Б.Жаргалсайхан: Манай намынхан даргыг нь өмөөрч байсныг АН-ынхан мартчихаж
2014/01/19
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайханыг “Ярилцах танхим”-даа урилаа.
-УИХ-аар хэлэлцэж буй Улс төрийн намуудын тухай хуульд парламентад суудалгүй намуудыг татан буулгах тухай заалт оруулахаар ярьж байгаа гэж мэдээлсэн. Та энэ асуудлаар ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Парламентад суудалгүй намуудыг одоо парламентад сууж байгаа гишүүд байгуулаагүй.
Хэдэн хүн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдээд байгуулсан юм. Ийм байхад тэд юу яриад байгаа юм бэ. Д.Эрдэнэбат гэж дүрдээ итгэчихсэн нөхөр байна. Дандаа том том ярина. Дандаа хүн загнаж байгаа харагддаг юм билээ. Тэр хэн юм бэ. Би Ардчилсан намд түүнийг байхыг хараагүй. Тэр Монголын ардчиллын хувь заяаг шийдэх үү. Тэгээд ч Д.Эрдэнэбатаар Монголын ардчиллын хувь заяаг шийдүүлэхгүй. Ард түмэн ардчиллыг сонгосон юм. Монгол Улс ардчиллын замыг сонгоод 23 жил болж байна. Ардчиллыг нэг удаа нухчин дарах гэж оролдсон. Долоодугаар сарын 1 гэх зохиомол үймээнийг Ардын намын хэсэг бүлэг нөхөр 2008 онд санаатайгаар зохион байгуулсан. Тэд иргэдийг нухчин дарахыг оролдсон. Иргэд тайван жагсаал хийж, үзэл бодлоо илэрхийлж байхад зориуд үймээн болгон хувиргаад дөрвөн хүний амь насанд халдсан. Харин одоо Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гэж нөхөр ардчиллыг нухчин дарна гэж байгаа бол бид тэр хүнд тийм боломж өгөхгүй. Тэр Ардчиллыг бий болгосон юм уу. Анх Ардчилсан нам, холбоог байгуулж байхад би Д.Эрдэнэбат гэдэг хүний сургийг нь ч мэддэггүй байсан. Сүүлд Ардчилсан намд орсон гэсэн. Ардчиллын үнэ цэнийг мэдэхгүй хүмүүс ингэж амныхаа зоргоор чалчдаг юм билээ. Тийм учраас танай сониноор дамжуулан Д.Эрдэнэбат гэж нөхөрт “Ардчилал гэдэг зүйлд хэрээ мэдэж, болгоомжтой хандаарай” гэж хэлье.
-Д.Эрдэнэбат даргын хувьд С.Баярцогт гишүүний ахалж байгаа ажлын хэсэг хуулийн төсөлд ийм заалт оруулах санал гаргасныг дамжуулсан шүү дээ?
-Ямар ч нөхцөлд ийм саналыг дамжуулах ч шаардлага байхгүй. Ардчиллын эсрэг үг, үсгийг Ардчилсан намын бүлгийн дарга хүн тэр тусмаа ярих ёсгүй. Тийм ёс суртахуунтай байх ёстой. Ардчиллын нэрийг барьсан УИХ-ын гишүүн С.Баярцогт өч төчнөөн авлига авч Швейцарийн банкинд хадгалуулдаг юм билээ. Тэрийгээ эхлээд шалгуулсан нь дээр байх. Бусад нь Ганц худагт суугаад шалгуулж болдог. С.Баярцогт болохоор яагаад болдоггүй юм. Энэ бүхнийг ардчилал гэж хэлэхэд хэцүү. Одоо парламентын гаднах намуудыг татан буулгах гэж байгаа бол сайхан мэдээрэй. Ардчиллын эсрэг гүйгээд байвал шийтгэдэг тогтолцоо бас байдаг юм шүү.
