Сүлжээний бизнесээс болж 36 мянган хүн хохирчээ
2018/05/17
Манай улсад гарч байгаа нийт гэмт хэргийн талаас илүү хувь нь өмчлөх эрхийн эсрэг үйлдэгдэж байгаа судалгаа гарчээ. Тодруулбал, хулгайлах 37, дээрэмдэх 11, залилах гэмт хэрэг найман хувийг эзэлж байна.
Энэхүү гурван төрлийн гэмт хэрэг Монгол Улсын Эрүүгийн хуулиар тодорхойлсон 600 гаруй үйлдэл бүхий 200 гаруй гэмт хэргийн 56 хувийг дангаараа эзэлж байгаа нь бодлогын төвшинд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байгааг харуулж байгаа юм. Монгол Улсын гавьяат хуульч, профессор Суурийн Жанцан агсны нэрэмжит эрдэм шинжилгээний хурлыг “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, тулгамдсан асуудал, урьдчилан сэргийлэх арга зам” сэдвийн дор өчигдөр Хууль сахиулахын их сургууль, Улсын Ерөнхий прокурорын газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан хамтран зохион байгууллаа.
Тооны хувьд бага юм шиг боловч хохирлын хэмжээ, хор уршгийн хувьд маш өндөр дүнтэй байдаг залилах гэмт хэргийн талаар олон талаас нь ярилцлаа. Энэ төрлийн гэмт хэрэг нь шинэ хэлбэрт шилжиж, улам оюунлаг болж байгааг ХСИС-ийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгч Ч.Нямсүрэн хэллээ. Ялангуяа цахим хэлбэрийн залилах гэмт хэрэг буюу олон нийтийн сүлжээнд хэн нэгний нэрийн өмнөөс найз нөхдөөс нь мөнгө авах, настай хүмүүсийн итгэлийг олж мөнгө шилжүүлүүлж авах, цахим сугалаанд азтан болсон гэж хуураад урьдчилгаа авах, гадаадаас мөнгө шилжүүлэх үйлчилгээг ашиглан луйвардах, мөнгөний машинаас мэдээллийг нь хуулж авах зэрэг олон арга ашиглаж байгааг тэрээр анхааруулав. Олон шатлалт маркетинг буюу сүлжээний бизнес манай улсад хуулиар хориотой. Гэвч энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд огцом өссөн бөгөөд итгэж ордог 100 хүн тутмын 90 нь хохирогч болдог байна.
“Сүлжээний бизнест итгэж байгаа 100 хүний 75 нь эмэгтэйчүүд байна. Мөн 25-35 насны залуучууд татагдаж орж байна. Өөрөөр хэлбэл, амар хялбар аргаар богино хугацаанд мөнгө олон сонирхол улам залуужиж байгаа нь харамсалтай. 2016 оноос хойш сүлжээний бизнес ашигласан залилах гэмт хэрэг долоо дахь удаагаа гарлаа. 90 гаруй сүлжээний компани илчлэгдсэн. 36 мянган хохирогч байна. Уг нь хуулиар энэ төрлийн гэмт хэрэг хориотой. Харин хориотой үйл ажиллагааг ил тод сурталчлаад байгаа нь улам дэвэргэж байна” гэж судлаач Д.Чимэддамба ярив.
Хоёр хүн харилцан тохиролцоод тодорхой нөхцөлтэйгээр мөнгө зээлүүлэх, үл хөдлөх хөрөнгө барьцаалах зэргээс үүдэлтэй маш олон маргаан, гомдол хуулийн байгууллагад очдог. Ингэхдээ ихэвчлэн нотариатаар батлуулсан гэрээг үндэслэн гомдол гаргадаг. Гэвч энэхүү гэрээ нь зөвхөн хүчин төгөлдөр гэдгийг л нотариат баталж байгаагаас биш өнөөдрийн хууль эрхзүйн хүрээнд нотлох баримт болж чаддаггүйг онцолж байлаа. “Гэрээ байгуулна гэдэг нь анхнаасаа тэгш эрхтэйгээр, харилцан тохиролцсоныг баталж байгаагаас биш мөнгө зээлсэн хүн нь буцааж өгнө гэсэн баталгаа биш гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Энэ бизнест хамтран ажиллая гэж мөнгө авчихаад нэг ч тоосго өрөхгүйгээр үнэтэй машин, байр аваад уначихсан хүн бол анхнаасаа эд хөрөнгийг нь залилж мэхлээд завших санаатай байна. Энэ бол гэмт хэрэг. Үнэхээр бизнес нь бүтэлгүйтээд өгье гэвч чадахгүй яваа бол өөр асуудал. Үүнийг мөрдөн байцаагчид ялгаж, салгах ёстой. Бид энэ асуудлыг том зургаар нь харж, санхүү эдийн засгийн тогтолцооны төвшинд шийдэх ёстой. Банкны хүү өндөр байгаа өнөөдрийн нөхцөлд иргэдэд мөнгөний хэрэгцээ байсаар байна. Энэ төрлийн маргаан гарсаар л байна” гэж ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн дэд профессор, доктор С.Гантулга ярилаа.
Мөн нотариаттай холбоотой гардаг бас нэг маргаан нь гарын үсэг. Тиймээс гарын үсэг зуруулахаас гадна хурууны хээгээр баталгаажуулдаг болох саналыг ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хууль сахиулахын инновацийн төвийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Т.Очирбат гаргаж байв.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд гаднаас хуулбарласан хуулийн хуурай заалтаар тэмцээд ямар ч нэмэргүй гэж Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл мөн хэллээ. Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нь эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, ядуурал гэдэгтэй маргахгүй ч хэрээс хэтэрсэн шунал, хэзээ ч хангаж чадахгүй тансаг хэрэглээ рүү зүтгэхээ больж, нийгмээрээ хандлагаа өөрчлөхийг тэрээр уриалав. Эрдэм шинжилгээний хурлаас саналаа нэгтгэн зөвлөмж гарган, шийдвэр гаргах байгууллагуудад хүргүүлэхээр боллоо. Өмчлөх эрхийн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөр батлах, эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хохирлын сан байгуулах, хохирол барагдуулах тогтолцоотой болох, цагдаагийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх гэх мэт олон санал бүхий зөвлөмжийг гаргасан юм.
Б.Төгс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин