бүрэн алдсан. 1914 онд Монголынхоо төлөө чин зоригтойгоор тэмцэгч Да лам Цэрэнчимэд, оросуудын хатгалгаар Засгийн газраас чөлөөлөгдөж, Ховдод учир битүүлгээр нас баржээ. Энэ бүгдийг би романдаа оруулж бичсэн.

 

Та Монголынхоо түүхийн аль цаг үед хамгийн их татагдаж романдаа тусгахыг зорьдог вэ?

 

-Монголчууд түүхээрээ "омогшдог" гэлцдэг. Нарийн судлахаар харин ч эмзэглэж, эмгэнэмээр. Юань гүрний үеийг би Хятадыг эзэгнэж хүчирхэг гүрэн байгуулж явсан үе гэж бахархдаг байв. Гэтэл "Хотол цагаан гүнж" роман бичихээр судлаад үзтэл алтан ургийнхны хоорондын алалдаан, ард олны зовлон гуниг, эцэст нь Эзэнт гүрний нийслэл Хархорин хэрээний баасанд даруулан хаягдаж, эзэлсэн нутаг ч үгуй, эгэл түмнээ Хятадын нутгийн гүнд хаяад эргэж ирсэн шүү дээ. Хубилай хаан Аригбөхөөс сэргийлж, эх Монгол нутагтаа хятад цэрэг оруулж, тариа хүртэл тарьж байсан. Хаад ноёдыг дагаж Хятадад очсон Монголчууд адуу малаа барж, аргаа барахдаа охид, хүүхдээ баян хятадуудад боол болгон худалдаж байсан гээд бод доо. Гэтэл, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ганц жилийн дотор үр дүнгээ алдсан. Дараа нь удирдагч ноёд нь цувран хорлогдож үхсээр, 1921 оны хувьсгалыг доод хурлын түшмэлүүд хийж, дараа нь бас л Оросуудад хядуулж дууссан нь дэндүү эмгэнэлтэй. Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу гэж дэндүү үнэн. Түүхийг яагаад унших зайлшгүй шаардлагатай, уран зохиолд дүрслэх ёстой вэ гэвэл ерөөсөө л сургамж юм. Гишгэсэн мөрөө эргэн харж байж урагшаа итгэл төгс алхана шүү дээ.

 

-Түүхэн сэдэвт роман бол уран зохиолын нэг сонирхолтой төрөл. Гэхдээ цаг хугацааны хязгаарт үлдсэн Хотулун гүнж, Ану хатан, Дондогдулам  хатан зэрэг эмэгтэйчүүдийн амьдрал, зөрчлийг өнөөгийн өнцгөөс эдүгээчлэлгүй хүүрнэх амаргүй л биз дээ ?

 

-Зарим нэг, өfрөө олигтой юм хийдэггүй хүн түүхийг "хуулдаг" гэж боддог юм шиг байна лээ. /инээв/ Тийм бэлэн түүх хаа байхав. Жишээ нь, Үндэсний эрх чөлөөний хувсгалын тухай бүрэн хэмжээний том судалгааны ном байна уу. Байхгүй шүү дээ. 1911 оноос өмнөх Монгол орны амьдралыг хэн судлав. Хэн ч алга. Дондогдулам хатны тухай ч бүрэн судалгаа огт байхгүй. Хэсэг бусаг, энд тэндээс нь өм цөм хийсэн судалгаа, Монголоор аялсан гадаадынхны тэмдэглэл гэх мэт эх сурвалж л байна. Ядаж үзэл суртлын үед хамаг байдаг баримт устаж, амьд гэрчүүд үгээ хэлэлгүй энэ ертөнцөөс явцгааж. Энэ бүхнийг холбож, өөрөө судалж, аман эх сурвалж цуглуулж, түмоохон түүхэн хатны тухай бүхэл бүтэн намтар цадиг бүтээнэ гэдэг дэндүү хэцүү, хүнд хөдөлмөр байлаа. Ингээд түүхэн сэдвийг нэг хэсэгтээ хаадаг юм бил үү гэж би бодож байна.

 

-Дараагийн романыхаа санааг олов уу?

 

-Яг одоо би "хоосорчихоод" байна. Дараагийн номын тухай бодох ч сөхөө алга. Түүнээс биш, надад зохиолын санаа өгдөг хүн олон байдаг. Романы ажилд зөвлөсөн нэг лам маш гоё зохиолын санаа хэлсэн. Реалист хэлбэрээр бичих боломжгүй сэдэв байна лээ. Алийг нь бичихээ шийдээгүй байна л даа. Харин, нэг жүжгийн санаа байна. "Хотол цагаан гүнж" кино төсөл ч үргэлжилнэ.

