МҮЭХ-ноос төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчилэн тогтоохыг Засгийн газраас шаардаж, ирэх сарын 01-нд оронд даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах болжээ.

Энэ талаар өнөөдөр тус холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг нар мэдээлэл хийв.

Засгийн газрын 29 дүгээр тогтоолд  төрийн хоёр албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад зөвхөн нэгийнх нь орон тоон дээр ажилтан авахаар заажээ. Энэ нь цомхотголын нэг хэлбэр гэдгийг МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, “Төрийн үйлчилгээний албан хаагчдын хүрэлцээ хангалтгүй байгаа энэ үед Засгийн газар цомхотголын арга хэмжээ авч байгаа нь буруу. Мөн хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд шинэчилэн тогтоох ёстой. 2016 оны дөрөвдүгээр сард 240 мянган төгрөгөөр тогтоож байсан. Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байгаа 6000 орчим иргэн бий. Валютын ханш, шатахууны үнийн өсөлтөөс хамаарч өргөн хэрэглээний барааны үнэ эрс нэмэгдсэн тул эдгээр иргэд 240 мянган төгрөгөөр амжиргаагаа залгуулах ямар ч боломжгүй болсон. Тиймээс МҮЭХ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 400 мянган төгрөг болгох ёстой гэсэн байр суурьтай байна” гэлээ.

Мөн үеэр Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг, “Засгийн газраас ОУВС-тай цалин хөлс нэмэх чиглэлд тохиролцоонд хүрсэн

тухай мэдээлсэн. Нэгэнт тохиролцоонд хүрчихсэн юм чинь энэ ажлаа яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Зарим сургуулийн багш нар ирэх сарын 01-наас ажил хаялт зохион байгуулна гэсэн мэдээллийг бидэнд ирүүлсэн. Хэрэв Засгийн газар цалин хөлсийг яаралтай нэмэхгүй бол манай үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын ажил хаялтыг дэмжиж ажиллана” гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултадаа хариулт авлаа.

 

-Энэ удаагийн жагсаалд хэдэн иргэн оролцох төлөвтэй байна вэ?

 

-Энэ удаагийн жагсаалд зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд 10 мянган иргэн оролцоно гэсэн тооцоолол бий. Мөн орон нутгуудад болох жагсаалд ч олон иргэн оролцоно.

 

-УИХ-аар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байгаа. Энэ хуульд танайхаас ямар санал хүргүүлсэн бэ?

 

-Манайхаас Хөдөлмөрийн хуульд оруулах саналуудаа хүргүүлсэн. Харамсалтай нь УИХ-ын зарим гишүүд зөвхөн өөрийн компанийнхаа зүгээс асуудалд хандаад байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хүндрэлтэй байхад аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа дэмжих боломжгүй мэтээр ярьж байгаа. Мөн ажил олгогчдын эрхийг нэмэх заалтыг хуульд тусгах талаар ярих болсон.  Ажил олгогч, ажилтан хоёрын эрхийг тэнцвэржүүлэх гэж Хөдөлмөрийн хуулийг боловсруулдаг. Ажил олгогч нар ажилтнаа халах, сахилгын шийтгэл ногдуулах, үүрэг даалгавар өгөх зэрэг олон эрхтэй. Тиймээс УИХ-ын гишүүдийг өөрийн компанийнхаа өмнөөс дугарахгүй байхыг шаардаж байна. Хөдөлмөрийн хуулийг ажил олгогчийн талд батласан тохиолдолд МҮЭХ орон даяар ажил хаялт зарлах болно.

 

-МҮЭХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийг өөрчлөх тухай мэдээлэл тархах болсон. Энэ талаар?

 

-МҮЭХ-г хэт их эрх мэдэлтэй байна гэсэн шалтгаанаар энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын зарим гишүүд ярьж байгаа тухай мэдээлэл ирсэн. МҮЭХ бол иргэдийн эрх ашгийг хамгаалах хамгийн чухал байгууллага. Хэрэв МҮЭХ-ны эрхийг хасах юм бол нийт ажилтан, албан хаагчдын эрх ашиг, ирээдүйн баталгаа алдагдана. Тиймээс энэ хуулийг өөрчлөхийг бид эсэргүүцэх болно.

 

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Эх сурвалж: Монцамэ агентлаг