Маршалд итгэгдсэн Н.Лхамсүрэнг шившиглэсэн түүх
2018/05/28
Дипломатчийн хөрөг нийтлэл
СССР-т хүчтэй гүйцэтгэх засаглал тогтчихлоо. Харин Монголд тэр нь сулхан мэт Цэдэнбалд санагджээ. Түүнийг бэхжүүлэх хэрэгтэй.
Намыг нам чигээр нь ажиллуулахаас бус төрийн дээр гаргахгүй, тэр утгаар Н.Лхамсүрэнг төрөөс холдуулж, намын өндөр албан тушаал руу гулсуулсан байх магадлалтай. Н.Лхамсүрэн нь Чойбалсангийн итгэлийг хүлээсэн, бүр 1940 онд Мал тариалангийн яамны сайдаар томилогдож байсан (1940.07.06-1942.05.15), түүхэн үйл явдлуудад гар бие оролцсон, Ерөнхий сайдын орлогч, ГЯЯ-ны сайд, УБХ-ын гишүүн явсан, Улсын Их Хурлын депутат байгаагийн хувьд хүчтэй гүйцэтгэх засаглалд Цэдэнбалтай ана мана өрсөлдөх үе тэнгийн нэгэн байсанд хамаг учир оршино. Тэгээд ч маршал өөрийнхөө залгамжлагчид дотор Лхамсүрэнг оруулан тооцож, нэрлэж байсан гэх аман түүх байдаг юм билээ.
Анхаарал татах өөр нэг асуудал байна. Маршал Чойбалсангийн үед 1951 оны зургадугаар сарын 10-нд Улсын Их Хурлыг сонгох сонгууль явуулсан бол тун удалгүй 1954 оны зургадугаар сарын 13- нд дараагийнхаа сонгуулийг явуулсан байх аж. БНМАУ-ын Их хуралд депутатаар сонгогдсон 295 хүний нэрс дотор 90 дүгээрт “Намтайширийн Лхамсүрэн –Батсүмбэрийн сонгуулийн тойрог” гээд байж байна. Төр- засагт хамааралгүй намын ажилтан Лхамсүрэн депутат нь депутат байжээ. Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Б.Ширэндэв, Ерөнхий сайдын орлогч С.Лувсан, Д.Майдар, Л.Цэнд гэж жагссан байна.
СССР-т Маленков Сайд нарын Зөвлөлийн даргаараа бэхжиж, коммунист намын дарга арын эгнээнд байсан үйл явдлыг Монголд хуулбарлан буулгаж, баталгаажуулахын тулд Цэдэнбал дахин сонгууль явуулж шинэ Улсын Их Хурал байгуулах, БНМАУ- ын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын хоосон албан тушаалд (Г.Бумцэнд 1953.09.23-нд таалал төгссөнөөс хойш) ГЯЯ-ны орлогч сайдaap ажиллаж байгаад Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга болсон Ж.Самбууг гэв гэнэт шатгүй ахиулж томилуулан, тэгснээрээ төрийн дээд байгууллагыг хяналтдаа авах далдын санаагаар энэ бүх ажиллагаа нөхцөлдсөн байх магадлалтай.
Тэр үед Лхамсүрэнгийн эрхэлж байсан Үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга гэдэг нь ямар үүрэгтэй албан тушаал вэ? Аугаа их эх орны дайны тухай, Зөвлөлтийн армийн чөлөөлөх байлдаан, фашизмын эсрэг хүн төрөлхтний тэмцлийн талаар Монголын ард түмэнд байнга мэдээлж байх үүрэг бүхий МАХН-ын Төв хорооны Үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн даргаар анх 1944 онд Б.Ширэндэв (Н.Лхамсүрэнгийн дурдаж ярьснаар Ширэндэв нь намын гишүүн биш байхдаа) томилогдож, 1948 он хүртэл ажилласан бол 1948-1950 онд С.Чойжамц, 1950-1951 онд М.Лувсанцэрэн, 1951-1954 онд С.Сосорбарам, 1954-1957 онд Н.Лхамсүрэн, 1957- 1958 онд Ч.Сүрэнжав, 1958-1960 онд Д.Төмөр-О чир, 1960-1962 онд Л.Цэнд, 1962 онд Д.Төмөр-Очир, 1962-1972 онд Б.Лхамсүрэн гэж жагссаар 1990 онд Ц.Балхаажаваар дуусдаг.