-Та Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан намаас нэр дэвшигчийг дэмжсэн. Таныг тухайн үед ашиглачихаад одоо намыг нь татан буулгах талаар ярьж байгаа нь хэр зөв юм бол. Ардчилсан намынхны хувьд сонгууль болохоор гэнэт гарч ирдэг, даргаасаа өөр гишүүнгүй намууд гэж онцолж байгаа. Гэхдээ тэр даргынх нь саналыг ямар ч байсан авсан л байна шүү дээ?
-Өнгөрсөн сонгуулиудыг эргээд хараарай. Парламентад суудалгүй жижиг намууд ямар ямар хүмүүсийг нэр дэвшүүлж байсан бэ. Манай намын хувьд сонгууль болгоноор нийт тойргийн 70-80 хувьд нь хүмүүсээ нэр дэвшүүлдэг. Тийм учраас ганц хүний нам гэж тодорхойлж болохгүй. Сүүлийн 23 жилийн хугацаанд төр барьж ирсэн хэсэг бүлэг этгээд насаараа улс төрд ноёлоно гэж боддог. Тийм ч учраас бусад улс төрийн хүчин, улстөрчдийн нэр хүндэд халдаж, дайрч доромжилж, ноёлохыг санаархдаг юм. Гэхдээ энэ санаа нь бүтэхгүй. Ашигласан, ашиглаагүй гэдэг асуудал манай намын хувьд бол байхгүй. Бид нийгэм, улс төрийн амьдралд эрүүл саруул ухаанаар ханддаг. Сонгууль бол улс орноо яаж хөгжүүлэх вэ гэдэг өрсөлдөөн байх ёстой. Бид тэр зорилгын хүрээнд өөрсдийн үзэл бодол, мөрийн хөтөлбөр, зорилго, зорилтоо тодорхойлоод ард түмэнд дэвшүүлдэг. Тэр дэвшүүлсэн зүйлүүдээс төр барьж байгаа намууд маш их зүйлийг хуулбарлан дуурайдаг. Харамсалтай нь сохроор шүү.
-Жишээ нь юуг хуулбарлав?
-Цалин нэмэх асуудлыг анх хэн тавьсан юм бэ. Бүгд найрамдах нам тавьсан. Бид УИХ-д ганцхан суудал авсан тэр үедээ төрийн албан хаагчдын цалинг 300 ам.доллар болгож өгсөн. Энэ талаар ярьж байхад өөрсдийгөө том гээд байгаа наманцарууд элдвээр доромжилж шүүмжилж байсан. “Энэ хэзээ ч бүтэхгүй. Цалин нэмж болохгүй” гэж байсан. Ямар ч байсан бид болгоод нэмчихсэн. Тэрийг БНН хийсэн. Дээр нь тэд газрын баялаг, ашигт малтмалаа хувааж аваад, хямдхан үнээр гадныханд худалдаж идээд сууж байсан. Тэрийг нь ч бид зохицуулсан. Нийт 9500 лиценз тараагаад өгчихсөн байхад нь 2500 болтол бууруулсан. Зах зээлийн аргаар цэгцэлж янзалсан. Дараа нь кадастрын алба улсын төсөвт дөнгөж есхөн миллиард төгрөг төвлөрүүлдэг байсныг өөрчилсөн. Одоо жилд 100 миллиард төгрөг улсын төсөвт ордог болж. “Бороо гоулд” улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй байсан. Харин бид гэрээ хэлэлцээрийг нь цуцалж улсын төсөвт 150 сая ам.доллар авч өгсөн шүү дээ. Нэг суудал ямар үнэ цэнтэй байна вэ гэдэг энэ бүхнээс харагдаж байгаа биз. Манай намын ганцхан суудал өөрсдийгөө мундаг гээд байгаа намуудын бүх хүнтэй тэнцдэг. Чанарын ялгаа бий. Тийм учраас татан буулгана гэж ярихгүй ээ. Дээр нь Ашигт малтмалын тухай хууль байна. Хэн дуртай нь Монголын ашигт малтмалд эзэн суугаад, ухаад авдаг тийм л хуультай байсан. Түүнийг нь БНН УИХ-д суудалтай байхдаа өөрчлөн батлуулсан. Тэгж байж Монгол Улс өөрийнхөө өмчид эзэн суух боломжоо бүрдүүлж авсан. Өнөөдөр тэр хуулийг янз бүрээр шүүмжилж өөрчлөхийг оролдоод чадахгүй сууж байна. Чадах ч үгүй гэж бодож байгаа. Одоо байгаа хуулиас илүү сайн хувилбар бодож гаргаж чадахгүй. Өнөөдөр төр барьж байгаа намууд өөрсдийгөө мундаг гэж бодоод байна. Тэд ирэх сонгуульд өөрсдийгөө ялна гэж бодож байж магадгүй. Гэхдээ тэднээс нэг нь ч гарч чадахгүй байж болно. Өнөөдөр төрд байгаа ч маргааш гудамжны намуудын тоонд орж магадгүй. Нэг асуудал байгаа нь сонгууль. Манай сонгууль дандаа худрагагүй явагддаг. Сонгуулийн дүнг нийтэд худлаа заралдаг. Ардын нам үүндээ их гарамгай байсан. Дараа нь Ардчилсан нам арай өөр хулхины арга олж олонхи болоод Ардын намыг дарж авсан. Одоо Ардчилсан намын үед сонгуулийг хэрхэн шударга явуулах вэ гэсэн нэг асуудал байна. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүнг хэн нэгэнд ашигтайгаар засчихаад олон нийтэд зарладаг. Танилцуулсан дүнг нь бариад сонгуулийн хороод дээр очоод саналын хуудсаа дахиад тоолъё, шалгая гэхээр хүлээж авдаггүй. Саналын хуудсаа нуучихдаг. Асуудал үүнд л байна.
-УИХ-д суудалтай байхдаа олон зүйлийг амжуулсан гэлээ. Харин одоо танай нам улс төрд, улсын хөгжилд хэрхэн оролцож байгаа юм бэ?
-УИХ-д сууж, чихэртэй цай их хэмжээгээр гүзээлснээрээ улс төрийн амьдралд оролцоод байдаг юм биш. Манай нам нийгмийн амьдралд идэвхитэй оролцдог. Засаг төрийн үйл хэргийн зөвийг нь магтаж, бурууг нь шүүмжилдэг. Энэ бол улс төрийн хариуцлага, улс төрийн ажил. Долоодугаар сарын 1-нд маш олон залууг тэр чигээр нь тууж аваачаад шоронд хорьсон. Дөрвөн залуугийн аминд хүрсэн. Тэр үед ганцхан нам үгээ хэлж, дуугарч байсан. Тэр бол БНН. Бусад нь огт дуугараагүй шүү. Тэр бүхнийг мартчихаж цаадуул чинь. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдоржид тухайн үед Нийслэлийн прокурор дээр хавтаст хэрэг нээх гэж байсан. Түүнийг шоронд хийх гээд бэлтгэж явсан. Ч.Амарболд генерал УИХ-аас энэ асуудлаар зөвшөөрөл авах гээд явж байсан. Тэгэхэд мөн л ганцхан нам өмөөрч байсан. Тэр нь БНН байсан. Бид л Ардчилсан намын даргыг өмөөрч байсан. Энэ бүхнийг одоо мартчихаж. Ийм зүйлсийг мартамхай баавгай шиг хүмүүст сануулж байх хэрэгтэй. Ардчилал та нарт маш их юм өгсөн шүү, улстөрчид өө. Та нарт хязгааргүй их эрх чөлөөг олгосон. Үүнийг боомилох гэж бодож байгаа бол бүтэхгүй.
-Та Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдоржийг, Ардчилсан намыг дэмжсэн сонголтдоо одоо ч гэсэн итгэлтэй байна уу?
-Би нэг их харамсдаггүй. Ерөнхийлөгчийн сонгуулиас гадна ямар үзэл бодлыг, ямар намыг сонгох вэ гэсэн асуудал байгаа. Би ардчилсан үзэл баримтлалыг дэмжиж Ардчилсан намыг дэмжсэн хэрэг.
-Тэр ардчилсан үзэлтэй нам чинь намуудыг татан буулгах гээд байхад ч гэсэн үү?
