Б.Будзаан: Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийллийн 70-80 хувь нь гэр бүлийн орчинд байдаг
2018/05/14
ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцлаа.
-Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдоход ямар хүчин зүйлс хамгийн ихээр нөлөөлж байна вэ?
-Монгол Улсад нийтдээ 1,2 сая хүүхэд байдаг. Жилд дунджаар 1000 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 1000-1500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байна. Өөрөөр хэлбэл нэг ЕБС-ийг дунджаар 1500-2500 хүүхэдтэй гэж бодоход бүтэн нэг сургуулийн хүүхэд тэр чигээрээ хохирсон гэсэн үг. Манай улсын хувьд хүүхдийн гэмт хэрэг гаралтыг хүн амынхаа тоотой харьцуулахад их гэж үздэг.Хүүхэд гэмт хэрэгт холбогдох маш олон шалтгаан бий. Хамгийн гол нь ажилгүйдлээс үүдэлтэй ядуурал, архидалт гэр бүлийн уур амьсгал, хүүхдийн хүмүүжилд их нөлөөлж байна. Өнөөдөр гэмт хэрэг үйлдэж буй хүүхдүүдийн 90 орчим хувийнх нь гэр бүл ямар нэг асуудалтай нь тогтоогдсон. Хүмүүс ажлаа сайн хийж, мөнгө олоод үр хүүхдээ хоол ундтай байлгах ёстой гэж зүтгэх зууртаа амьдралынхаа жинхэнэ зорилго болох үр хүүхдээ сайн хүн болгож төлөвшүүлэх, зөв хүмүүжүүлэхээ орхигдуулаад байдаг. Гэр бүлийн хайр халамж дутуугаас болж, нөгөө талаас эцэг эхийн хараа, хяналт муутайгаас үүдэж бага насны хүүхэд бусдын халдлагад өртөж байна. Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийллийн 70-80 хувь нь гэр бүлийн орчинд байдаг харамсалтай тоо бий.
-Хүүхэд үйлдсэн гэмт хэрэг, хүүхэд хохирсон гэмт хэргийн хувьд орон нутагт ямар үзүүлэлттэй байгаа юм бол?
-Хүүхдийн эрх зөрчигдсөн, хүүхэд хохирсон гэмт хэрэг улсын хэмжээнд зуун хувь гэж үзэхэд нийслэлд 60 хувь, орон нутагт 40 хувь үйлдэгдэж байна. Нийслэлийн БЗД, СХД-т хүүхдийн эрх ихээр зөрчигдөж байгаа бол орон нутагт Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод, Өмнөговь аймагт хүүхдийн эрх зөрчигдсөн гэмт хэрэг зонхилж байна.
-Өсвөр насны хүүхдүүд бараг бүгд л гар утас хэрэглэдэг болжээ. Гэвч хүүхдүүд утсаа дээрэмдүүлэх, хулгайд алдах нь элбэг байна?
-Судалгаагаар 18-аас доош насны хүүхдүүдийн дунд гар утас, интернэт хэрэглээ маш өндөр байгаа гэсэн үзүүлэлт гарсан. Энэ асуудал дан ганц цагдаагийн байгууллага биш, дэлхийн нийтээрээ хяналт тавихад хүндрэлтэй болж байна.Цагдаагийн байгууллагаас бусад байгууллагуудтай хамтран энэ тал дээр томоохон ажил хийхээр төлөвлөж байна. Тодруулбал, үүрэн операторын дөрвөн компанитай хамтран хүүхдийн дугаарыг бүртгэлжүүлэх, цахим гэмт хэргээс хамгаалах ажлуудыг хийх юм. Үүрэн операторуудын мэдээлснээр манайд нийт гурван сая гаруй дугаар хэрэглэгдэж байна. Үүнээс нэг сая 200 гаруй мянган дугаарыг 18-аас доош насны хүүхэд хэрэглэдэг гэсэн судалгаа байна. Энэ судалгаанд үндэслэн хүүхдийн дугаарыг бүртгэж, дата нөөц үүсгэснээр ямар нэгэн хориотой сайт руу ордоггүй, сайтын тоог хязгаарлах хяналтыг бий болгоно гэж харж байна. Мөн дугаарын бүртгэлийг олон зүйлд ашиглах боломжтой юм. Энэ ажил 2019 он гэхэд хэрэгжээд эхлэнэ.
-Хүүхдүүд цахим тоглоомоор их тоглодог. Энэ нь гэмт хэрэгт холбогдох сэдлүүдийн нэг гэж болж байна уу?
-Хүүхдүүд цахим тоглоомоос гэмт хэрэг хийх сэдэл их авч байна. Учир нь хүүхдүүд ямар нэг зүйлийг даган дуурайх их дуртай байдаг. Хэн нэгэнд уруу татагдахдаа амархан. Иймд хүүхэд хийж буй үйлдлийнхээ эцсийн үр дүнг нь тооцоолох чадвар сул байдгаас гэмт хэрэгтэн болох тохиолдол гарч байна.Манай улсад л гэхэд 500 орчим цахим тоглоомын газар байдаг. Жишээ нь, нэг тоглоомын газарт 50 хүүхэд тоглодог гэж үзвэл өдөрт 25000 хүүхэд цахим тоглоом тоглож байна гэсэн үг.Энэ бол маш их аюултай үзүүлэлт. Нөгөө талаас цахим тоглоомын газруудыг шууд хаах гэхээр 25000 хүүхэд гудамжинд шууд гарах магадлал өндөр. Цахим тоглоомонд донтсон хүүхдүүд бас их байна. Үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн зөв гарц бол эцэг, эхчүүд хараа хяналт, хайр халамжаа нэмэгдүүлж, хүүхдүүдийнхээ төлөө тэдэнтэй хамт байх юм.
-Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг хэд хэдэн удаа гарлаа. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар ял шийтгэл оноодог вэ?
-Сүүлийн үед цахим ертөнцөд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хариуцлага тооцдоггүй мэтээр бичих болжээ. Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хариуцлага хүлээлгэдэг.Хамгийн доод талын ялын хэмжээ 12 жил байдаг. Цаашлаад 12-20 жил хорих ялаар шийтгэх буюу бүх насаар нь хорино гэдгийг заагаад өгчихсөн.
-Хүүхдээ үл хайхарсан, эрхийг нь зөрчсөн эцэг эхчүүдэд Зөрчлийн тухай хуулиар ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Хүүхдийн сурч боловсрох, тэжээлгэх үүргээ биелүүлээгүй эцэг эхэд Зөрчлийн хуулиар хариуцлга тооцдог. Мөн хүүхдийн амь насанд хохирол учирсан болон хүүхдийн биед гэмтэл учирахад эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байгаа. Эцэг эхчүүд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ л биелүүлэх ёстой. Хүүхэд өдөрт дунджаар 4-6 цагийг сургууль дээрээ, үлдсэн цагийг гэр бүлийн орчинд өнгөрүүлж байна. Тэгэхээр нийт хүмүүжлийнхээ 70-80 хувийг гэр бүлээсээ авч байна гэсэн үг. Хүүхдийн гэмт хэрэгт холбогдох эрсдэл нь суурь хүмүүжлээс шууд шалтгаалдаг.Та тэдний дэргэд архидан согтуурна гэдэг нь хорт зуршилд уруу татаж, улмаар бусад төрлийн гэмт хэрэг үйлдэх сэдэл, шалтгааныг өгч байгаа гэдгээ байнга санах хэрэгтэй. Эрүүгийн хуульд 260 орчим үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байдаг. Цагдаагийн байгууллага, Хууль сахиулах их сургуультай хамтран сүүлийн таван жилийн гэмт хэргийн судалгааг хийхэд хүүхэд 32 төрлийн гэмт хэрэг үйлдэж байна гэсэн тоо гарсан.
-Цагдаагийн байгууллагын зүгээс Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?
-Улсын хэмжээнд хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг 41 хувиар, Нийслэл хотын хэмжээнд 50 хувиар буурсан байна. Ингэхээр урьдчилан сэргийлэх ажил үр дүнтэй, иргэн аж ахуй нэгж байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлж зохион байгуулснаар гэмт хэргийн гаралт буурна гэж харж байгаа. Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах юм бол энэ төрлийн гэмт хэргүүд буурах боломжтой гэдэг нь харагдаж байна. Харамсалтай нь эсрэгээрээ хүүхэд хохирсон гэмт хэрэг энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 23 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл том хүн хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үг. Жишээ нь, хүүхдийг залилан мэхлэх, хүүхэдтэй хэрцгий харьцах, хүүхдийг хүчирхийлэлд өртүүлэх, хүүхдийг сургуулийн орчинд очиж залилах зэрэг олон хэргүүд гарч байна. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд хүүхэд рүү чиглэсэн гэр бүлийн анхаарал халамж, төр болон нийгэм захиргааны шинжтэй ажлуудыг зөв зохион байгуулж, үр дүнд хүрэхгүй бол хүүхэд гэмт хэргийн золиос болох, гэмт хэрэг үйлдэх зөрчил буурахгүй.
Б.ҮРЖИГ
Өдрийн сонин