Цагдаад худал мэдүүлэх юм бол ял авдаг. Яг ийм хэрэг орон нутагт болсон байна.

Монгол Улсын иргэн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Нарлаг дэнжийн 5-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ө овгийн Ц-гийн Д гэгч цагдаад худал мэдүүлээд ял авчээ. Тодруулбал, Ц.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хохирогчоор тогтоогдон үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа үл таних хүнд дээрэмдүүлсэн гэж худал мэдүүлэг өгсөн байна.

Энэ талаараа тэрбээр: Эрдэнэмөнхөд би итгэсэн байсан. Эрдэнэмөнх энд таних хүн байхгүй машин угаалгын газар ажиллаж тэндээ байрладаг байсан. Тэгээд тэнд нь хувцас угаах боломжгүй гээд надаас ажил дээр чинь хувцасаа угаачихъя гээд гуйгаад би эхпээд болохгүй гэж хэлсэн ч ажил дээр ирээд гуйгаад байхаар нь найз байж үгүй гээд байх муухай юмуу даа гэж бодоод хаалгаа сайн түгжээрэй гэж хэлээд түлхүүрээ өгсөн. Гэтэл маргааш нь дэлгүүрийн бараанаас дутсан. Эрдэнэмөнхийг авчирч өгөх байх гэж бодоод харсан чинь авчирч өгөөгүй дэлгүүрийн бараа алга болсон байсан болохоор их айсан хулгай орсон гэж хэлбэл үнэмшилтэй санагдах байх гэж бодсон хууль сануулсаны дараа мэдүүлэг өгчихөөд буцаад 5 минутын дараа үнэнээ хэлсэн хэмээн тайлбарласан байна.

Ц.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хохирогчоор тогтоогдон үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа үл таних хүнд дээрэмдүүлсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Бат-Эрдэнэ, П.Гүррагчаа, С.Энхтүвшин, О.Урангэрэл нарын мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Дд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзсэн байна. Тодруулбал шүүхээс Шүүгдэгч Ө овгийн Ц-гийн Д-г мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-г худалдагч хийх эрхийг 6 сарын хугацаагаар хасч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Тиймээс иргэд цагдаа болон хуулийн байгууллагад худал мэдүүлэх юм бол ял авна. Нэгэнт ял авсан бол амьдралд болон намтарт тань хар толбо суух болно. Тиймээс цагдаа, шүүх, хуулийн байгууллагын ажилд хүндэтгэлтэй хандаж худал мэдүүлэхгүй байхыг анхааруулж байна.