Утаанд “идэгдсэн” тэрбум төгрөг
2018/05/19
Өргөдлийн байнгын хорооноос иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийн талаар албан тушаалтнуудаас тайлбар авах хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор жил бүр улсын төсөвт хөрөнгө суулгадаг боловч зориулалтын дагуу зарцуулагдахгүй байгаа талаар иргэд, байгууллагаас өргөдөл, хүсэлт ирүүлсээр байна. Энд нэг зүйл тодруулахад, уг хүсэлтэд дурдсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг Улсын Их Хурлаас батлаагүй, түүнчлэн Засгийн газрын тусгай сан болох “Цэвэр агаар сан”-гийн төсвийн хяналтын сонсгол нь Нийтийн сонсголын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.3 дахь заалтын дагуу Засгийн газраас явуулах нийтийн сонсголын асуудалд хамаарч байгаа. Иймд Улсын Их Хурал хүсэлтэд дурдсан асуудлаар нийтийн сонсгол явуулах боломжгүй юм. Харин Өргөдлийн байнгын хорооны дүрмийн 5.1.7-д заасны дагуу холбогдох байгууллага, албан тушаалтнаас тайлбар, мэдээллийг сонсож, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, цаашид авах арга хэмжээний талаар байр сууриа нэгтгэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Ингээд холбогдох албан тушаалтнууд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан мэдээлэл хийв. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Ц.Батбаяр хийсэн мэдээлэлдээ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А-11 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Архивын ерөнхий газарт хадгалагдаж байгаа “Цэвэр агаар сан”-гийн санхүү, үйл ажиллагааны архивын эх материалтай танилцаж, 92.2 тэрбум төгрөг зарцуулсан талаарх мэдээллийг нэгтгэн гаргасан. Тус сангаас хэрэгжүүлсэн арга хэмжээнд Үндэсний аудитын газар, Мөрдөн байцаах газар, Авилгалтай тэмцэх газраас тус тус ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар мэдээлэл ирүүлсэн гэв.
Тодруулга:
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулинд 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нэмэлт өөрчлөлт орж “Цэвэр агаарын сан”-г байгуулсан. Цэвэр агаарын сан 2011-2015 онд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 90 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт орж тус сан татан буугдсан.
Дараа нь Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийнн дарга А.Энхбат “Цэвэр агаар сан”-гийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хийж, ажлын хэсгээс гаргасан дүгнэлт танилцуулав. Үүнд, цаашид “Цэвэр агаар сан”-гийн 5 жилийн үйл ажиллагаанд санхүүгийн болон аудитын мэргэшсэн байгууллагаар шалгуулан дүгнэлт гаргах нь зүйтэй гэж үзэв.
Уг мэдээлэлд,
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор төрөөс болон олон улсын байгууллагуудаас санхүүжилт авч, зарцуулсан хөрөнгө нь бодит байдалтай нийцэхгүй байгаа нь нууц биш. Хариуцлагын асуудлыг Өргөдлийн байнгын хороо хөндөж байгаад талархал илэрхийлье. Агаарын бохирдлоос үүдэн эрүүл мэндийн салбарт хөрөнгө мөнгөний дарамт, хохирол учруулж байна. Иймд хариуцлага тооцдог нэгж бий болгож, өнөөдрийн хэлэлцүүлгээс бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Үргэлжлүүлэн Ерөнхий аудиторын орлогч С.Бүрэнбат, Үндэсний аудитын газар нь Цэвэр агаар сангийн хөрөнгийн зарцуулалт болон агаарын бохирдлыг бууруулах, утаа бага гаргах түлш боловсруулах зориулалтаар төсвөөс санхүүжүүлсэн хөрөнгийн зарцуулалт, үр дүнд Үндэсний аудитын газрын төрөлжсөн аудитын газруудаас 2009-2014 онд нийтдээ 3 удаа гүйцэтгэлийн болон нийцлийн аудит, Цэвэр агаар сангийн жилийн эцсийн санхүүгийн тайланд 3 удаа санхүүгийн тайлангийн аудит хийсэн байна.
Гүйцэтгэлийн аудитын тухайд:
2010 онд “Төсвөөс 2009 онд утаа бага гаргах зориулалт бүхий түлш боловсруулахаар санхүүжүүлсэн хөрөнгийн зарцуулалт, үр дүн”-д гүйцэтгэлийн аудит хийж, аудитын дүгнэлтэд үндэслэн ЭБЭХ-ний сайд болон Нийслэлийн Засаг даргад утаагүй түлшний хэрэглээг дэмжих, бэлтгэл ажлыг хангуулах, хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээний үр өгөөж, үр дүнг бодитой тогтоох талаар зөвлөмж өгчээ.
Нийцлийн аудитын тухайд:
Нийцлийн аудитын газар 2013 онд “Цэвэр агаар сангийн 2011-2013 оны үйл ажиллагааны хэрэгжилт”-д, 2014 онд““ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн 210 мянган тн хагас коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх хөрөнгийн зарцуулалт, үр дүн”-д тус тус нийцлийн аудит хийж, дүгнэлтдээ үндэслэн хууль зөрчиж худалдан авах ажиллагааг зохион байгуулсан этгээд болон гэрээний үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч компаниудын бүртгэл хөтлөн, хариуцлага тооцох, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний үр өгөөж, үр дүнг бодитой үнэн зөв тооцож ажиллах, агаарын бохирдол болон утааны хор холбогдлыг багасгах талаар сурталчилгааг үр дүнтэй зохион байгуулах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд зөвлөмж өгчээ.