-Намуудыг татан буулгаж чадахгүй. Биднийг УИХ байгуулаагүй. Энэ бол иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаагийн нэг илэрхийлэл. Үндсэн хуулиа эргүүлээд нэг уншина биз дээ.
-Энэ асуудалтай холбоотойгоор зарим хүн “Намууд аль нэг компани, бүлэглэлийн нөлөөнд орчихоод тэдний талд үйлчилж байна. Тэдний төлөө хууль батлахын тулд хэлдэг, шүүмжилдэг хүмүүсийг байхгүй болгох бодлого баримталж байгаа” гэх хүн байна. Үүнийг та хүлээн зөвшөөрөх үү?
-Тийм тал бий. Манай улстөрчид шүүмжлэл хүлээж авахдаа дургүй. Уг нь ухаантай хүн байсан бол өөрийг нь их шүүмжилж байвал “Би их ажил хийж байгаа юм байна” гэж ойлгох ёстой байсан. Ажил хийдэггүй хүмүүст шүүмжлэх зүйл байдаггүй юм.
-Намуудыг татан буулгая гэсэн тэр санаачилгын эсрэг та юу хийх вэ?
-Энэ нийгмийг нам, үзэл суртлаас ангижруулмаар байна. Орон нутаг, хот суурин газруудад нэг гэр бүлийн гишүүд хэд хэдэн намд хуваагдаад орчихсон байдаг. Тэгээд хоорондоо хэрэлдэж маргалдаад сууж байх жишээтэй. Зарим орон нутаг удирдлагаа сонгож чадахгүй байна. Энэ нь үзэл сурталд дэндүү автсаны гай. МАХН-ыг дуурайгаад Ардчилсан нам бас гишүүнчлэх гэдэг ажилтай болсон. Тэгээд согтуу, сохор доголон ч байсан манай намынх гээд сонгодог. Ардчилсан орнуудад ийм асуудал огт байдаггүй. Намын дэмжигчид л гэж байдаг. Харин намын төв аппарат нь гишүүнчлэлтэй. Тийм учраас намуудыг гишүүнчлэлгүй болгох хэрэгтэй. Төв аппаратын ажилтан л намын гишүүн байж болно. Ингэж байж нийгмийг улс төрийн үзэл суртал гэдэг айхтар юмнаас салгана. Төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулалт явуулж томилдог байх ёстой. Тэргүүний сэхээтнүүдээр төр улсаа удирдуулдаг боломжийг нээж өгмөөр байна. Улс төрийн үзэл бодол, намын харьяаллаас ангижруулж ажил хийх боломжоор нь хангаж өгмөөр байна. Зөвхөн олонхи биш олон суудал авсан намын дарга Ерөнхий сайд болдог, УИХ-ын даргаа томилдог байх хэрэгтэй. Бусад төрийн албан хаагч, сайд нар, төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулалтаар сонгодог байх хэрэгтэй байна.
-Одоогийн Засгийн газарт, УИХ-д та ямар дүн тавих вэ. Танд, таны бизнест ямар үр өгөөж өгсөн бэ гээд бодоод үзвэл шүү дээ?
-Яах вэ, урьд өмнө нь хэзээ ч байгаагүй нэг зүйл бий. Нөгөө л УИХ-д ганцхан суудалтай байсан БНН сүүлийн 20 жилийн турш аж үйлдвэржүүлэх бодлого хэрэгжүүлэх талаар ярьж ирсэн. Бид улсаа хөгжүүлэхийн тулд аж үйлдвэржүүлэх хэрэгтэй, хүмүүсээ ажил хийдэг болгоё, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргая, экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй, үйлдвэрүүдийн тоог нэмэх хэрэгтэй, тэгж чадвал бид валютын нөөцтэй, ам.доллар, төгрөгийн ханш нь тогтвортой болно гэж ярьдаг байсан.
