Автобусны жолооч нь шалгагч кондуктортоо гар хүрчээ
2018/05/09
Өмнө нь олон нийтийн сүлжээгээр өсвөр насны хүүхэд нийтийн тээвэрт мөнгө төлөхгүй хэмээн шалгагч кондукторыг зодож зугтаасан хэрэг гарсан билээ.
Хэргийг үйлдсэн этгээд одоо хүртэл олдоогүй байгаа аж. Харин хамт явсан жолоочийг автобусныхаа хөдөлгөөнийг зогсоож, шаардлагатай арга хэмжээ аваагүй гэж буруутган зөрчлийн тухай хуулиар 15 мянган төгрөгийн шийтгэл оногдуулаад л өнгөрчээ
Тэгвэл автобус дахь зодооны өөр нэг хэрэг гарсныг дүрс бичлэгийн камерт баримтжуулжээ. Тун саяхан автобусны жолооч ажил үүргээ гүйцэтгэж явсан шалгагчийг зодсон хэрэг гарсан байна. Смарт карт хэрэглээнд нэвтэрснээс хойш бэлэн мөнгөөр зорчихыг хориглосон.
Гэтэл иргэдийн зүгээс санаатай болон санамсаргүйгээр автобусны жолоочид бэлэн мөнгө өгөх байдлаар зорчдог нийтлэг зөрчил одоог хүртэл арилахгүй хэвээр байсаар байна.
Харин иргэнээс бэлэн мөнгө авдаг энэ мэт үйлдлийг нь таслан зогсоох үүднээс зүй ёсны шаардлага тавьсан нэгэн шалгагчийг автобусны жолооч зэрлэг балмадаар зодож танхайрчээ. Үүний улмаас тухайн шалгагч толгойндоо хүнд бэртэл авч, эмнэлэгт хэвтэн эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санааны хувьд асар хүнд хохирол амссан байна.