Авлигыг өөгшүүлсэн Монголын шүүх
2018/05/28
Монголын нийгэм урагшлаад байна уу, ухраад байна уу. Нэг бодлоор олон жил бугласан идээ бээр задарч, цэвэршиж байж мэднэ. Гэхдээ нөгөө талаар шударга бус зүйлд боорлуулсан нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх вий гэсэн болгоомжлол өөрийн эрхгүй төрөх юм.
Ингэж хэлэхийн учир нь өнгөрсөн долоо хоногт АТГ-аас нэгэн мэдэгдэл хийв. Уг мэдэгдэлд тус газрынхны ажлын тайлан, анхаарал татсан хэргүүдийн нөхцөл байдал, хэргийн статистик мэдээлэл агуулагджээ.
Олон нийтийн тухайд хамгийн түрүүнд экс Ерөнхий сайд нар, Сангийн сайд асан, төслүүдийн удирдагч нарын хэрэг чухам аль шатанд явааг сонирхож байгаа биз ээ. Гэвч бичигч бээр энэ талаар өгүүлэхгүй. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар хангалттай мэдээлж байгаа.
Тэгвэл АТГ-ын мэдэгдэл дунд тун ноцтой агуулга бүхий хэсэг байсан нь төрийн албан хаагчдын өдүүлсэн хэрэгт ногдуулсан яллах тогтоол, шүүхийн шийдвэр байлаа.
Тодорхой өгүүлбэл “Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгохын тулд аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс 57.5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хахууль авсан Д.Батбаярт 6.5 сая төгрөгөөр торгуулийн ял оногдуулсан. Хахууль өгсөн хуулийн этгээдийг 120 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна” гэж АТГ-ын албан ёсны цахим хуудаст бичсэн байгаа.
Зэрвэс харвал авлигатай тэмцэх үйл хэрэгт ахиц гарч байгаа гэж ярьж байгаа ч авлигачид шүүхийн энэ мэт шийдвэрээр ял завшиж байна. Тухайлбал, 57.5 сая төгрөгийн хахуультай тусгай зөвшөөрлийн өгөх ашиг авлигын хэмжээнээс нь хэд дахин илүү байж таарна. Өөрөөр хэлбэл, улс хохирсон байж таарах нь. Гэвч мань даргыг шүүхээс яллахдаа 6.5 сая төгрөгөөр торгоод өнгөрсөн нь хачирхалтай. Хахуульдагч этгээд ч хэдэн төгрөгөөр торгуулаад өөр бусдаар зүгээр өнгөрсөн ажээ.
Гэтэл яг энэ мэдэгдлийн дор “Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицероор ажиллаж байсан С.Гансүх нь тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож явсан иргэн С-ээс бусдаар зуучлуулан 200 мянган төгрөгийн хахууль авсан хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх хэлэлцэж 1.6 жилийн хорих ял оногдуулж, тэнсэж шийдвэрлэгдсэн” гэсэн мэдээлэл байгаа.
Бас л нэг авлигын хэрэг. Согтуу жолоочийг торгож, бичиг баримтыг нь хураан, машиныг журамлаж, жолоодох эрхийг нь нэг жилээр хасалгүйгээр 200 мянган төгрөгийн хахууль авсан нь согтуу жолооч нарыг давраасан хэрэг яах аргагүй мөн.
Гэхдээ энэ эргүүлийн цагдаагийн авсан 200 мянган төгрөгийн хахуулийг 57.5 сая төгрөгийн авлигатай харьцуулахад ямар зааг ялгаа байгааг хэн бүхэн хэлэх биз. Харин шүүхээс оногдуулж байгаа ялыг бол ойлгох юм алга.
Хамгийн энгийнээр бол хорих ялыг мөнгөн торгуулиар солиод авчхаж болдог гэж ойлгохоор ажээ. Дээрх хоёр албан тушаалтны эрх, үүрэг, хариуцлага өөр, ажил үүргийн хуваарь ялгаатай байж болох ч газрын хэлтсийн дарга хагас зуун саяын авлига авсан ч торгуулаад өнгөрдөг, харин эргүүлийн цагдаа 200 мянгын хахууль аваад жил хагас хоригдохоор яллуулжээ.
