Шүүхэд нотлох баримтыг хуурамчаар үйлдээд ял авсан хэрэг орон нутагт гарчээ
2018/05/25
Цагдаа, шүүхэд худлаа мэдүүлэг өгөх болон хуурамч баримт өгөх юм бол хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Хуулийн энэ зохицуулалтыг иргэд мэдэхгүй болохоор ял авдаг бөгөөд бид энэ талаар хүргэж байсан. Энэ удаад тэтгэвэрт гарах гэж байсан иргэн шүүхэд ажилласан жилээ тогтоолгохдоо найзынхаа баярын бичгийг засаж шүүхэд өгснөөр тусласан хүн болон туслуулсан хоёр хүн гэмт хэрэгтэн болсон тухай сэрэмжлүүлж байна.
Монгол Улсын иргэн Бэхсуурь овогт Д.Б нь улсаас авсан гавъяа шагналгүй. Урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/09 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж түүний эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан нэгэн.
Тэрбээр Д.О-тай бүлэглэж 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Д.О ийн урьд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн “Талархал, Баярын бичиг, Дурсамж” зэрэг нотлох баримтуудыг шүүхэд өгөхөөс өмнө зориуд засварласан байна.
Тодруулбал, Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Д.О ийн өгсөн мэдүүлэг үнэн зөв. Бид шифийн холбоотой ажил үүргээ гүйцэтгэдэг байсан. Худалдаанаас болон миний зүгээс Д.О т сайн ажилласан, ур чадвараар нь шагнал урамшуулал болон талархалын бичиг өгдөг байсан. Надаас Д.О өөрийнхөө ажилласан жилээ шүүхээр тогтоолгох гээд материал дутаад байна, туслаж дэмжих зүйл байна уу? гэхээр нь найздаа туслах гэж байгаад ийм зүйл боллоо. Тухайн үед би Д.О т 2 баримт бичиг засварлаж өгсөн. Тухайн үед Д.О т олон талархал, баярын бичиг байдаг байсан. Д.О ийнх дээр үед гэр нь шатаад бичиг баримтууд нь устсан. Мөн архиваас нотлох баримт олдохгүй болохоор нь өөрт байсан баярын бичиг, талархалыг нөхөн олгож байна гэж бодоод л засварлаад өгчихсөн. Би 1977 оны талархалын бичиг, 1984 оны талархалын бичиг зэргийг засварласан. Д.О бид хамт ажиллаж байсан найзууд тул найздаа туслах гэж ийм зүйл хийсэн болохоор мөнгө аваагүй. Өөрийн хуулийн мэдлэг дутмагаасаа болж ийм зүйл хийсэндээ гэмшиж байна. Одоо хууль хүчтэй чанга болсон гэдгийг ойлгож ухаарсан. Өөртөө маш их гэмшиж байгаа. Өмнө нь бид хамт ажилладаг байхдаа бие биедээ тусладаг байсан. Түүний нэг адил найздаа туслаж байна гэж бодсон гэж мэдүүлжээ.
Хуурамчаар баримт бүрдүүлсэн болох нь
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №25 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтэнд:... Шинжилгээнд ирүүлсэн бичиг баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн уг баримтууд нь жинхэнэ. Шинжилгээнд ирүүлсэн баримтууд дээрх О гэх нэрнүүдийг хар өнгийн бичигч хэрэгслээр өмнөх цэнхэр өнгийн бичгийн хэрэгслээр бичсэн нэрийг арилган бичсэн тул хуурамч, талархалын 2 бичиг, 1 баярын бичиг дээрх он cap өдрүүдийг хар өнгийн будагч бичгийн хэрэгсэл ашиглан өмнөх он cap өдрийг арилган шинээр бичсэн тул хуурамч. Баримтууд дээрх бичвэрүүдийн цэг болон таслал дээр тодруулга хийх зорилгоор хар өнгийн бичгийн хэрэгслээр чанга дарж нэвчүүлэх болон цооролт үүсгэж нэмж бичсэн тул баримтууд дээр нэмэлт засвар оруулга хийсэн байна.
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №29 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтэнд:... Шинжилгээнд ирүүлсэн баримтууд нь нэг төрлийн цаасан дээр хэвлэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтууд дээрх нэр болон он cap өдрийг Д.Б гээс авсан загварууд нь: 1984.09.11 гэсэн он cap өдөртэй Баярын бичгэн дээрх гарын үсэг болон он cap өдрийг, Дурсамж гэсэн гарчигтай баримтын гарын үсгүүдтэй тохирч байна. Д.О аас авсан загваруудтай нь: Баярын бичиг гэсэн гарчигтай он cap байхгүй баримтын гарын үсгийг, 2 ширхэг байгаа талархалын бичгийн гарын үсэг, он cap өдрүүдтэй тохирч байна. Д.Б , Д.О нар нь шинжилгээнд ирүүлсэн баримт бичгүүд дээрх нэр болон он сарыг сольж бичиж засварласан байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтууд нь Д.Б , Д.О нараас авсан загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. Шинжлэгдэж байгаа баримтууд дээр бичсэн хүний нэр, он, cap, өдөр, гарын үсэг зэргийг хар өнгийн бүдүүн болон нарийн 2 өөр гардаг тосон бал болон үзгэн балаар бичсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн бичиг баримтан дээр анх цэнхэр өнгийн бичигч хэрэгслээр нэр болон он cap өдөр бичсэн байсныг /баллуур, цаасны хутга гэх мэт зүйлээр/ хусаж арилган засварласан байна гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлтээр баталгаажиж байгаа.
Тэдний энэ хэрэгт Эрүүгийн хуулинд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн. Улмаар яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс Бэхсуурь овогт Д.Б г бүлэглэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд засварласан, шүүгдэгч Дайчин овогт Д.О ийг бүлэглэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд засварласан, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон. Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О , Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар болжээ.
Тиймээс иргэн та хуулийн мэдлэггүйгээсээ болж өөрөө ч өрөөлийг ч гэмт хэрэгтэн болгохгүй байхад анхаарна уу!!!
zaas · 2018/05/25
zaas yun surteiiin.yarshig l bn.