Налайх дүүргийн НХҮХ-ийн дарга, нягтлантайгаа нийлж “мөнгө идсэн” нь тогтоогдлоо
2018/06/02
Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Чинбат, Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст халамжийн сангийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Я.Алтанцэцэг нар хамтран олон удаагийн үйлдлээр албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, байгууллагад хүнд хор уршиг учруулсан байна.
Энэ хэрэг гурван жилийн өмнө гарсан. Тодруулбал, П.Чинбат, Я.Алтанцэцэг нар Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст ажиллаж байхдаа
“Зоог трейд” ХХК-ний данс руу 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 6.000.000 төгрөг,
2014 оны 07 дугаар сарын 10 -ны өдөр 3.000.000 төгрөг,
“Андын өгөөмөр тус” ТББ-ын данс руу 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 5.200.000 төгрөг,
2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөг,
“Радонтхайрхан” ХХК-ний данс руу 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөг,
“Саруул орчлон” ХХК-ний данс руу 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөг,
2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг,
2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөг,
“Ихэр арслан” XXК-ний данс руу 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг,
2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг,
иргэн Бадамцэцэгийн данс руу 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 570.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 44.770.000 төгрөгт ортопед, тусгай хэрэгслүүд, гурил бэлтгэн, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, байгууллагад хүнд хор уршиг учруулсан байна.
Гэмт хэрэгтнүүд хэн бэ?
Монгол Улсын иргэн, 1966 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулаан хангамжийн инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Налайх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 36 дугаар байрны 50 тоотод оршин суух, 2004 онд Нийгмийн хамгааллын салбарын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2009 онд Нийслэлийн 370 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, регистрийн УД66072835 дугаартай, Заанхүү овогт Пүрэвсүрэнгийн Чинбат.
Монгол Улсын иргэн, 1959 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Налайх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст халамжийн сангийн нягтлангаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 38 дугаар байрны 63 тоотод оршин суух, 2002 онд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2008 онд Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэг, 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, 2014 онд Алтан гадас одонгоор тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, регистрийн УЕ59111601 дугаартай, Алаг адуу овогт Ядамсүрэнгийн Алтанцэцэг.
Тэдний гэм буруутай эсэхийг тогтоох мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. Гэрэлтуяа: “Нийгмийн халамжийн сангийн хөрөнгө нь Нийслэлийн төсвийн хөрөнгө юм. Хууль тогтоомжийг зөрчин Налайх дүүргийн ХҮХ-ийн албан тушаалтан нар нь 30.2 сая төгрөгийн хохирол Нийслэлийн төсөвт учруулсан. Уг бараа материалаас иргэдэд олгосон дүнг хасч үлдэх хэсгийг Нийслэлийн төсөвт буцаан төвлөрүүлэхээр нэхэмжилж байна. ...Ортопед болон тусгай хэрэгсэл бэлтгэн нийлүүлэхэд тусгай зөвшөөрөл шаарддаггүй юм. 2012 оны Засгийн газрын 185 дугаар тогтоолоор баталсан “Ахмад настанд тусламж хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 1.2-т портез, ортопедийн хэрэгслийг ахмад настан өөрөө сонгосон байгууллагаас авна гэж заасан байсан. 2014 оны Засгийн газрын 343 дугаар тогтоолоор дээрх журамд нэмэлт өөрчлөлт оруулж ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамж хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө сонгож авна гэж заасан байдаг.” Гэж мэдүүлж байжээ.
Уг нь халамжийн сангийн зарцуулалтыг хэлтсийн дарга болон халамжийн сангийн мэргэжилтэн нарын 1, 2 дугаар гарын үсгээр захиран зарцуулдаг. Ортопед болон протез, тусгай хэрэгслийг иргэд авахдаа тендерт орж шалгарсан байгууллагаас бэлэн мөнгөөр шилжүүлж тусгай хэрэгслээ авдаг. 2015 онд дээд байгууллагаас сонгон шалгаруулсан 8 байгууллагатай гэрээ байгуул, хамтарч ажиллана уу гэсэн албан бичиг ирж байсан. Гэтэл Налайх дүүргийн халамжийн хэлтсээс гэрээ байгуулаагүй юм байна.
Тэдний мөнгө шилжүүлж авсан “Ихэр Арслан” ХХК нь П.Чинбатын эхнэрийн компани, “Саруул Орчлон” ХХК нь Алтанцэцэгийн төрсөн дүүгийн компани аж.
Эннэ бүхэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдож гэм буруутай болохыг шүүх тогтоосон. Тодруулбал, Заанхүү овогт Пүрэвсүрэнгийн Чинбат, Алаг адуу овогт Ядамсүрэнгийн Алтанцэцэг нарыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Чинбатыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Алтанцэцэгийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгаж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэхийг Я.Алтанцэцэгт даалгасан байна.
Зочин · 2018/06/04
Хоёулаа л салбарын "тэргүүн" юм байна.
чимэг-очир · 2018/06/03
аль ч салбар нэгжид байгаа шүү.хяналт чухал
Зочин · 2018/06/03
Ийм хүмүүсээр төрийн ажил хийлгэхээр яаж улс хөгжих юум бэ
Зочин · 2018/06/03
Ийм хүмүүсээр төрийн ажил хийлгэхээр яаж улс хөгжих юум бэ
Зочин · 2018/06/03
Angigvi niigmiin bulhai duusahgvi ee ardchilsan hulgaichuud ulam zaluujij bna
Зочин · 2018/06/02
Niigmiin daatgaliinhaniig shalgabal ih l yum garandaa
vhj · 2018/06/02
dahiad zondoo yum bii dee ene salbart
ZOCHIN · 2018/06/02
BUHII L AYMAG ORON NUTAG DUURGHUUD DEER SAYN SHALGAJ TOGTOOH HEREGTEY SHUU!!!