Харин намынхаа тэр дээд албанд Н.Лхамсүрэн яагаад удаагүй вэ гэдэг нь олон хариулт бүхий эгзэгтэй сэдэв юм. ЗХУКН-ын ХХ Их хурлын үзэл санааг хүлээн авч дэмжиж, улс орны тулгамдсан асуудлаа илэн далангүй хэлэлцсэн МАХН-ын Төв хорооны 1956 оны 4 дөрөвүгээр сард болсон IV Бүгд хурал дээр МХЗЭ-ийн Төв хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ядамсүрэн МАХН-ын Төв хорооны Үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэнг ширүүн шүүмжилсэн үг хэлжээ. Энэ шүүмжлэлээс улбаатайгаар түүнийг улс төрөөс зайлуулах ажиллагаа эхэлсэн болов уу гэх таамаг төрж байна. Бүгд хурлын тэмдэглэлээс ийм дүгнэлт хийж болно. Ядамсүрэнгийн хэлэх үгийг ч эртнээс маш нягт боловсруулж, үүрэг чиглэл өгч, Улс төрийн товчооны гишүүнийг (Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны жинхэнэ гишүүн, нам-засгийн нэг удирдагчийг шүү!) бүдүүн зүрх гарган нэр заан шүүмжлэх эрх олгосон байх магадлалтай.
МХЗЭ-ийн Төв хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ядамсүрэн шүүмжлэлийнхээ эхэнд өөрөө толгойлж байгаа эвлэлийн байгууллагаа хайр найргүй дайрч, үгүйсгэж, залуучуудын хүмүүжил унасныг баримтаар авч өгчээ. Сурагчдын сахилга, хүмүүжил, сурах бичиг, оюутны хүмүүжил гэхчлэн ярьж явснаа намын үзэл суртлын ажил руу орж ярьжээ. Үзэл суртлын ажлыг эрс сайжруулах хэрэгтэй, сайжруулах хэрэгтэй гэдгийг ч ЗХУКН-ын ХХ Их хурал заалаа гэснээ ингэж ярьжээ:
- Онолын зарим чухал асуудлын талаар хариу өгөхөд н.Лхамсүрэн огт анхаарал тавихгүй байна. н.Лхамсүрэнг бид мэдлэг зүтгэлтэй сайн хүн гэж үнэлж, түүний үгийг анхааралтай сонсдог байсан. н.Лхамсүрэн Чойжамцыг нарийн бичгийн дарга байхад шүүмжлэхдээ ажил сайжруулах нөхцөл суртлын хэлтэст бүрэн байна. Хэлтсийн ажилтан нь бүгд дээд боловсролтой хүмүүс юм гэж байсан. Харин одоо ажиллах бололцоо ба хэлтсийн чадвар нь бүр ч их дээшилсэн юм.
- ЗХУКН-ын ХIХ Их хурлын дараагаар хотын намын идэвхтний хурал дээр н.Лхамсүрэн “Би үзэл суртлын ажлын чухлыг одоо сайн ойлгож байна, би Намын дээд сургуулийн марксизм-ленинизмийн кафедрын эрхлэгчийн ажлыг муу хийж байгаа” гэж, түүнийгээ сайжруулна гэж үүрэг авч байсныг санаж байна.
- Гэтэл Лхамсүрэнгийн ам, ажил хоёр сүүлийн үед сүрхий зөрөх болжээ.
