Улсын Дээд шүүхийн шүүгчийн “Тусгай шалгалт”-д таван нэр дэвшигч оролцож байна
2018/06/06
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 15, 16 дугаар тушаалаар зарласан Улсын Дээд шүүхийн шүүгчийн Эрүүгийн танхимын 2 шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн суурь шалгалт явагдаж дууссан. Суурь шалгалтад 60-аас дээш оноо авсан Б.Амарбаясгалан, С.Буд, Ц.Ичинхорлоо, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Эрдэнэбат нар “Тусгай шалгалт”-д оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар зарлигаар баталсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Шүүхийн Мэргэшлийн хороо нэр дэвшигчдийн шүүгчээр ажиллах мэдлэг, ур чадварыг “Тусгай шалгалт”-аар шалгаж байгаа юм.
Мөн анхан шатны шүүгчийн сонгон шалгаруулалтын “Тусгай шалгалт”-д 53 нэр дэвшигч оролцож Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг, Эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, Хууль хэрэглэх ур чадвар, мэдлэгээ шалгуулж байна.
Анхан болон хяналтын шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын “Тусгай шалгалт” энэ сарын 4-нд эхэлсэн бөгөөд маргааш дуусна.
Харин Давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид, Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигчид нь шинэ журмаар зөвхөн "Тусгай шалгалт” өгөх болсон. Дээр дурдсан тушаалаар зарласан сонгон шалгаруулалтын энэ ангилалд нэр дэвшигчдийн шалгалт явагдаж, Шүүхийн Мэргэшлийн хорооны үнэлгээ гарсан. Шалгалтад тэнцсэн нэр дэвшигчид Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн ярилцлагад оролцох болно.