Шүүхийн практикт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хэрэгжиж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч, маргалдагчдын цаг зав, эдийн засгийг тодорхой хэмжээгээр хөнгөлж буй. Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар энэ үйлчилгээг иргэдэд улам ойртуулахын тулд тусгай дугаар ажиллуулж эхэлжээ. Энэ талаар тус шүүхийн Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Л.Мөнхтуяагаас тодрууллаа.

 

-Танай шүүх эвлэрүүлэн зуучлах үйлчилгээний тусгай дугаар ажиллуулахаар болжээ. Энэ талаар мэдээлэл өгөөч.

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ШЕЗ-ийн 25 жилийн ойг угтан зохион байгуулж буй “Санаачилга” аяны хүрээнд иргэдэд шүүхийн мэдээллийг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх үүднээс Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зөвлөгөө мэдээллийн нэгдсэн лавлах 1800-1088 тусгай дугаарын утас ажиллуулж эхэллээ. Энэ утсанд хандсан иргэд ямар төрлийн хэрэг, маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэх, хэдий хугацаанд хэрэг, маргаанаа шийдвэрлүүлж болох талаар үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл авч болно. Энгийн утасны тарифаар төлбөр тооцоогдох юм.

-Эвлэрүүлэн зуучлалаар танай шүүх хэчнээн хэрэг маргаан шийдээд байгаа вэ?

-Монгол Улсад эвлэрүүлэн зуучлалыг нэвтрүүлэх ажлыг Япон улсын ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санаачлагаар 2010 оны тавдугаар сард эхлүүлсэн.

Эвлэрүүлэн зуучлалыг тус улс 94 жилийн өмнөөс хэрэгжүүлж ирсэн түүхтэй. Дэлхийн хөгжилтэй орнуудад 100 гаруй жил болж буй ажиллагаа юм байна. Эвлэрүүлэн зуучлал гэдэг нь энгийнээр хэлэхэд маргалдагч талуудыг зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргаанаа эвийн журмаар, хөрөнгө мөнгө бага зарцуулан, богино цаг хугацаанд хоёр тал хоёулаа сэтгэл ханамжийн баталгаатай шийдэлд хүрэхийг хэлж байгаа. Манай улс Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль 2012 оын тавдугаар сарын 22-нд баталж, 2013 оны дөрөвдүгээр сарын 15-наас дагаж мөрдөж эхэлсэн. Уг хууль хэрэгжсэнээс хойших хугацаанд зуучлалын үйл ажиллагаа үр нөлөөтэй хэрэгжсээр байна.

Хуульд заасны дагуу иргэний эрх зүйн, хөдөлмөрийн ганцаарчилсан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулдаг. Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын төв 2017 онд 2582 өргөдөл хүлээн авснаас 1873 өргөдөл шийдвэрлэж, 980 нь амжилттай эвлэрсэн үзүүлэлттэй байна. Шүүхээс өмнө эвлэрүүлэн зуучлалаар орж маргаанаа шийдвэрлүүлэх нь хөрөнгө зардал, цаг хугацаа хэмнэх бөгөөд шүүхийн ачааллыг бууруулах ач холбогдолтой гэдгийг онцолъё.