Л.Чинбат, Л.Гүндалай нарын гэрээс үнэт эдлэл хулгайлсан иргэнд ял оноолоо
2018/06/08
Өнгөрсөн оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн аманд байрлах УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, “Гачуурт”-ын Л.Чинбат нарын зургаан айлд хулгай орж, алтан бурхан, үнэт эдлэл зэрэг нь алдагдсан хэрэг гарсан. Хулгайч БНСУ-ын иргэн Пак гэгч байсан бөгөөд Монгол иргэнтэй нууцаар нэвтэрч, алтан бурхан, үнэт эдлэлийг хулгайлсаныг цагдаагийн байгууллагынхан илрүүлсэн билээ.
Хулгайчид айлуудын цонхыг нь хагалж нэвтэрч, үнэт эдлэлийг нь хулгайлан мөн айлуудын дохиоллын систем, хяналтын камерийн бичлэгийг устгаж байсныг илрүүлсэн байдаг.
Хулгайлсан эд зүйлсээ контейнэрт ачин, гурав хоногийн дараа хил давуулах гэж байхад нь Монголын цагдаа нар мэргэжлийн ур чадвар гарган илрүүлэн баривчилсан байдаг юм.
Пак өмнө нь БНСУ-д удаа дараа хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан зартай нэгэн гэж хэвлэлээр мэдээлж байв. Ихэнхдээ тэрбээр олны танил эрхмүүд, улстөрч, бизнесмэнүүдийг сонгон үнэт эдлэлийг хулгайлдаг байсан гэнэ.
Тэгвэл уг этгээдүүдэд холбогдох шүүх хурал өчигдөр болж, Солонгос иргэнд 7 жилийн хорих ял, монгол иргэнд 5 жилийн хорих ял оноожээ.