- Ер нь н.Лхамсүрэн намын эрх ашгийн үүднээс биш, тийм нялуун зангаар хүнтэй харьцдаг, хэдхэн тооны сэхээтэнтэй мөр алгадалцан явах замаар харилцаж байдгаас одоо нийтийн дунд н.Лхамсүрэн ярьсан гэдэг сайн муу яриа, бусдыг үнэлж дүгнэсэн яриа гарах болжээ. Ийм том хариуцлагатай хүн тийм бэртэгчин зан гаргаж болохгүй.
- Лхамсүрэн хоёр жилийн өмнө шинэ сэргэг байхдаа онолын зарим асуудалд хариу өгмөөр эхэлсэн боловч тэр эхлэл нь н.Дэлэгийн бичсэн “Зарц ядуусын тухай” алдаатай статъя гарсан, үүнийг н.Лхамсүрэн даан ч хийсвэр уншиж гаргасан байна.
- Энэ алдаатай статъяг н.Лхамсүрэн өөрөө үзэж гаргасан учир төдий л яриа болголгүй өнгөрүүлсэн юм. Үүний хамт н.Лхамсүрэн алдаа гаргахаас айж онолын асуудалд хариу өгөх зүрх нь хүрэхээ больсон байна.
- Үзэл суртлын ажлын амьдралаас тасархай их дутагдлын хамт урлагийн ажилд их дутагдал оршиж байна гэхчлэн ярьжээ.
МХЗЭ-ийн Төв хороог толгойж асан энэ хүний шүүмж цаашид нэг хүнийг тахин шүтэж байсны хор уршиг, аймгийн намын хороодын ажил, Лоохуузын шүүмжлэлийг өөлсөн эсэргүүцсэн, дутагдал байгаа ч н.Цэдэнбал, н.Дамба нарыг итгэл эвдсэн гэж үзэх үндэстэй баримт байхгүй тухай, Чойбалсангийн дараа Ерөнхий сайдыг томилоход дөрвөн хүнээр санал хураагдсан гэж н.Лоохууз ярьсан нь чавганц эхнэрүүдийн дотор байдаг хов живийн яриа, харин Сүрэнжав маршалыг нас барсны дараа хэсэг хүн цуглуулж Ерөнхий сайдын байр суурийн төлөө явууллага хийсэн нь үнэн гэхчлэн ярьсан байна. Цэрэндорж бичиж, Арильдий зассан тэр үг Төв хорооны IV Бүгд хурлын дэлгэрэнгүй тэмдэглэлд үлджээ. Эл Бүгд хурал дээр Ерөнхий сайд Ю.Цэдэнбалын тавьсан илтгэлээс энд хамаарахгүй ч ганц абзац эшлэмээр байна.
- Зөвлөлтийн бүх ард түмэн, ЗХУКН, Зөвлөлт Засгийн газар нь манай ард түмнийг хамгийн анхны хань, анхны ардчилсан улс гэж үздэг юм.
- Тэд манай хоёр ард түмэн бол сайн сайхныг ч, хүнд бэрхийг ч хамт үзсэн юм гэж их дотноор харилцдаг юм.
- Жишээ нь, нэг хүлээн авалт дээр нөхөр В.М.Молотов хундага өргөж манай улсыг “Ардчилсан улсуудын анхны алтан хараацай” гэж нэрлэсэн.
- Энэ юуг хэлж байна вэ гэвэл манай орны давшилтыг их өндөр үнэлж байгаа юм. Энэ үнэлэлт манай ард түмнийг их зоригжуулж байгаа хэрэг гэжээ.
Ийнхүү маршал Чойбалсангийн үнэнч шавь, манай нам, улс, нийгмийн үйл хэрэгт үнэнч, манай нам, төр-нийгмийн идэвхтэй зүтгэлтний нэг Намтайширын Лхамсүрэнг анх удаа олны нүдэн дээр шившиглэжээ. Тэрхүү гайтай Бүгд хурлын дараа түүнийг Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын үүрэг ажлаас бүрмөсөн (үүрд) чөлөөлжээ.
