Манай орны ихэнх газраар хэт их халж, зарим нутагт ган болж малчид, тариаланчдад хүндрэл учруулж байгаа. Цаашид энэ байдал үргэлжлэх төлөвтэй байгаа тул цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг хэрхэн явуулж байгаа талаар Цаг уур орчин шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Бат-Өлзийтэй ярилцлаа.


-Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагаа хэрхэн явагддаг вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Цаг агаарт зориудаар нөлөөлөх гэж үүлэнд орших усыг доош нь буулгахын тулд тодорхой хэмжээний бодис цацахыг хэлж байгаа юм. Манайд жижиг пуужинд үүлэнд үйлчлэх бодисыг хийж ашигладаг. Тухайн бодис үүлэнд очиж задарснаар үүлийг хөгжөөж, талбайг томсгодог юм. Улмаар усны төлөвийг нэгтгээд газар унахад нөлөөлдөг. Цаг агаарт зориудаар нөлөөлөх үй ажиллагааг дэлхийд 100 гаруй оронд явуулж байна. Манай оронд шинжлэх ухаан хөгжөөгүй үед ч янз бүрийн аргаар хур бороо оруулж байсан. Дорнын зурхайд бороо оруулахад сайн гэж бичсэн байдаг шүү дээ.

-Манай улс хэдэн оноос үүлэнд зориудаар нөлөөлж эхэлсэн бэ?

-1989, 1990, 1991 онуудад ОХУ болон Украины цаг уурын мэргэжилтнүүд ирж Монгол орны үүлний нөөц, түүнд зориудаар нөлөөлөх боломжийн талаар судалгаа хийж байсан л даа. Улмаар зориудаар хур тунадас оруулах ажиллагаа Монголд 1996 оноос эхэлж хийгдсэн байдаг. Энэ нь цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, хуурайшилт, гангаас сэргийлэх, усан сан байгуулах давуу талтай.

-Манай орныг дайран өнгөрч буй үүлний чанарын тухайд хур оруулахад хангалттай байдаг уу. Баруун, баруун урд зүгээс ирж буй үүлний чанар хангалтгүй байгаа гэж ярих юм. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-1990 оны үеийнхтэй харьцуулахад манай орны дээгүүр дайран өнгөрч үүлний давтамжийн тоо багасч, чийгшлийн чанар их муудсан. Хоёр жилийн өмнө Сы Жинфин Шинжиан, Уйгарын бүс нутгийн хөгжлийг сайжруулах төлөвлөгөө гаргасныг санаж байгаа байх. Улмаар Сы Жинфин Шинжиан, Уйгарын тариа тарьж амьжиргаагаа залгуулдаг иргэдийн дэмжиж тухайн бүс нутгийн үүлэнд зориудаар нөлөөлж эхэлсэн. Тэр чиглэлээс Монголын нутгаар дамжин өнгөрч буй үүлний чийг муу байдаг. Бид хараахан баталж амжаагүй ч чийг муутай үүл ирж буй нь Сы Жинфин даргын шийдвэртэй холбоотой болов уу гэж таамагладаг юм. Чийгшил муутай үүлэнд зориудаар нөлөөлж бороо, хур оруулахад хүндрэлтэй байдаг. Зарим хүмүүс цаг агаарт зориудаар нөлөөлсний улмаас ган болоод байна гэсэн буруу ойлголттой явдаг. Үүлэнд зориудаар нөлөөлөх ган гачигтай холбоогүй.

-Өнгөрсөн жил хэдэн удаа үүлэнд нөлөөлөх оролдлого хийсэн бэ. Энэ жил хэдэн удаа нөлөөлөхөөр төлөвлөсөн бол?

-Өнгөрсөн жил дөрөвдүгээр сараас наймдугаар сарын хооронд 600 орчим удаа үүлэнд зориудаар нөлөөлсөн. Өнөөдөр яг төдөн удаа үүлэнд нөлөөлнө гэж хэлэх боломжгүй. Монгол орны хэмжээнд 42 экспедиц үйл ажиллагаа явуулж байна. Тохироо бүрдэж чийгшилтэй үүл гарч буй бүсэд л судалж байгаад нөлөөлнө. Дунджаар нэг сард гурваас дөрвөн удаа нөлөөлөх болов уу гэж таамаглаж байгаа.

-Манайд пуужингийн нөөц хангалттай байгаа юу?