Санхүүгийн тайлангийн аудитын тухайд:
Цэвэр агаар сангийн 2011, 2014 оны санхүүгийн тайланд “Зөрчилгүй” гэсэн дүгнэлт өгч байсан. Харин Төсвийн тухай хуульд заасан хугацаанд санхүүгийн тайлангаа ирүүлээгүй, түүнчлэн санхүүгийн тайлан 2.3 тэрбум, төсвийн гүйцэтгэлийн тайлан 1.2 тэрбум төгрөгийн зөрүүтэй байснаас Цэвэр агаар сангийн 2013 оны санхүүгийн тайланд “Дүгнэлт өгөхөөс татгалзах” санал дүгнэлт гаргасан талаар мэдээлэлдээ дурджээ.
“Дүгнэлт өгөхөөс татгалзах” санал дүгнэлт гарсны дараа холбогдох байгууллага албан тушаалтнууд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар аль ч байгууллагын тайланд тусгагдаагүй байна.
Үндэсний аудитын газар нь УИХ-ын Төсвийн Байнгын хорооны 2018 оны 2 дугаар тогтоолын дагуу “Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүн”-д гүйцэтгэлийн аудит хийж, тайланг 2018 оны 9 сард багтаан УИХ-д хүргүүлэхээр төлөвлөж байна гэв.
Мэдээлэл сонссоны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, 147 тэрбум төгрөгийг 4 жилийн хугацаанд салхинд хийсгэсэн байна. Энэ мөнгийг зуух, гэрийн бүрээс, автобусны хосолмол хөдөлгүүр зэрэгт зарцуулсан байна, гэтэл өнөөдөр бодит үр дүнд хүрээгүй байна. Үүнд хэнд хариуцлага тооцох талаар тодрууллаа.
Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, яндан буулгах ажил энэ жил эрчимтэй хийгдэж байгаа. Түүхий нүүрс ашиглахыг хориглох шийдвэр гарсан, 2019 оны 5 дугаар сараас эхлэн хэрэгжинэ, түүхий нүүрс орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэгдэл байгуулагдсан болно. Өнөөдрийн байдлаар 8 үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон гэв.
Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, тайлан, мэдээлэлтэй танилцахад зөвхөн зар сурталчилгаанд зуун зуун сая төгрөг, мөн “Цэвэр агаар сан”-гийн дотоод зардалд л гэхэд 933 сая төгрөг зарцуулсан байна. Аудитын тайланд “дүгнэлт өгөхөөс татгалзсан” гэсэн байх юм. Үүнд тайлбар өгөхийг хүсье гэлээ.
Гүйцэтгэлийн аудитор М.Давааням хийсэн тайлбартаа, тухайн үеийн тайлан нь хугацаа нь хоцорсон төдийгүй үнийн дүн зөрсөн байсан учир аудитын дүгнэлт гаргах боломжгүй байсан гэв.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, өмнөх жилүүдэд зарцуулсан сая сая ам.долларын үр дүн байхгүй байгаад маш их харамсалтай байна. Удахгуй БНСУ-аас 500 сая ам.долларын хөнгөлттэй зээл авахаар яригдаж байна, үүнийг юунд зарцуулах, төсөв боловсруулсан эсэх талаар тодруулав.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа ирэх 6 дугаар сараас төсөл, хөтөлбөрүүдийг нэгтгэн УИХ-ын Байнгын хорооны хуралдаанд танилцуулах болно. Түүнчлэн БНХАУ-аас орж ирэх 2 тэрбум юанаас түрээсийн орон сууцанд зарцуулахад анхааран ажиллаж байна.
УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсны дараа саналаа хэлэв. Тухайлахад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, агаарын бохирдлыг бууруулах нэрийдлээр 197 сая төгрөгийг зөвхөн хэвлэл мэдээлэлд зарцуулсан байна, үүнээс гадна 327 сая төгрөгөөр цахим хуудас нээх, сурталчилгааны зориулалтаар 2.4 тэрбум төгрөгийг вэб сайтуудад шилжүүлсэн зэрэг баримтууд байна. Мөнгө авсан аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг нь байна. Эдгээр хүмүүсийг шалгаж, хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэсэн санал хэлэв.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, үргүй зардлыг дахин гаргахгүйн тулд хариуцлагыг өндөржүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэлээ.
Ийнхүү өнөөдрийн хэлэлцүүлгийг Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг дүгнэж, хэлэлцүүлгийн явцад оролцогчдоос гаргасан саналыг үндэслэн дараахь зөвлөмжийг гаргав:
Үүнд, “Цэвэр агаар сан”-гийн Үндэсний аудитын газраас хийсэн гүйцэтгэлийн, санхүүгийн болон нийцлийн аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг хянан шалгах, тухайлбал, Цэвэр агаар сангийн 2013 оны санхүүгийн тайлан 2.3 тэрбум, төсвийн гүйцэтгэлийн тайлан 1.2 тэрбум төгрөгийн зөрсөн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, “Цэвэр агаар сан”-д учирсан хохирлыг тодорхой болгож, уг хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авах; Мөн төсөл хөтөлбөр тус бүр дээр гарсан зардал, үр өгөөжийн тооцоог хянан үзэж, буруутай этгээдэд хариуцлага тооцох хэмээн туссан байна.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Б.Энх-Амгалан, Д.Дамба-Очир, холбогдох яам, нийслэл, ТББ болон иргэдийн төлөөлөл оролцлоо
niigmiintoli.mn
Зочин · 2018/05/21
эдний хуруу гарыг тайрч байж хашрах байхдаа