Арлааны Эрдэнэ-Очир бурхны оронд одлоо
2018/05/15
Mонгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир бурхны оронд заларч, Монголын утга зохиолын ертөнцөд нөхөж боломгүй хүнд гарз тохиолоо.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул А.Эрдэнэ-Очир найрагч Монголын их утга зохиол, яруу найрагт түүхийн шинэ хуудсыг нээж, “Ерээд оныхон” хэмээн нэрлэгдсэн нэгэн үеийн яруу найрагчдын тодоор гэрэлтсэн төлөөлөгч болсон бөгөөд асгарсан их авьяас билэг, ундарсан их уран бүтээлээрээ уншигч олондоо танигдан, хүлээн зөвшөөрөгдсөн энэ цагийн шилдэг уран бүтээлч байлаа.
Түүний “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээлүүд нь уншигчдын хүртээл болсон бөгөөд яруу найргийн “Алтан бийр” наадмын 1992, 1993, 1995, 1998, хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 1992, 1998, “Аморе” наадмын 2004 оны тэргүүн шагналтан юм. Мөн шилдэг бүтээлээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал хүртэн, 2017 онд Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн болсон билээ.
Алдарт яруу найрагч маань тэнгэрийн орондоо заларч, уян яруу шүлгүүдээрээ бурхдыг уярааж байх биз ээ. УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.