УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн үгнээсээ буцаж эхэллээ. Түүний амнаас гараагүй үгийг хэвлэлийнхэн зохиогоод биччихсэн болж таарлаа.

Жижиг намуудыг татан буулгана гэж даналзснаа эрхэм дарга таг мартчихсан бололтой. Угаасаа сонины хуудас, телевизийн бичлэгт үлдчихсэн үнэнийг мянга худал гэж зүтгээд яах ч билээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяагийн өнгөрсөн мягмар гаригт хийсэн хэвлэлийн хурлын хальсыг эргүүлэн сонслоо. Тэнд яг ингэж байна. Ямар ч найруулгагүй хэлснээр нь сийрүүлье. “ Улс төрийн нам парламентийн хэдэн сонгууль дараалан суудалтай байх юм бол  намыг цаашид ажиллах эрхийг нь олгоё. 

Парламентад суудал авч чадахгүй бол автоматаар татан буулгадаг байвал яасан юм. Монголд хорин хэдэн нам бий. Эндээс сонгуульд оролцдог нь гарын таван хуруунд багтана. Үлдсэн нь ямар нам байдгыг ард түмэн ч мэдэхгүй. Улс төрийн би ч мэдэхгүй. Сонгууль болохоор шантааж үсэргэдэг, аль нэг намын талд үйлчилдэг. Ийм олбигогүй байдлаар монголын улстөрийг тогтворгүй болгодог.  Ийм зарчимгүй үйлдэлтэй намууд цаашид байх хэрэггүй гэдэг асуудлыг АН дэмжиж байгаа” гэсэн байх юм. Гэтэл даваа гаригт бүлгийн хурлын дараа Д.Эрдэнэбат хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Би намуудыг  татан буулгая гэж яриагүй” гэж хээвнэг хэлж байна. Тэр хэлээгүй юм бол хэн хэлсэн байж таарах уу.  УИХ-д суудалгүй намууд АН-ын бүлгийн даргын мэдэгдлийг эсэргүүцэж уулзалт зохион байгуулж байгааг хэлэхэд “Бусад намууд сэрсэн байна уу. Маш зөв. Сэрэх ёстой юм. Сонгууль болохоор гэнэт сэрдэгээ болих хэрэгтэй. Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт бүх намын төлөөлөл оролцсон. Маш идэвхигүй байсан. Үнэндээ Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлд цөөхөн нам ажилладаг. Бусад нь ажилдаггүй. Би сэрээе гэж энэ үгийг хэлсэн юм. Сэрсэн бол баярлалаа”  хэмээн даапаалав. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өмнө нь хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө нойрмог байсан юм биш үү. Бусдад сэр, унт гэж даалгавар өгөхөөсөө урьтаж улс төрийн намуудыг татан буулгах сэрүүн зүүднээсээ салж үз. АН-ын бүлгийн дарга та өөрөө  л сэрэх хэрэгтэй байна даа. Эрх баригчдын жижиг намыг татан буулгах “том” санаанд  бусад намын дарга нар ямар хариулт өгснийг танд хүргэе. 
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан: -Хэрвээ олон намын системийг үзэн ядаад байгаа юм бол АН улстөрөөс зайлах байлгүй дээ. Ямар мөнхийн хаан ширээнд залчихсан биш. Ер ньҮндсэн хуулийг ч тэд өөрчилж чадахгүй. Ард түмний санал асуулгаар шийднэ. С.Баярцогт  гэж Швейцарын банкинд хадгалуулсан мөнгөө мартсан нөхөр байна. Авлигатай тэмцэх газар шалгах хэрэгтэй шүү дээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гэж шөнийн цэнгээний газар ажлуулдаг хогийн  новш байсан. Хэзээ тийм мундаг улстөрч болчихсон юм. Хүн амьсгал хураатлаа амьдралын төлөө тэмцдэг юм. Эрт сэтгэл санаагаар унах шаардлагагүй. Жижиг намууд маш их үүрэг гүйцэтгэдэг. Соёлтой улс төрийн мэтгэлцээн явуулах, улс орныг хөгжүүлэх чиг хандлагад үзэл бодлоо нэгтгэдэг. УИХ-д суудалгүй намуудыг үүрэг оролцоо байгаа шүү. Заавал ордон суугаад чихэртэй хар цай уухаар улстөрч болдог юм биш.  Ингэж бодвол том эндүүрэл шүү.  Бид чинь өлгийтэй хүүхэд шиг сонгогчидтой. Ахуй амьдрал, улс төрийн боловсролоос шалтгаалдаг байх. Нэг хүн гурван хуушуур аваад өгвөл энэ ямар сайн  ах вэ гэж бодно. Түүнээс улс төрийн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг нь хардаг хүн байхгүй шүү дээ. Тиймээс одоо боловсруулж байгаа Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн хуулийн төсөлд санал санаачилага гаргаж дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй. АН, МАН-ын муу юмыг маш хурдан сурч байна. Сонгуулийн хэсгийн хороонд булхай хийхээ болчихсон. Сонгуулийн дүнг зарлахдаа солиод зарлачихдаг болсон. 

