Хуурамч материал бүрдүүлбэл БНСУ-д виз мэдүүлэх эрхийг 1-5 жилээр хязгаарлана
2018/05/12
Нийгмийн даатгалын ерөнхий газар, БНСУ-ын Элчин сайдын яам, Цагдаагийн ерөнхий газрынхан Солонгос улс руу виз мэдүүлэгчид нийгмийн даатгалын тодорхойлолт, лавлагааг хуурамчаар үйлдэж буй талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Солонгосын визийн нөхцөл болон хуурамч материалуудыг шийдвэрлэх чиглэлд эдгээр байгууллага хамтран ажиллаж эхэлжээ.
Хоёр улсын хооронд харилцан зорчих иргэдийн тоо жилд 150 мянга орчим байдаг бөгөөд БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд өдөрт 900 орчим иргэн тус улс руу зорчих хүсэлтээ илэрхийлж виз мэдүүлдэг байна. ЭСЯ-ны зүгээс нийгмийн даатгалын лавлагаа болон бусад материалыг хуурамчаар үйлдэж байгаад харамсч буйгаа илэрхийлээд баталгаагүй баримтаар виз мэдүүлсэн тохиолдолд 1-5 жил хүртэл хугацаагаар БНСУ руу зорчих эрхийг нь хязгаарлаж, хуурамч бичиг гаргаж өгсөн хүнийг зорчуулахгүй, виз олгохоос түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авахыг анхаарууллаа.
153 ЛАВЛАГААГ ХУУРАМЧААР ҮЙЛДСЭНИЙГ ТОГТООЖЭЭ
Нийгмийн даатгалын лавлагаа, мэдээллийг хуурамчаар хийх, хэн нэгэн этгээдэд засвар оруулах боломж олгохгүй байх зорилгоор лавлагааны маягтыг шинэчилснээс гадна ЭСЯ, арилжааны банк зэрэг эрх бүхий гуравдагч этгээд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”- ын бодит байдлыг шалгах зориулалт бүхий программ хангамжийг шинээр нэвтрүүлсэн байна. Энэхүү программаар төрийн үйлчилгээний цахим машинаас авсан шимтгэл төлөлтийн тодорхойлолт, лавлагааны үнэн эсэхийг шалгахдаа тухайн тодорхойлолтон дээрх QR кодын доор байрлах “К үсгээр эхэлсэн 13 оронтой кодыг, тодорхойлолт авсан иргэний регистрийн дугаарын хамт оруулж, тухайн агшинд Нийгмийн даатгалын мэдээллийн санд иргэний мэдээлэл ямар байгааг харж, хэвлэсэн тодорхойлолттой харьцуулан шалгах боломжтой юм байна. Энэ талаар Нийгмийн даатгал хариуцсан дэд дарга Г.Саран “Визийн мэдүүлэгчид нийгмийн даатгалын тодорхойлолт, лавлагааг хуурамчаар мэдүүлэх зөрчлүүд удаа дараа гарсаар байна. Жилд дунджаар 300 мянга, сард 24 мянга орчим иргэн ТҮЦ машинаас лавлагаа авдаг. Өнгөрсөн онд БНСУ-ын ЭСЯ-наас манай байгууллагад хандаж 890 хүний лавлагаа үнэн бодит эсэхийг шалгуулсан. Энэ онд 430 иргэний лавлагааг шалгуулснаас 153-ыг нь хуурамчаар үйлдсэнийг тогтоогоод байна. Иймд хуурамч лавлагаа гаргахыг таслан зогсоох үүднээс нийгмийн даатгалын лавлагааны шинэ программыг ашиглалтад оруулсан. Хуурамч лавлагаа гаргаж байгаатай холбогдуулан лавлагаа үнэн зөв эсэхийг шалгах системийг нэвтрүүлсэн. Ингэснээр хуурамч лавлагаа үйлдэж буй хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоох боломжтой боллоо” гэв.
СОЛОНГОСЫН КОНСУЛД 500 ГАРУЙ ХУУРАМЧ ВИЗИЙН МАТЕРИАЛ ИРСЭН
БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга буюу консул Кил Кан Муг “Хоёр улсын харилцаа сайжирч харилцан зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгааг бид нааштайгаар хүлээн авч байгаа. Гэвч БНСУ руу зорчих хүсэлтэй иргэдийн дунд хуурамч бичиг баримт бүрдүүлэх зөрчил нэлээд гарч байгаа нь санаа зовоох боллоо. Иргэдийн хуурамчаар бүрдүүлж буй түгээмэл бичиг баримтыг харвал нийгмийн даатгалын лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээ, дансны хуулга байна. Үүнээс хамгийн ноцтой нь Европын орнууд руу зорчсон гэх хуурамч тэмдэглэл байна. Өнгөрсөн сард л гэхэд манайд хуурамчаар бүрдүүлсэн нь илэрсэн материалын тоо 400-500 хүрсэн. Хэрвээ манай ЭСЯ-д хуурамч бичиг баримтаар виз мэдүүлбэл тухайн хүний дахин виз мэдүүлэх эрхийг хамгийн багадаа жил цаашилбал хугацаагүйгээр хаана. Хуурамч бичиг баримт үйлдэж өгсөн этгээдийн эрхийг ч хугацаагүйгээр хаана. Залуус хуурамч бичиг баримт үйлдүүлэн ирээдүйгээ баллаж байгаад харамсалтай байна. Бидний ажигласнаар хууль бусаар бичиг баримт гаргаж буй иргэд цахим сүлжээг ашиглан 100 мянгаас таван сая төгрөгөөр бичиг баримтыг бэлдэж өгч байгаа нь харагдсан. Хамгийн гол нь энэ бүхнээс болж Солонгост ажил хөдөлмөр эрхлэн амьжиргаагаа дээшлүүлэх сонирхолтой энгийн иргэд хохирч байна.
Манай ЭСЯ- нд ажилладаг хүмүүс визтэй холбоотой ямар ч мөнгө авдаггүй. Манай ЭСЯ-ны зүгээс албан ёсны найман газрыг сонгон хамтран ажилладаг. Тиймээс иргэд визтэй холбоотой ямар нэгэн мэдээллийг зөвхөн эдгээр байгууллагад хандан тодруулахыг хүсч байна. ЭСЯ-ны зүгээс хуурамч бичиг баримт үйлдэх, энэ үйлдлийг газар авахуулахгүй байх тал дээр хамтран ажиллана. Хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн виз мэдүүлнэ гэсэн иргэдэд битгий хууртаарай. Манай ЭСЯ-нд хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн 15 төрлийн бичиг баримт байгаа. Бид бүрдүүлсэн бичиг баримтыг бүгдийг нягт хянан шалгадаг. Манайд мэдүүлж буй байгаа бичиг баримтыг нягтлан хатуу шалгахын тулд визийн хариу өгөх үйл ажиллагаа удааширдаг. Хэрвээ хуурамч бичиг баримт бүрдүүлэн виз мэдүүлбэл тухайн иргэн өөрөө хохирон виз мэдүүлэх эрхгүй болж эрүүгийн хариуцлага хүлээнэ. Амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн иргэдийг өөгшүүлэх шаардлагагүй. Эрүүл мэндийн эмчилгээний аяллын журмаар С3 виз мэдүүлэх гэж байгаа иргэдийн тухайд заавал ГХЯ-ны ноот бичиг хэрэгтэй биш шүү. Яаралтай хагалгаанд орох эмчлүүлэх шаардлагатай бол учир шалтгаанаа хэлээд ЭСЯ-нд хандаж болно. Монголын ирээдүй болсон залууст сануулж хэлэхэд болчимгүй байдлаас үүдэн их, дээд сургуульд сурдаг нь үнэн, сургалтын төлбөр төлсөн, оюутан зэрэг хуурамч бичиг баримт бүрдүүлдэг. Тиймээс ирээдүйд ажил хэргийн шугамаар виз мэдүүлэхэд өмнө нь хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн гэх хар мэдээлэл манай цахим санд хадгалагдах учраас үүнд онцгой анхаараарай. БНСУ-д зорчих мэдүүлэг өгөхийн тулд дугаар худалдаж аваад байна гэсэн. Тийм зүйл огт байхгүй. Яаралтай гэсэн шалтгаанаар БНСУ-д зорчих болсон иргэдийн хувьд дугаар хүлээх шаардлагагүй. Учир шалтгаанаа хэлж виз мэдүүлэх бүрэн боломжтой” гэлээ.
Б.Мөнх-Эрдэнэ