Эрх мэдлийн ялгаатай албан тушаалтнуудын авах ял ч өөр гэдгийг баталсан дараагийн нэг жишээ нь “Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь 90.7 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт тус газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Д.Батмагнайд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1,2.2-т зааснаар 9.5 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна" гэсэн хэсэг.
Энэ нөхрийн тухайд өмнөх хоёр жишээнд дурдагдсан этгээдүүдээс хамаагүй өндөр албан тушаалтай, авсан хахууль нь ч бүр их. 2-3 залуу гэр бүл нэг өрөө байртай болохуйц мөнгө. Хамгийн гол нь тэрбээр бусдаас хахууль авсангүй харин төрийн мөнгөнөөс шууд хувьдаа завшсан байлаа. Гэтэл 9.5 сая төгрөгийн торгох ялыг шүүхээс оногдуулжээ. Улсын хохирлыг барагдуулсан эсэх нь тодорхойгүй.
Ер нь бол бараг 100 саяыг хувьдаа завшсан этгээдэд 9.5 сая төгрөгийн торгууль төлөх нь ганц сарын зарлагатай нь тэнцэх зардал байж таарна. Өөрөөр хэлбэл, энэ бол Монголын шүүхийн өнөөгийн байдал. Он гарсны дараахан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүгч нараас ам асууж бөөн асуудал дэгдээсэн. Тэрбээр шүүгч нарын хөрөнгөжсөн байдлыг шалгах ёстой гэх шаардлагыг хуулийн байгууллагуудаас шаардсан юм.
Түүний хэлснээр тэрбумын хадгаламж, олон зуун саяын орон сууц, өндөр үнэтэй автомашин бол шүүгч нарын зүгээр л хэрэглээ. Өнөөдөр Туул голын эрэг дэх тансаг орон сууцны хотхонд маш олон шүүгч амьдарч байгаа гэсэн.
Гэтэл нөгөө хотхоных нь хамгийн хямдхан байр 500 сая гэдэг. Мэдээж үүнийг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс няцааж, шүүгч нарын ХОМ-ийг тэрхэн зуур олон нийт танилцуулсан. Танилцуулсан ч гэж дээ, ганц хоноо ч үгүй байхад нь сайтаасаа аваад хаячихсан байсан.
Тэгвэл АТГ-ын энэ мэдэгдлийг харвал, шүүхийн шийдвэр том дарга нарт зөөлөн, бага гарын ажилтнуудад тун жинтэй тусч байна гэж олон нийт үзэж байна.
Иймд АТГ-аас шүүгч нэг бүрийн ХОМ-тэй тулж ажиллавал ээдрээтэй олон асуулттай тулж мэдэх нь гэх хардлага үнэн болж мэдэх нь ээ.
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"
zochin · 2018/05/29
ЭЛБЭГДОРЖ М. ЭНХБОЛД БАДАМЖУНАЙ НАРЫН АВИЛГЫГ МАШ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
Elbegdorjiin hamaatan · 2018/05/28
Shvvhiig elbegdorj iim bolgoson jinhene avilgaliin zagalmaisan etseg ..
Зочин · 2018/05/28
Ene shuukhchdiig shuud l budaj alah heregtei uur um bhgui
зочин · 2018/05/28
Нэг их өндөр цалин авчихаад л хуулиа ч хэрэгжүүлж чадахгүй баларч яваа шүүгч нарыг яанаа.Энэ хариуцлагагүй үйлдийн цаана нөгөөл хүүхэд дайрчихаад ямарч ялгүй өнгөрч чаддаг Лүнднэдорж.Ганц шүүгч нэг миллард төгрөгийн хахуул авч яагаад болдоггүй юмуу гэх ухааны юм яриад зогсч байдаг.Энэ нөхрийн бодлогогүй алхам мэдлэг чадварын дорой байдал л шүүгч нарыг улам давруулж бас өндөр цалингийн цаана юу,ямар мэдлэг чадвартай хүн сууж байгааг харуулсан жишээ л энэ юмдаа