Орон нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр зөвлөмж гаргалаа
2018/05/11
Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтран “Орон нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, талуудын үүрэг оролцоо” сэдэвт онол, практикийн бага хурлыг төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн болон олон нийтийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачдыг хамруулан зохион байгуулав.
Хуралд Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар, орон нутгийн удирдлага, МУЗН, бусад төрийн бус байгууллага, Онцгой байдлын сургууль, гамшгаас хамгаалах чиглэлээр судалгаа хийдэг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид болон олон нийтийн төлөөлөл оролцсон юм. Онол практикийн бага хуралд оролцогчид хурлаар хэлэлцсэн асуудлыг нэгтгэн дүгнэж Орон нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах асуудлаар холбогдох байгууллагуудад хандан дараах зөвлөмжийг батлан гаргалаа. Үүнд:
Онцгой байдлын ерөнхий газарт:
Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг жигдрүүлэх,
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан гамшгийн эрсдэлийг бууруулах санхүүжилтийг орон нутгийн түвшинд бүрдүүлэх, захиран зарцуулах, хуваарилах, хяналт тавих асуудлыг зохицуулсан журам боловсруулах, батлуулах,
“Аймаг, сум, суурингуудын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлтийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлт, техникийн судалгаа”-ны үр дүнг харгалзан барилга байгууламжийн норм нормативд өөрчлөлт оруулах, 1:10000 масштабтай үйлдвэрлэлийн зурагт суурилж орон нутгийн газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх;
Улсын хилийн дагуу байрлаж байгаа гал түймрийн эрсдэлтэй хилийн анги, салбар, нэгжүүдэд гал түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах багаж, хэрэгслээр хангах ажилд дэмжлэг үзүүлэх, тус байгууллагын алба хаагчдыг усанд эрэн хайх, аврах болон гал унтраах арга ажиллагаанд сургах бүсчилсэн сургалтыг зохион байгуулах;
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд орон зайн мэдээллийн системийг хэрэглэх цар хүрээг өргөжүүлэх, орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн зураглал боловсруулах чиглэлд алба хаачдын болон техник, хэрэгслийн чадавхыг бэхжүүлэх,
Хил хамгаалах ерөнхий газарт:
Улсын хил дамнасан болон хил орчмын нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийн аюулын болон малын халдварт өвчний талаарх мэдээ, мэдээллийг салбар нэгжүүдээр дамжуулан Онцгой байдлын байгууллагатай солилцох;
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэр унтраах арга хэмжээг хамтран зохион байгуулахын зэрэгцээ хил дамнасан түймэр гарсан үед унтраах бүлгийг улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг хөрш улсуудын эрх бүхий байгууллагуудтай харилцан тохиролцож, шуурхай шийдвэрлэх;
Улсын хил болон хил орчмын иргэдийн амь нас, аж ахуйн нэгж байгууллагын өмч, хөрөнгийг гал түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зурвасыг арчлах, сэргээх, хамгаалах ажлын санхүүжилтыг бүрдүүлэх талаар орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах;
Орон нутгийн удирдлагад
“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох” хөтөлбөрт нийслэл, бүх аймгийн төвүүд нэгдэн орсонтой холбогдуулан гамшгийн эрсдэлийг бууруулах, чадавхыг бэхжүүлэх урт хугацааны төлөвлөгөөг /стратеги/ аймаг, орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан боловсруулж батлуулах,
Гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох, ялангуяа орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах богино, болон дунд хугацааны төлөвлөгөөг гамшгаас хамгаалах хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан эрсдэлийн үнэлгээнд суурилж, үнэлж болохуйцаар боловсруулах,
Орон нутагт байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах болон гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг, бусад бүлгийн үйл ажиллагааг дэмжих, ажиллах нөхцөл боломжоор хангах,
Бэлтгэгдсэн гамшгаас хамгаалах болон гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг, багийн гишүүдийн тогтвортой байдлыг хангах, идэвх, сонирхлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн урамшуулал, нийгмийн хамгааллын арга хэмжээг авах, тэднийг чадавхжуулах сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг орон нутгийн Онцгой байдлын байгууллагатай хамтран боловсруулж, хэрэгжүүлэх,
Орон нутагт хэрэгжиж байгаа төслүүдийн хүрээнд бий болсон малчдын бүлэг, хөршийн бүлэг болон бусад олон нийтийн бүлгийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг нэмэгдүүлэх үүднээс орон нутаг хөгжүүлэх сангийн буцалтгүй тусламж, зээлд хамруулж дэмжиж ажиллах,
Төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөр, олон нийтийн бүлэгт:
Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүнд бий болсон сайн туршлагыг тодорхойлох, түгээх, харилцан туршлага солилцох арга хэмжээг Онцгой байдлын байгууллагатай хамтран зохион байгуулах,
Гамшгаас хамгаалах болон гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг, бусад бүлгүүд үүрэг гүйцэтгэхдээ “эхлээд өөрийнхөө амь насыг хамгаалах, дараа нь бусдын амь насыг хамгаалах” гэсэн олон улсын арга барил, зарчмыг баримтлаж өөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох ажлыг чанартай зохион байгуулах зэрэг зөвлөмжийг гаргасан юм гэж Онцгой байдлын ерөнхйи газраас мэдээллээ.