С.Ганбаяр: Монголбанкинд хандаж, зээлийн мэдээллээ засуулах боломжтой
2018/04/30
Өнгөрсөн cap Монголбанкнаас тодорхой шаардлага хангасан 41 мянга гаруй иргэний чанаргүй зээлийн түүхийг эерэг болгох нэг удаагийн арга хэмжээг авсан. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зээл, төлбөрөө бүрэн барагдуулж дууссан чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй, үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй 41085 иргэний зээлийн түүхийг эерэг болгосон юм. Энэ талаар Монголбанкны Хяналт, шалгалтын газрын хянан шалгагч С.Ганбаяраас тодрууллаа.
-Монголбанкнаас тодорхой шаардлага хангасан иргэдийн чанаргүй зээлийн түүхийг зээлийн мэдээллийн санд тусгуулахгүй байх арга хэмжээ авсан. Гэвч иргэд “шаардлага хангасан ч мэдээлэл нь арилаагүй байна” гэж гомдоллож байсан. Үүнд тайлбар өгөөч?
-Монгол Улс 2014, 2015, 2016 онд санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд байсан. Энэ үед иргэд санхүүгийн мэдлэг, мэдээлэл дутмаг, өөрсдийн санхүүгийн боломж, мөнгөн урсгалаа буруу тооцоолж, зээл авсан байдаг. Үүнээс болж иргэдийн зээл чанаргүй зээлийн ангилалд орсон асуудал гарсан байдаг. 2017 оноос эхлэн эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгааг харгалзан иргэдийн санхүүгийн үйлчилгээг эрх тэгш хүртэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар тодорхой шаардлага хангасан 41 мянга гаруй иргэний чанаргүй зээлийн түүхэнд өөрчлөлт оруулах нэг удаагийн шийдвэр гаргасан.
Иргэд банк, санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авсан л бол түүнийгээ зээл гэж ойлгох тал байна. Тийм учраас “Миний зээл шалгуурыг хангасан ч зээлийн мэдээллийн сангаас арилаагүй байна” гэх гомдол ирүүлж байгаа. Гэтэл банк, санхүүгийн байгууллага олон төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Зээлээс гадна баталгаа, батлан даалт, лизингийн үйлчилгээ гэх мэт. Тэгэхээр гомдол гаргаж байгаа иргэдийн хувьд өөрсдийгөө зээл авсан гэж үздэг. Яг гэрээг нь харахаар баталгаа, эсвэл батлан даалт, лизингийн үйлчилгээний гэрээ байгаа юм. Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар бол зөвхөн зээл гэсэн төрөлд орсон чанаргүй зээлүүдийг мэдээллийн санд тусгахгүй байх арга хэмжээ авсан.
Энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл зээлийн түүхэндээ нэг удаа зөрчил гаргасан, мөн бүрэн зээл нь төлөгдсөн иргэдийн чанаргүй зээлийг “хэвийн” ангилалд шилжүүлэх арга хэмжээ авсан гэсэн үг. Үүн дээр зээлийн хугацаа болон зээлийн дүн зэргийг авч үзээгүй.
-Иргэдийн цалингийн эсвэл бизнесийн төслийн томоохон зээл байсан ч дээрх шаардлагыг хангасан л бол тус арга хэмжээнд хамрагдана гэж ойлгож болох уу?
-Жишээ нь, бизнесийн 100 сая төгрөгийн, таван жилийн хугацаатай зээл байлаа гэж бодъё. Ингээд зээл төлөлтийн түүхэндээ нэг удаа алдаа гаргаад, эргэлзээтэй ангилалд ангилагдсан байлаа гэхэд энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш зээлийн лавлагаанд хэвийн ангилалтай зээл гэж харагдах юм.
-Иргэдээс ирж байгаа бас нэг гомдол байна. Тухайн иргэний зээлийн түүх шинэчлэгдсэн хэдий ч чанаргүй гэх ангиллаас зөвхөн нэг төвшин дээшилж, хугацаа хэтэрсэн гэх ангилал руу шилжсэн тохиолдол байна. Нэгэнт шаардлагыг хангаж байгаа бол зээлийн мэдээлэл нь хэвийн гэх ангилал руу шилжих ёстой биш үү?
-Муу, эргэлзээтэй, хэвийн бус ангилалд ангилагдсан зээлүүдийг “хэвийн” ангилалд шилжүүлэх арга хэмжээ авсан. Түүнээс биш муу ангилалд байж байгаад эргэлзээтэй, хугацаа хэтэрсэн гэх ангилал руу шилжин орох ёсгүй. Хэрвээ тийм байвал Монголбанкинд хандаад, зээлийн мэдээллийн сангийн мэдээллээ засуулах боломжтой.
-Иргэд ах, дүү, хамаатан садныхаа урт хугацааны ипотекийн зээлд хамтран зээлдэгчээр орчихдог. Гэтэл тухайн зээлд хамтран зээлдэгчээр орсон нь эргээд иргэний зээл авах боломжийг хязгаарлаж байгаа шүү дээ. Үүнийг зохицуулах арга байдаг уу?
-Иргэн хүн банктай гэрээ байгуулахад талууд ижил эрх, үүрэгтэй. Харилцан тохиролцоод гэрээг байгуулсан. Хамтран зээлдэгч байхыг тухайн хүн зөвшөөрөөд, гэрээ байгуулж байгаа. Тэгэхээр энэ бүгд гэрээний дагуу л хийгдэж байгаа асуудал. Тийм учраас иргэд хамтран зээлдэгчээр гэрээгээр хүлээсэн эрх зүйн харилцаанд орохдоо тухайн батлан дааж байгаа хүн нь төлбөрийн чадвартай юу, ямар нэгэн зөрчил гаргахгүй байх чадвар байна уу, би хамтран зээлдэгч болсноор тухайн хүний үүргийг бүрэн гүйцэтгэж чадах уу гэх зэргийг маш сайн ухамсарласны үндсэн дээр зээлийн гэрээ байгуулах ёстой.
Нэгэнт гэрээ байгуулчхаад, “Би хамтран зээлдэгч, би ямар нэгэн санхүүгийн хариуцлага хүлээхгүй, над Дээр чанаргүй зээлийн мэдээлэл гарч ирж байна” гэх байдлаар гомдол мэдүүлж байгаа бол энэ нь тухайн иргэн өөрийн санхүүгийн хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй байна л гэсэн үг.
-Гэхдээ хамтран зээлдэгчдийн тухайд төв банкинд хандаад ч юм уу, иймэрхүү асуудлаа нэг удаадаа шийдвэрлүүлэх боломжтой юу?
-Яг хамтран зээлдэгчийн хувьд тухайн батлан даасан хүн нь дээр дурдагдсан шалгуурыг хангасан тохиолдолд нэг удаа зээлийн муу түүхийг хэвийн ангилалд шилжүүлэх байдлаар засагдсан байгаа. Одоо ямар асуудал үүсэж байна вэ гэхээр “Би хамтран зээлдэгч байхад надад зээлийн мэдээллийн сангийн түүх гарч ирээд байна” гэж байгаа.
Өөрөөр хэлбэл, тухайн хамтран зээлдэгчийн батлан дааж байгаа хүний банкны өмнө хүлээсэн хариуцлагын хугацаа дуусаагүй байгаа учраас хамтран зээлдэгчийн мэдээлэл зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдаж байна. Энэ зайлшгүй байх ёстой л зүйл юм.
Үндэсний шуудан
Зочин · 2018/05/01
яаж хандах вэ
irgen · 2018/04/30
HERGGYI EEEE ZEEL AVCHAAD TOLDGUI GAINUUD OCHNOON BNA TED NARIIG ORSHOOJ YAAH GESIIIN HAR DANSANDAA YVJ BAIG BALIAR YMNUUD ALBATAI YM SHIG ZEEL AVCHAAD TOLDGUI.