МУ-ын Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү, Г.Сампил нарт хүндэтгэл үзүүлжээ
2018/05/15
Монголын морин спорт, залуу уяачдын холбооноос санаачлан, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газар, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамтай хамтран зохион байгуулсан “Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” өнгөрсөн баасан гарагт Төрийн ордны их танхимд болж өндөрсөн билээ.
Зөвлөгөөнд хот, хөдөөгийн таван зуу гаруй залуу малчид, уяачид оролцсон бөгөөд ММСЗУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Гантулга, ХХААХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Х.Болорчулуун, Ч.Улаан, О.Батнасан, Ж.Батзандан, Н.Учрал зэрэг УИХ, ЗГ-ын гишүүд, Д.Онон О.Батбилэг, Б.Мөнхтөр, Н.Даш-Өлзий, Б.Содномцог тэргүүтэй арван гурван Монгол Улсын Тод манлай уяачид болон Манлай уяачид, Алдарт уяачид оролцжээ.
Зөвлөгөөний үеэр зохион байгуулагчдын зүгээс Зууны манлай уяач, МУ-ын Гавьяат Малчин, Хөдөлмөрийн Баатар, Тод манлай уяач Д.Даваахүүд уяачдыг төлөөлүүлж, МУ-ын Гавьяат Малчин, Хөдөлмөрийн Баатар Г.Самилд малчдыг төлөөлүүлэн хүндэтгэл үзүүлж, ММСЗУХ-ны нэрэмжит одон медаль, бэлэг дурсгалын зүйл гардуулжээ.
Монголын мянга мянган малчид, уяачдын бахархал болсон Хөдөлмөрийн баатруудад хүндэтгэл үзүүлсэн үйл явдал нь залуу малчид, уяачдын талархлыг ихэд хүлээсэн бөгөөд хүндэтгэлийг хүлээж авсан Хөдөлмөрийн баатрууд маань зөвлөгөөнд оролцогч залуучуудад хандаж өөрсдийн алтан сургаалиа хайрласан сайхан үйл явдал болжээ.
Ийнхүү Хөдөлмөрийн баатрууддаа хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг санаачилсан зөвлөгөөний зохион байгуулагчдад нийт малчид, уяачдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Бахархал болсон баатрууд минь урт насалж, удаан жаргаарай...
Зочин · 2018/05/15
Нөгөө бандааш чинь ММСЗУХ-ны Ерөнхийлөгч болсон байна. Аргагүй л том бандааштай юм аа.