“Улаанбаатар марафон-2018”-нд 30 гаруй тамирчин оролцож байна
2018/05/19
“Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр болон холбогдох албаныхан оролцсон.
Тус арга хэмжээг нээж НИТХ-ын дарга С.Амарсайхан оролцогчдод амжилт хүсээд “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоо иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгох зорилгоор “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг тав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна” хэмээн онцлов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дохионы бууг буудсанаар “Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлтийн тамирчид гараанаас гарлаа.
Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилгоор “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж 2014 онд 16839, 2015 онд 18085, 2016 онд 27000, 2017 онд 30000 иргэн хамрагдсан бол 2018 онд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, монгол улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй иргэн бүртгүүлэн оролцож байгаа аж.
Гүйлтэд Австрали, Америк, Бахрейн, Болив, Итали, Ирланд, Малайз, Герман, Канад, Киргиз, Кени, Лаос, Хятад, Шинэ зеланд, Хонг конг, Франц, Этиоп, Ямайк, Япон, Нидерланд, Орос, Сингапур, Африк, Өмнөд солонгос, Испани, Их Британи, Швейцари, Уганда, Зинбаб зэрэг дэлхийн 30 орны 400 гаруй тамирчин оролцож буйгаараа онцлог юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх