H-2 виз одоог хүртэл шийдэгдээгүй
2018/05/19
АНУ-д хөдөлмөр эрхлэх Н-2 ангиллын визний асуудал одоог хүртэл шийдэгдээгүй, хоёр улсын яриа хэлэлцээрийн түвшинд байна. Анх манай улсын гадаад хэргийн яам болон АНУ-ын Элчин сайдын яамнаас энэ оны гуравдугаар сараас АНУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлнэ гэж байсан ч хойшлогдсоор өдийг хүрлээ.
Одоогийн байдлаар энэхүү визийг авсан хүн байхгүй гэж ГХЯ-наас мэдэгдлээ. H-2 виз нь АНУ-д түр хугацаагаар албан ёсны эрхтэйгээр гадны орны иргэдийг ажиллуулах боломж болгодог. Гэхдээ дотроо H2-A, H-2B гэсэн ангилалтай. H2-A виз нь хөдөө аж ахуйн салбарт, АНУ-ын ажиллах хүч дутагдалтай байгаа үед гадаадын иргэдийг АНУ руу түр хугацааны хөдөө аж ахуйн ажил хийлгэхээр авчрахыг зөвшөөрдөг. Харин H-2B виз нь хөдөө аж ахуйгаас бусад ажиллах хүч дутагдалтай салбарт түр хугацааны эсвэл улирлын чанартай ажил гүйцэтгэхээр АНУ-д зорчих гэж буй хүмүүст хамаардаг аж.