Ё.Отгонбаяр: Монголын нэг ч компани АНУ-ын ажил олгогчидтой гэрээ хийгээгүй
2018/05/08
Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр Монголын нэг ч компани АНУ-ын ажил олгогч компанитай гэрээ хийгээгүй гэдгийг мэдэгдлээ. Монголын компани АНУ-ын ажил олгогч компанитай гэрээ хийгээгүй учир төрийн аль нэг байгууллага эсвэл Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ ямар нэг бүртгэл хийхгүй аж.
Энэ талаар Элчин сайд Ё.Отгонбаяр “АНУ-д очсоноосоо хойш энэ асуудлаар хоёр ч удаа видео хурал хийж, үүсээд буй нөхцөл байдал, бэлтгэл ажлын талаар ярилцсан.
Гэхдээ нэг зүйлийг анхааруулж хэлэхэд одоогийн байдлаар Монголын нэг ч компани АНУ-ын ажил олгогч компанитай гэрээ хийгээгүй. Дуулианаар нь бүртгэл явуулах, мөнгө төгрөг татах зэрэг хууль бус үйлдэл гарахаас болгоомжлох хэрэгтэй. Аль нэг компани бүртгэж авбал танд олгох I-797 зөвшөөрөл онлайнаар гарч ирж байгаа эсэхийг шалгах боломжтой. Гэхдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх тун амаргүй байна. Хажууханд нь Мексикээс 100-хан ам.доллараар ажиллах хүч оруулж ирж байхад Монголоос яагаад 2000 ам.доллар зарцуулж авч ирэх вэ гэдэг асуудал гарч байна. Гэсэн ч бид Америкийн ажил олгогчидтой зөвлөлдөн, боломж бололцоог хайн ажиллаж байна” гэв.