Г.Дорж-Идэн: Монголын автомашинаас гардаг дутуу шаталтын хий химийн зэвсэг л гэсэн үг
2018/05/24
Машинаас гардаг хорт утааг арилгадаг төхөөрөмж зохион бүтээж, авто оношилгооны бичгээ авсан Иргэний хамгаалалтын хурандаа, бэлтгэл офицер Г.Дорж-Идэнтэй ярилцлаа. Тэрбээр эл бүтээлийнхээ үр дүнгийн талаар холбогдох албан тушаалтан, ард иргэдэд хүргэхийг зорьсон ч эрх бүхий дарга нар тоогоогүй гэнэ.
-Та сайхан хаваржиж байна уу. Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Би хувь хүнийхээ зүгээс хэлэхэд ах нь арилжаа наймааны талаар ямар ч мэдлэг байхгүй. Энэ төхөөрөмжөө бизнес хийх зориулалтаар зохион бүтээгээгүй. Тиймээс өөрийнхөө тухай нээх их юм яримааргүй байна. Би Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод амьдардаг, иргэний хамгаалалтын хүмүүнлэг мэргэжил эзэмшсэний хувьд агаарын бохирдол, машины хорт утааг багасгах юмсан гэсэн бол сэтгэлдээ тээж явдаг.
Мөн би иргэний хамгаалалтын салбарын хүн учир, байлдааны цагт цөмийн, химийн зэвсгээс, тайван цагт үйлдвэрлэлийн осол, байгалийн гамшгаас иргэдийг хамгаалах үйлсэд амь насаа зориулахаар тангараг өргөсөн хүн. Иймдээ ч энэ утааны Гамшгийн хор хөнөөлийг жирийн иргэдээс арай илүү мэднэ.
Иймийн учир 10 гаруй жилийн өмнөөс машины дутуу шаталтын хорт утааг арилгах төхөөрөмжийн санаагаа олж, зохион бүтээж, одоо сайжруулан тав дахь загвараа гаргаж чадлаа. Энэ удаагийн загвар маань европ стандартыг бүрэн хангаж чадсан бүтээл болсон.
-Машины хорт утааг арилгах төхөөрөмжийнхөө талаар дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?
-Автомашины утаа бол химийн хортой элементүүдийн нэгдэл. Энэ элементүүдийг задлах зүйл одоогоор дэлхийд гарч ирээгүй. Өнөөдөр бидний утааны гамшиг гээд яриад байгаа зүйл чинь үнэндээ автомашинаас гарч байгаа хорт угаар юм шүү дээ. Энэ чинь л хүний амьсгалын орчинд тархаж, химийн хорт нэгдлүүдтэй учир агаарт дэгдэж чадахгүй хөрсөнд сууж бохирдол үүсгэж байгаа хэрэг.
Ялангуяа Монгол шиг хүйтний улирал удаан үргэлжилдэг, хот төлөвлөлт муутай, автомашин ихтэй оронд нийслэлийн автомашинуудаас гарч буй дутуу шаталтын хий гэдэг чинь химийн зэвсэг л гэсэн үг. Ялангуяа хүйтний улиралд “хөлдүү" машиныг асаахад дутуу шаталтын хий асар их гардаг, Энэ дутуу шаталтын хэмжээг маш үр дүнтэйгээр арилгах зориулалттайгаар дээрх төхөөрөмжийг зохион бүтээсэн. Хэр арилгаж байгааг авто оношилгооны газраар шалгуулж, баталгаажуулсан.
Мөн машины мотор халах хүртэл 25-40 минут асаалттай байлгах, шатахууныг хэмнэх эдийн засгийн үр ашигтай бөгөөд тэр хугацаанд агаарт цацагдаж байгаа хорыг бүрэн арилгана. Үүнээс гадна зааврын дагуу ашиглахад ганц өвөлд нэг сая орчим төгрөгийг шатахуунаа хэмнэх боломжтой гэсэн тооцоо бий. Өмнөх загварыг хэрэглэж байгаа хүмүүс ийм хэмжээнд шатахуун хэмнэж байгааг хэлж талархаж байгаа. Машиныхаа ашиглалтын хугацааг уртасгах, эдийн засгийн хэмнэлтийг эдлэх, хорт утаанаас холхон байхыг хүсэхгүй хүн байхгүй гэж бодож байна.
-Та өөрийн төхөөрөмжөө холбогдох албаны хүмүүст танилцуулсан уу?
-Настай хүний үгийг нохой хуцсанаас илүү үздэггүй, иргэндээ итгэхээ больсон цаг үе юм уу даа. Өмнөх засгийн үед Ерөнхийлөгч, Байгаль орчны сайд, Улаанбаатар хотын дарга нартай уулзах гэхэд зөвлөх, туслахууд нь л намайг хүлээж аваад “Ямар мундаг юм бэ” гээд л өнгөрөөсөн. Сүүлдээ энэ санаагаа орхиё гэж бодож яваад өнгөрсөн онд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяатай уулзах боломж гарч, санаагаа танилцуулахад их баяртайгаар хүлээн авсан. Гэхдээ “Надад дүүрэгт агаарын бохирдлын сан байхгүй учир би мөнгөөр тусалж чадахгүй нь.
Харин иргэддээ энэ төхөөрөмжийг танилцуулах, хэрэглүүлэх тал дээр зохион байгуулалтын ажил хийж өгье. Та энэ бүтээлийн санаагаа битгий орхиорой, маш хэрэгтэй зүйл байна” гэж сэтгэл санаагаар дэмжсэн. Хүн нас ахиад ирэхээр бусдын үгэнд их урамшдаг болдог юм байна. Ингээд бүтээлээ илүү сайжруулахаар шийдэж гадагшаа явж судалж, сүүлийн загвараа гаргасан. Олон жилийн судалгааны явцад дутуу шаталтын хорыг бүрэн арилгах ийм төхөөрөмж олон улсад ч байхгүй юм байна гэдгийг олж мэдсэнээр энэ төхөөрөмжийг бүтээх зорилго улам их төрсөн.
-Таны төхөөрөмж утаанд хордож байгаа иргэн бүр, автомашин унаж байгаа жолооч бүрт хэрэгтэй санагдлаа?
-Ахад нь мөнгө хөрөнгө байхгүй. Түмний төлөө гэсэн сэтгэл л бий. Санаж зорьж, бүтээх гэж явахад болохгүй юм байдаггүй юм байна. Үүнд л баярлаж явна. Миний төхөөрөмж автомашинтай хүн бүрийн байнгын хэрэглээ болж утаатай Улаанбаатар хот маань хорт утаагүй болох. Цаашлаад олон улсад Улаанбаатар хот хорт утаагүй Улаанбаатар боллоо хэмээн зарлагдана гэдэгт бүрэн итгэж байна.
T.Эрдэнэ
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Зочин · 2018/05/24
Би авмаар байна хаанаас авах вэ?