ХЭҮК-ын ажлын хэсэг Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж байна
2018/04/30
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2018 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж, тус аймгуудын бичил уурхай бүхий сумдын иргэд болон бичил уурхай эрхлэгчдийн хүний эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна. Ажлын хэсэг томилолтын хугацаанд 2-3 томоохон ажлыг хийх юм. Тухайлбал, Улсын Онцгой байдлын газрын харъяа анги, салбаруудад ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалд хяналт шалгалт хийж, НҮБ-ын Хүний амын сангийн дэмжлэгтэйгээр "Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, жендэрт суурилсан хүчирхийлэл”-ийн асуудлаар судалгаа, мониторинг явуулж, сургалт зохион байгуулна. Мөн уул уурхайн бүс нутагт хүний эрхийн нөхцөл байдлын дүн шинжилгээ хийхээр төлөвлөөд байна.
Ингэхдээ дээрх аймгуудын зарим суманд үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхайн ажлын талбарын нөхцөл байдалтай танилцаж, сумын удирдлага, байгаль орчны улсын байцаагч болон бичил уурхайн асуудал хариуцсан ажилтан, бичил уурхайн нөхөрлөл, төрийн бус байгууллага, холбоодын төлөөлөлтэй ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийнэ. Бичил уурхайн үйл ажиллагаанаас тухайн орон нутгийн байгаль орчин, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хүрээнд тулгамдаж буй асуудал, бичил уурхайн үйл ажиллагааны нөлөөллийг үнэлнэ. Швейцарийн Хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай" төсөлтэй хамтран төрийн албан хаагчид, бичил уурхай эрхлэгчид, хувиараа ашигт малтмал олборлогч, иргэдэд "Бичил уурхай дахь зөрчил, маргаан, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх арга зам” сургалт явуулж, орон нутгийн удирдлагууд болон бичил уурхайн төлөөллийг оролцуулсан уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулна.