“Хөдөлгөөний зохицуулалт-хяналт” арга хэмжээ явагдаж байна
2018/05/16
Нийслэлийн хэмжээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах “ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОХИЦУУЛАЛТ-ХЯНАЛТ” нэгдсэн арга хэмжээ явагдаж байна.
Уг арга хэмжээ нь 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 1 сарын хугацаатай эрчимжүүлсэн хэлбэрээр явагдах бөгөөд нийслэл хотын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, замын хөдөлгөөнийг зохицуулах, хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээнүүд авах, дүүргүүдийн нутаг дэвсгэрт алба хаагчдын явганаар эсвэл тээврийн хэрэгсэлтэйгээр болон хяналтын техник, төхөөрөмж ашиглан замын хөдөлгөөнд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилготой юм.
Тус албанаас хяналтын төхөөрөмж, гэрлэн дохионы зохицуулалтыг ашиглан хөдөлгөөн зохицуулдаг зарим уулзваруудад биет зохицуулалт хийлгүй хяналт тавьж ажиллаж байгаатай холбоотойгоор алба хаагчдыг алслагдсан цэг, уулварын орчимд хөдөлгөөний дэг журмыг сахиулах чиглэлээр шилжүүлэн ажиллуулж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногт Сүхбаатар дүүргийн нутаг 32-ын тойрог, 7 буудал, Дарь-Эх чиглэлийн авто замуудад хөдөлгөөний дэглэм тогтоох, уулзвар нэвтрэх журам зөрчих, эгнээ байр буруу эзлэх түүнчлэн зогсох зогсоолын журам зөрчиж тээврийн хэрэгслээ бусад тээврийн хэрэгсэл, явган зорчигчдийн хөдөлгөөнд саад учруулж байрлуулсан зэрэг зөрчлүүдийг газар дээр нь арилгуулж, ажиллалаа.
Энэ долоо хоногт Баянзүрх дүүргийн нутаг Дарь-Эхийн уузлвараас хойш Рашаант чиглэлийн автозамуудад зэргээр хуваарийн дагуу бүлгийн эргүүлүүдийг ажиллуулан жолооч, бусад хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг сайжруулах, хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй замд замын хөдөлгөөн зохицуулах, хянаж шалгах чиглэлээр эрчимжүүлэн ажиллаж байна.