Гемодиализын эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилт өнгөрсөн 12 дугаар сараас хойш ороогүй бөгөөд үйл ажиллагаа явуулдаг 7 хувийн эмнэлэг диалезийн эмчилгээг зогсоохоо мэдэгдээд байна. Тэд ЭМЯ-нд бодит байдлаа танилцуулсан албан бичиг ч хүргүүлээд байгаа аж. Диалезид ордог өвчтөнүүд бол бөөрний гүн дутагдалд орсон, тэдний цусан дахь хордлогыг диалезийн аппаратаар шүүж амьд яваа гэж болно. Эдгээр хүмүүс нь долоо хоногт 4-6 хоног тус аппаратад ордог юм байна. Хэрэв тэд аппаратаа зогсоож ажиллахгүйд хүрвэл амь нас нь дээсэн дөрөөн дээр очих юм. Манай сурвалжлагч энэ мэдээллийн дагуу ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн мэргэжилтэн М.Оюунчимэгээс дараах мэдээллийг тодрууллаа.

“Бөөрний дутагдалтай иргэдийн гемодиализын эмчилгээг төр хувийн хэвшлийн түншлэлээр түүнд зарцуулах зардлыг 100 хувь төрөөс санхүүжүүлж, үйлчлүүлэгчдээс төлбөр авахгүй байхаар 2017 онд хууль тогтоомж гарсан. ЭМЯ 7 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулсан бөгөөд үйлчлүүлэгчдийн эмчилгээнд хамрах тусламж үйлчилгээний зардлыг өчигдөр Сангийн яаманд шилжүүлсэн. Эцсийн байдлаар санхүүжилт ирэх сарын 01-нд шийдэгдэнэ. Одоогийн байдлаар ямар ч эмнэлэг гемодиализ эмчилгээний тусламж, үйлчилгээгээ зогсоогоогүй, зогсоож болохгүй. Энэ бол хүний амь насны асуудал.

Тиймээс гемодиализын эмчилгээ хийлгэдэг иргэд санхүүгийн ямар нэгэн бэрхшээлгүйгээр тусламж үйлчилгээгээ авах боломжтой” гэсэн хариулт өглөө.

Дашрамд дурдахад, манай улсын хэмжээнд жилд нийтдээ 500-700 хүн гемодиализын эмчилгээнд ордог гэсэн тоон мэдээлэл бий. Одоогоор 16 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд 35 эрүүл мэндийн байгууллагын 161 аппаратаар нийт 571 иргэн гемодиализын тусламж, үйлчилгээ авч байна. 

 

Ж.Болор

Эх сурвалж: Монцамэ агентлаг