649 жолоочид 12 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
2018/05/23
Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад дүрэм зөрчин зогсож байгаа зөрчлийг таслан зогсоох зорилгоор хяналт, шалгалтыг тогтмол явуулж байна.
Шалгалтын хүрээнд 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд автомашинаа байршуулж саад учруулсан 649 жолоочид 12,980,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээг тооцож Замын хөдөлгөөний Удирдлагын төв рүү шилжүүлэн гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлэх арга хэмжээг авчээ.
Иймд жолоочид нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохгүй байх, зөвхөн зориулалтын зогсоолд автомашинаа зогсоож, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна.
Замын хөдөлгөөний дүрмийн 11.5.в/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр буюу түүнд 15 метрээс ойр зайд (тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд) автобусны зогсоолд зогсож хөдөлгөөнд нь саад болсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлэг 14.7 зүйлийн 14.7.35 дахь хэсэгт заасны дагуу хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээ /20000 төгрөг/-ээр торгох шийтгэл оногдуулдаг.