800 гаруй сурагч амралт зугаалгаар явж зөрчил гаргажээ
2018/05/28
БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газраас ажлын хэсэг гарч, ЕБС-ийн сурагчид нийслэлийн ногоон бүсэд эко аялал зохион байгуулж буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Улаанбаатар хот орчмын ногоон бүс буюу Тэрэлж, Хандгайт, Эмээлт, Богд уул гэсэн үндсэн чиглэлд хяналт шалгалт хийхэд 5 дүүргийн 17 сургуулийн 32 бүлгийн 800 гаруй сурагч амралт зугаалгаар явж байсан нь илэрсэн байна.
Тодруулбал, ямар нэг амралтын газарт бус Тэрэлжийн голын хөндийд 7, 11 дүгээр ангийн 2 бүлэг, Гүнжийн сүм орчимд 1, 5 дугаар ангийн 2 бүлэг багш, эцэг эхийн төлөөллийн хамт зугаалж байсантай таарч, хүүхдүүдтэй уулзаж, анхааруулга чиглэл өгчээ. Шалгалтын үр дүнд үндэслэн нийт боловсролын байгууллага, эцэг, эхчүүдэд зориулан дараах зөвлөмжийг гаргав.
-Амралт зугаалга зохион байгуулахдаа сурагчид хураамж, төлбөр төлж амарч байгаа нь хуульд заагаагүй төлбөр хураамжийн нэг хэлбэр болох тул холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
- Амралт зугаалга зохион байгуулсан сургууль, анги, бүлгүүд нь БСШУС-ын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/147 дугаар тушаал, Чиглэл хүргүүлэх тухай 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1а/3496 дугаар албан бичиг, нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр Албан даалгаврын холбогдох заалтыг зөрчиж байна.
Тиймээс Нийслэлийн Засаг даргад албан бичиг хүргүүлж, холбогдох сургуулийн захирлуудад арга хэмжээ тооцож, анхааруулга санамж өгч ажиллах, холбогдох чиглэлийн дагуу хяналт тавьж ажиллах чиглэлээр дахин чиглэл хүргүүлжээ.