Шившиглэх ажиллагаанд хожим Цэдэнбалыг буруутгадаг. Тэр хоёрын дунд ямар нэгэн зөрчил, үл ойлголцол байсан болоод л Лхамсүрэн нь үхэн үхтлээ гомдож өширхөж явсан болов уу.
Ингэхэд Лхамсүрэн гэгч хэн байв гэдэгт олон өнцгөөс хариулт хайя. 1944 оны зунаас яригдах сэдэв. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Монголд айлчилсны дараа Улаанбаатарт хөл хөдөлгөөн эрс идэвхжжээ. Дэлхийн томхон гүрэн, II дайны холбоотон гүрэн-АНУ-ын төрийн том зочныг амжилттай хүлээн авсан Монголын удирдагчдад эрх чөлөөний амт илэрхий мэдрэгджээ. 1944 оны сүүлчээр БНМАУ-ын Ерөнхий сайд маршал Х.Чойбалсан ЗСБНХУ-д ажлын айлчлал хийв. Үүнээс өмнөх айлчлалууд нь албан ёсны гэж тооцогддоггүй байлаа. Б.Жаргалсайхан гуайн “Алаг жарны бодрол” номд дурссанаар, айлчлалын явцад маршал Москва дахь Элчин яамандаа зочилж, Элчин Ж.Самбуутай удтал хөөрөлдөх зуураа “Монгол Улс маань арван хэдэн сая хүнтэй болно гэсэн үг шүү дээ” хэмээн ярьж байжээ. Алс Дорнодын дайндаа Монголыг татан оруулахын тулд Сталин Чойбалсанд нийт монгол угсаатны удирдагч болгоно хэмээн тал засан баярлуулж хөөргөсөн хэмээн Б.Жаргалсайхан гуай бичсэн байх аж.
1945 оны зун, намрын тэр түүхэн үед Лхамсүрэнг маршал бүрэн таньж итгэж, үүрэг хүлээлгэж байсан болов уу гэж би үздэг. Орос хэл сайтай, гадаад харилцаа гадарладаг, намын үзэл суртал, ухуулга хариуцдагийнх нь хувьд олон улсын байдлыг шууд тоймлон ярьж мэдээлдэг гол хүнээрээ Лхамсүрэнг тавьсан юм билээ.
1945 оны зун Москвад явагдсан СССР-ДИУ-ын хэлэлцээ, хэлэлцээний гол сэдэв болсон Гадаад Монголыг тусгаар тогтнуулах, эс тогтнуулах тухай маргаан, тэгж тэгж хэлэлцээг дуусгаж, 1945 оны наймдугаар сарын 14-нд Зөвлөлт Холбоот Улс, ДИУ-ын хооронд Найрамдал, холбооны тухай гэрээнд гарын үсэг зурсан, гэрээ 10 өдрийн дараа нь хүчин төгөлдөр болсон, гэрээг дагалдсан ноот бичигт “БНМАУ-ын тусгаар тогтнолыг ДИУ хүлээн зөвшөөрнө” хэмээн заасан, ноот дээрхи заалтын дагуу Хятадын тал Гадаад Монголын хүн амаас санал асуулгаж, тэр оны намраа тусгаар тогтнолоо баталсан санал хураалтыг Монголд зохион байгуулсан зэрэг түүхэн үйл явдлууд ар араасаа цувж байх үед Н.Лхамсүрэн нь яг Чойбалсангийн дэргэд байж, бүх ажилд нь туслаж, гар бие оролцож явсан байдаг. Ялангуяа, тусгаар тогтнолын асуудлаар ард нийтээрээ санал асуулга явуулахад ухуулга сурталчилгааны нөр их ажлыг үүргийнхээ дагуу Лхамсүрэн (Намын Төв Хорооны лекторын товчооны дарга, Радио хорооны дарга) нугалалцжээ.
Олхонуд Баярхүү судлаач профессор
Засгийн газрын мэдээ
1 · 2018/05/28
НОМТОЙБАЯРЫН ЭЛЭНЦ ЭЦЭГ ЮМ БАЙНА.