 

-Англи хэлт орнуудын уран зохиолын эмэгтэй төлөөллийг Жорж Сандаар л төсөөлдөг байлаа. Танайх Шарлотта Бронте хэмээх зохиолчийн "Жейн Эйр" романыг Монгол хэлнээ хожуу ч гэсэн хөрвүүлснийг уншигчид таатай хүлээж авсан. Цаашид өөр том зохиол гаргахуу?

 

 -Баярлалаа. Англи хэлтний уран зохиол эмэгтэй том зохиолчдоор баян. Эгч дүү гурван Бронтегээс бид Шарлотта Бронтегийн "Жейн Эйр" романыг хэвлүүлсэн. Энэ романы үргэлжлэл "Саркасогийн уудам тэнгис"-ийг энэ хавар эрхлэн гаргах гэж байна. Дараа нь Английн романы хатан хаан Жейн Остины романаас гаргах бодолтой. "Мон судар"компани бас Виржиниа Вульф, Элис Манро нарын зохиолыг гаргасан шүү дээ.

 

-Та"Дэлхийн алдартай эмэгтэй зохиолчид" номыг эрхлэн гаргасан. Сүүлийн жилүүдэд Ханья Янагихара, Патрициа Хайсмит, Хиллари Мэнтел нарын эмэгтэй зохиолчийн бүтээлийг залуучууд сонирхох боллоо. Ер нь та орчин үеийн эмэгтэй зохиолчдын бүтээлийг уншиж, бичлэгийн чиг хандлагыг ажиглаж байна уу?

 

-Ер нь их уншдаг. Эмэгтэй юмуу сүүлийн үеийн гэлтгүй, Оросын дунд буюу социализмын үеийн Лермонтов, Распутин, Василь Быков, Рыбаковын зохиолыг ч унших дуртай хэвээр. Сүүлийн үеийнхнийг ч уншдаг. Эми Тан, Банана Ёшимото, Элис Манро гээд олон эмэгтэй зохиолчийн бичлэг сонирхолтой санагддаг. Элис Манро зүгээр л уйтгартай ч юм шиг, тэгээд манайхны "шалдир булдир" гэмээр тосгоны охидын сэдвээр бичдэг ч уншигчдын сэтгэлийг соронздон татдаг нь гайхалтай. Барууныхан ид шид, орчин үеийг хольж, зэрэгцээ болон дижитал ертөнцийн тухай зөгнөлт, уран сэтгэмжин хэлбэрээр их бичиж байна. Умберто Эко, Элена Фрранте нарыг ч их сонирхож байна.

 

-Зарим уншигч номыг өөрийнхөөрөө шүүдэг талтай. Тухайлбал, эмэгтэй зохиолчийн бичсэн, эсвэл халаасны хэмжээтэй номыг муу гэсэн ангилалд хамааруулдаг. Таны байр суурь ямар байдаг вэ?

 

-Өнөөдөр Монголд ч, дэлхийд ч эмэгтэй зохиолчид ид хүчээ авч байна. Яг одоо Монголын үндэсний бестселлерт Ц.Оюунгэрэл, Бямбын Сарантуяа бид гурвын зохиол хамгийн дээгүүр байна. Эмэгтэй зохиолчийг нийгэм хэрхэн адалж байсны шалтгааныг Английн модернист зохиолч Виржиниа Вульф "Өөрийн гэсэн өрөө" эсседээ өнгөтөөр бичсэн байна лээ.

 

-Орчин үеийн романч эмэгтэйн нэг өдөр хэрхэн өнгөрч байна?

 

-Сонирхолтой асуулт байна. Яг роман бичиж байх үед бол ганцхан хариулт л хэлнэ. Гэрээс гаралгүй найм, есөн цаг яс сууж бичих үе ч бий. Заримдаа бүр хотоос зайдуу, нам гүм орчинд хэдэн хоногоор зохиолоо бичээд сууна. Зарим өдөр дэндүү оволзсон уулзалт, элдэв ажилтай, заримдаа гэрээсээ ч гарахгүй ажин түжин өнгөрнө.

 

-Та цахим ертөнцөд идэвхтэй байдаг. Уншигчдынхаа захидалд хариулдаг уу?

 

-Хариулна шүү. Өчигдөр л гэхэд нэг залуу охиндоо Галдан хааны нэг гүнжийн нэрийг өгөхөөр болсноо хэлээд утгыг нь асуусан. "Ану гэдэг нэрийн утга нь юу вэ" гэсэн асуулт хамгийн олон ирж байсан байх шүү. Ану гэдэг нь эхлэл, атом гэсэн утгатай үг гэдэг. Хүүхдэдээ нэр хайрлана уу гэсэн хүсэлт их ирнэ. Миний өгсөн Хотулун, Ану, Ахай гэх мэт нэртэй бяцхан охид энд тэндгүй гүйж яваа даа. 

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин