Сэрэмжлүүлэг: Сүлжээний бизнесийн хохирогчдын 75 хувь нь эмэгтэйчүүд
2018/05/19
2018 он гарсаар сүлжээний бизнесийн улмаас 36 мянган иргэн хохирч, 56.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Сүлжээний бизнесийн улмаас хохирох иргэдийн 75 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бол 45 хувь нь 22-30 насныхан байдаг гэнэ. Дээр хэргийн хохирогч нарын судалгааг цагдаагийн байгууллагаас гаргаад байгаа юм.
Хууль хяналтын байгууллага иргэдийн гомдлын дагуу хууль бусаар үйл ажиллагаа явуулж иргэдэд их хэмжээний хохирол учруулж байсан нь тогтоогдсон 50 гаруй сүлжээний бизнесийн үйл ажиллагааг зогсоосон байдаг.
Гэвч тэд дахин аргаа өөрчлөн, “богино хугацаанд мөнгө олох боломжтой, гэртээ зүгээр сугаад мөнгө олоорой, мөнгө байршуулаад түүнийгээ нугалж авах боломжтой” зэрэг аргаар залилж эхэлжээ. Ингэхдээ сүлжээний тухай мэдээлэл дутмаг учир орон нутгийн иргэд, гэртээ хүүхдээ хардаг ээжүүд, хөгшин хүмүүсийг хамруулж байгааг цагдаагийн байгууллага тогтоосон байдаг.
Энэ төрлийн хэргийн нөхцөл шалтгааны талаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа И.Буян-Өлзийгөөс тодруулахад “Сүлжээний бизнес нь Монгол Улсын хуулиар хориотой учраас залилангийн гэмт хэрэгт багтана. Энэ бизнесийн онцлог бол танил хүмүүсийг хохироох явдал байдаг. Нэг бүсгүй сүлжээний бизнест элслээ гэж бодоход ээж аав, ах дүү, хамаатан саднаа элсүүлдэг жишээтэй. Ингээд л хамаатан садангууд бие биедээ итгэхээ болох, маргалдах зэргээр гэр бүлд сөрөг нөлөө үзүүлдэг. Ер нь сүлжээний бизнес гэлтгүй бүх төрлийн залилангийн гэмт хэрэг хүний итгэл дээр тулгуурладаг учраас одоог болтол оршин тогтоод байгаа юм.
Иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэх тусам цахим залилангийн гэмт хэрэг гарах болсон. Жишээлбэл иргэдийн фэйсбүүк хаяг руу мөнгө гуйсан мэдээллийг чатаар илгээхэд дөрвөн хүн тутмын нэг нь мөнгө өгдөг гэсэн судалгаа байна. Одоо залилангийн гэмт хэрэг орчин үедээ нийцэж, хэлбэрээ өөрчилж байгаа. Тухайлбал тендерт авч өгнө, виз гаргаж өгнө, машин жуулчлал гэх мэтээр залиллах ямар л арга байна тэр бүрээр нь залиллангийн гэмт хэрэг үйлдэгдэж байна.
Тиймээс иргэд хувийн мэдээллийн аюулгүй байдлаа цахим орчинд хангаж байх ёстой. Өөрийнхөө хувийн мэдээллийг илэн далангүй оруулах нь бүү хэл ганц нэгхэн мэдээллийг чинь олж авсан л бол таныг мэхлэх, залилах бүрэн боломжтой.
Ер нь сүлжээний болон цахим залилан гэлтгүй бүх төрлийн залилах гэмт хэргийн гол онцлог нь хүний итгэл дээр тулгуурлаж байдаг гэдгийг дээр дурдсан. Энэ бол залилангийн гэмт хэргийн суурь бөгөөд иргэн тухайн залилагчид итгэсний үндсэн дээр мөнгө, эд хөрөнгөөрөө хохирч байгаа юм” гэлээ.
Баатархүү · 2018/05/19
Аргагүй шүү дээ. Тэд чинь илүү шуналтай байдаг шүү дээ