Тэрний дагуу Засгийн газар сүүлийн хоёр жил үйлдвэржүүлэх асуудлыг ярьж байгаа. Үүнийг нь зөв гэж хардаг. Чухам ямар аргаар үйлдвэржүүлэх вэ гэдэг асуудал нь энэ хүмүүст дутагдалтай байх шиг. Ер нь энэ намуудын мөрийн хөтөлбөр, зорилгод улс орныг хөгжүүлэх хөтөлбөр огт алга. Дандаа хоосон амлалт өгч, цээжээ дэлддэг. Үүнийхээ гайг ч одоо үүрч байгаа.
-Тухайлбал, ноос ноолуурын урамшуулал танд ашгаа өгөөгүй юу?
-Урамшуулал гэдэг асуудал байх ёсгүй. Ноосны урамшуулал бол их буруу зүйл. Аливаа нэгэн зүйлийг урамшуулна гэдэг нь юу гэсэн үг вэ. Зах зээлийнхээ зарчмаар амьдрах хэрэгтэй. Энэ асуудал бүгдэд нь хамаатай. Нэг хэсэг нь урамшуулал авдаг. Нөгөөх нь хоосон үлддэг нь шударга биш. Тухайн салбарыг өөд нь татахын тулд улсаас бага хүүтэй зээл өгч байгаа нь зөв. Харин урамшуулал өгдөг нь буруу. Бид ямар коммунизм байгуулж байгаа биш дээ. Урамшуулал өгөөд байвал юм үнэ цэнгүй л болно гэсэн үг.
-УИХ-ын чуулганаар гишүүдийн “давхар дээлийг тайлах” гэдэг тодотголтой хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Бүгд үүнийг дэмжиж байгаа. Таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Африк л манайх шиг ийм зарчмаар явж ирсэн. Бусад ардчилсан оронд УИХ-ын гишүүн нь парламентынхаа ажлыг л хийдэг. Давхар албан тушаал хашдаггүй. Манайд харин төр барьж байгаа намууд нь өөрсдөдөө тааруулж хуулиа өөрчилж засдаг тоглоом газар авчихсан. Тэрнээсээ салж чаддаггүй. Тийм учраас олонхийн суудал авсан намын дарга л Засгийн газрынхаа эрхийг аваад яваг. Ингээд УИХ-ын гишүүн биш хүмүүсийг сонгон шалгаруулалтад оруулж Засгийн газарт оруулдаг болмоор байна. Гишүүд нь харин хуулиа баталдаг, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг ажлаа хиймээр байна. Давхар албан тушаал хашдаг энэ асуудал тухайн үеийн МАХН, Н.Энхбаярын үеэс үүдэлтэй. Хуульд өөрчлөлт оруулаад давхар алба хашиж болдог болсон. Харин одоо Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний ажлыг давхар хашдаггүй болгох асуудлыг 2016 оноос эхэлж мөрдөх хэрэгтэй. Хатуу хуультай болчихвол тоглоомын дүрэм ойлгомжтой болно.
-Ардын намынхан нэгэнт л буруу гэж үзэж байгаа бол хууль баталсан өдрөөс нь хэрэгжүүлье гээд байгаа?
-Ардын намд албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй болчихсон хүмүүс байдаг юм. Албан тушаалаар амьдраад сурчихсан. Тэдэнд хандаж “Битгий дэмий юм ярьж, галзуурцгаа” гэж хэлье. Төрийг хутган үймүүлж болохгүй. Тэртээ тэргүй улс орон, засаг төр нь хүнд нөхцөлд байна. Нэмж хутган үймүүлэх гэж оролддогоо больж үз. Хуулиа 2016 онд хэрэгжүүлж эхлэх зарчмаар батлах хэрэгтэй. Нэг юм хийхээр нөгөөг нь сүйтгэх талаараа байнга ярьдаг болж.
-Учир нь юундаа байна вэ?
-Ардын намынхан сөрөг хүчин байж үзээгүй. Дандаа дарга байсан. Одоо сөрөг хүчин болчихоод юу хийхээ мэдэхээ байчихаж. Сөрөг хүчин Засгийн газраас юу нэхэх ёстой юм бэ. Мөнгийг яаж хуваарилж байна вэ. Монгол Улс хэчнээн хэмжээний хөрөнгө, өр зээлтэй байгаа бол. Өртэй хэрнээ ийм их тендер зарлах хэрэг байгаа юу. Өрөө яаж төлөх юм бэ. Яагаад архины онцгой татварыг нэмэхгүй байгаа вэ гэх мэтээр хүнд хэрэгтэй асуудлуудыг тавь л даа. Эрүүл мэндийн яаманд Засгийн газар яагаад ганцхан шаардлага тавьчихаж болдоггүй юм бэ. Ерөөсөө хууль оруулж ирье. Жил бүр бүх нийтээрээ эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байя. Малаа болохоор эмчилнэ хамгаална гэж ярьдаг. Харин хүнээ хаячихсан. Үндсэн хуульдаа хүртэл мал төрийн хамгаалалтад байна гээд заачихсан. Хүнийх нь асуудал огт байхгүй. Тийм учраас хүнээ эмчлэх асуудал чухал байна. Өвчлөл газар авчихсан байна. Ялангуяа халдварт өвчин. Би бүх насаараа гудамжинд сөрөг хүчин байж ирсэн. Нэг удаа УИХ-д орж үзсэн. Тэр нь ч хангалттай. Ардын намыханд туршлага дутаад байгаа бол надаар заалга. Нам дээрээ том хадаг бариад угтвал би заагаад өгье. Сөрөг хүчин яаж ажиллах ёстой, юу ярих ёстой, юу нэхэмжлэх ёстой гэдгийг хэлээд өгч болно. Нөхөр Н.Алтанхуягаа танай нам яагаад иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарахгүй байгаа юм бэ. Иргэд ядуу учраас биеэ үзүүлж чадахгүй байна. Жил бүр иргэдээ эрүүл мэндийн үзлэгт үнэгүй хамрагдуулж болдоггүй юм уу. Ингэж хэлэх хэрэгтэй. Хүн үзлэгт ороод өвчтэй гэдгээ мэдчихвэл эмчлүүлж болох уу, болно. Ямар өвчтэй гэдгээ мэдэхгүй хүмүүс биеэ эмчлүүлж чадах уу, чадахгүй шүү дээ. Сөрөг хүчин ажлаа эндээс л эхэл. Дээр нь яагаад татвар төлөхгүй байгаа юм бэ гэдэг асуудал байна. Нэг хэсэг нь татвар төлөөд, нөгөө хэсэг нь төлдөггүй. Энэ шударга биш. Нийтээрээ татвар төлдөг болъё л доо. Эсвэл бүгд төлөхөө болих хэрэгтэй. Энэ мэтээр хүнд хэрэгтэй юм яримаар байна. Гэтэл албан тушаалын дон тусаад нэг хууль ярихаар маргааш нь Засгийн газрыг огцруулъя гээд зүтгэчихдэг. Ийм байж болохгүй.
-Ярилцсанд баярлалаа.
Т.УРАНГЭРЭЛ
Зочин · 2014/01/22
Жагаа Чингэс бондоос хэдэн төгрөг аваад АН-г магтах болж дээ. Уг нь Энхбаярыг хамгаалаад сүйд байгаагүй бил үү сонин юм даа.
Зочин · 2014/01/20
unen sh dee Jagaa ahiig demjine shuu
Зочин · 2014/01/20
Жагаа ч үнэн л юм ярьсан байна. Тэгээд ч үндсэн хуулиар эвлэлдэн нэгдэх эрхийг нь нээгээд өгчихсөн шүү дээ. Заавал өөрчлөлт оруулах гээд байгаа юм бол 800 хүний гарын үсэг цуглуулах босгыг нь өндөрсгөж өгч болох юм
Зочин · 2014/01/20
Жагаа ч үнэн л юм ярьсан байна. Тэгээд ч үндсэн хуулиар эвлэлдэн нэгдэх эрхийг нь нээгээд өгчихсөн шүү дээ. Заавал өөрчлөлт оруулах гээд байгаа юм бол 800 хүний гарын үсэг цуглуулах босгыг нь өндөрсгөж өгч болох юм