Иргэний хөдөлгөөний намын тэргүүн Ж.Занаа:   -Намын дарга нар нэгдэж ажиллая гэдэг санааг их дэвшүүллээ. Би бүрэн дэмжиж байна. Монгол Улсад Үндсэн хуулийн үзэл баримтлал, ардчиллын тулгуур зарчим төрийн байгууллагад тогтоосон хэм хэмжээ зөрчигдөж байгааг ярих цаг болжээ. Үндсэн хуулийг хэзээ хэрхэн өөрчлөх гэж байгаагаа огт ярихгүй байна. Манай улсын 1992 онд баталсан Үндсэн хуульд авах юм их бий шүү. Иргэний эрхийг баталгаажуулахад тусгай зүйл анги гаргаж өгсөн хууль. Хүний эрхийг баталгаажуулахын тулд Засгийн газар, УИХ, шүүх юу хийх вэ гэдэг эрх үүргийг заагаад өгчихсөн. Дотор нь засах юм бий. Үүгээр би юу хэлэх гээд байна гэхээр Үндсэн хуулийнхаа үзэл баримтлал дор нэгдэж нийлэх хэрэгтэй байна. 2016 оны сонгуульд хамтарч оролцож болно. 

Хамуг Монгол хөдөлмөрийн намын  дарга Ц.Шинэбаяр :  -Шударга ёсыг баримталдаг намуудыг алга болгоно гэж байгаагийн эсрэг тууштай тэмцэх хэрэгтэй. АН, МАН, Иргэний зориг нам өнгөрсөн сонгуулиар хууль зөрчиж гишүүд дэмжигчдээсээ их хэмжээний мөнгө авсан. Хэрэв хууль ярих бол энэ намууд бүгд  татан буугдах ёстой. Бид цаашдаа тэмцлийн өөр хэлбэрт шилжих ёстой. Энэ намууд чинь Үндсэн хууль өөрчлөнө гээд худлаа яриад байна шүү дээ.  Төр барьж байгаа улс төрийн намууд ажлаа хийхгүй байна. Энэ удаа мэдэгдэл хүргүүлж байна. Цаашид тэмцлийн өөр хэлбэрт шилжих болно. 

Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат: -Үндсэн хуульд заасан үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрхийг эрх баригч нам нь зөрчиж ийм болчимгүй мэдэгдэл хийгээд сууж байна. АН-ынхан та нар байх байхгүйг нь бид мэднэ. Монголд дарангуйлал тогтчихлоо. Манай улс төрчид гаднын компани бусдын эрх ашгийг өмнөөс ичихгүй хэвлэл мэдээллийн  хэрэгслээр ярьж байна. Ийм болтлоо энэ хүмүүс бяр орчихсон байна. Тэдний үйл ажиллагааг тушдаг  нь жижиг гэж адлаад байгаа УИХ-д суудалгүй намууд. Дарангуйлагчид  намуудыг татан буулгахдаа маш инээдэмтэй үндэслэл гаргаж тавьсан. Жишээ нь Монголд олон нам байна гэнэ. Ер нь олон эсвэл цөөн намтай байхыг эрх баригчид, Д.Эрдэнэбат мэддэг юм уу. Үндсэн хуулиар манай Улсын бүх хүнд олгосон эрх.  АН-ынхан Оюутолгойг гаднынханд өгье гэхэд бид өгөхгүй гэж хэлэх эрхтэй. 

Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваа: -АН-ын мэдэгдлийг айж түгшээд байх хэрэггүй. Тэдэнд намуудыг татан буулгах эрх байхгүй. Тэгж чадахгүй. Эндээс үзэл бодол нэгтэй намууд нэгдэх боломжтой юм. Жаахан эмх цэгцэнд орох нь ард түмэнд хэрэгтэй юм. Манай намууд унхиатай байх ёстой. Үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөө гаргасан байх учиртай. Том намуудын журмаар явах шаардлагагүй. Сонгууль дөхөхөөр хуралдаж байгаад нэг хөтөлбөр гаргаж ирдэг. Ингэж явж болохгүй. Улстөрийн бус аргаар улстөр явуулах нь зохимжгүй.  Манай намын хувьд Д.Эрдэнэбатын мэдэгдлийг эмзэгээр хүлээж авахгүй байгаа. Гэхдээ намууд хүчээ нэгтгэх ёстой гэдэгт байр суурь нийлж байгааг хэлэх нь зүйтэй. 




Ц.Бүүвэй