-Энэ жил хангалттай нөөцөлсөн. Аймаг бүрт үйл ажиллагаа явуулж буй экспедицуудаас мэдээлэл авч байгаад байж тохироо нь бүрдэхэд үүлэнд зориудаар нөлөөлж хур оруулна. Энэ жил манай орноор дамжин өнгөрч байгаа үүл урд жилийнхтэй харьцуулахад усархаг чанар бага, шилжилтийн хурд ихтэй байгаа. Ийм салхитай нөхцөлд зориудаар үүлэнд нөлөөлөхөд хүндрэлтэй байдаг.

-Үүлэнд нөлөөлж, хур тунадас оруулах экспедиц хаана, хаана байрлаж байгаа вэ?

-Аймаг бүрт хоёроос дөрөв, говийн аймгуудад тус бүр хоёр экспедиц ажиллаж байгаа. Мөн Сэлэнгэ, Төв гээд газар тариалангийн гол бүс нутгаар тус бүр дөрвөн экспедиц бий. Экспедицүүд үүлний байдлыг тодорхойлох багаж буюу цаг уурын радорын мэдээгээр нэгээс хоёр өдрийн өмнө үүл тосч, байраа эзэлдэг. Үүл хаашаа шилжихийг судалж, нөлөөлж болох үүлэнд пуужингаа харвана даа.

-Үүлэнд нөлөөлснөөр хэр хэмжээний тунадас оруулахаа мэдэх боломжтой болов уу?

-Тухайн үүлний өндөр, масс, услаг зэргийг тогтоож ямар хэмжээний хур тунадас орохыг тооцоолж болно. Түүнээс биш энэ үүлнээс гурван миллиметр, энэ үүлнээс зургаан миллиметрийг оруулъя гэх боломжгүй. Байгалийг бол хүн захирахгүй, тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг шүү дээ.

-Үүлэнд зориудаар нөлөөлөх бодисыг манайх хаанаас авдаг вэ?

-Бид БНХАУ-аас худалдаж авдаг. Учир мэдэхгүй хүмүүс “Хятадаас хямдхан, чанар муутай бодис аваад байна” гээд байдаг. Манай цаг агаарын уур амьсгал Өвөр Монголынхтой төстэй байдаг болохоор л БНХАУ-аас бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. ОХУ, АНУ, Япон зэрэг орнуудаас нийлүүлж болох болох ч цаг агаарын нөхцөл өөр байдаг учраас тохиромжгүй байдаг.

-Ямар үнээр худалдаж авдаг вэ?

-Вальютын ханшны хэлбэлзлээс шалтгаалж нэг удаагийн хэрэглээ нь 300-350 мянган төгрөгийн ханштай байдаг. “Өндөр үнээр боисын үр дүн гарахгүй ган гачиг болоод байна” гэх хандлагатай хүмүүс мэр сэр байдаг. Ган болж байгаа шалтгаан нь тухайн бүс нутгаар цаг уурт зориудаар нөлөөлөөд чийг унагах хэмжээний чанартай үүл бүрэлдэхгүй байгаатай холбоотой. Цаг уурт зориудаар нөлөөлөх нь газар тариаланчид болон малчдад ашиг тустай. Мөн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой. Гал түймэр гарсан бүс рүү онцгой байдлын ажилчид явахад хамгийн багадаа хоёр сая орчим төгрөгийн зарлага гардаг. Харин тухайн бүс нутагт дөрвөн удаагийн цаг агаарт зориудаас нөлөөлөх оролдлого хийхэд сая таван зуун мянган төгрөг зарцуулна. Гарах үр дүн нь харьцангуй илүү. Энэ талаас нь хүмүүс ойлгох хэрэгтэй.

-Үүлэнд зориудаар нөлөөлж буй бодис, хүн болон байгальд хор нөлөөтэй юу?

-Үүлэнд зориудаар нөлөөлөхөд иод болон мөнгийг ашигладаг. Иод бол хүнсний бүтээгдэхүүн, мөнгөнд бол хүн болон байгальд харшилдах зүйл байдаггүй. Дэлхийн цаг уур болон эрүүл мэндийн байгууллагаас нэг литр усанд мөнгө 0.05 микро граммаас ихгүй байвал хүний бие, байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэж үзсэн байдаг. АНУ-ын эрдэмтэд цаг агаарт нөлөөлж оруулсан хур тунадсанд агуулагдах мөнгөний хэмжээг 0.0001 микро грамм гэж тогтоосон байна лээ. Үүнээс үзэхэд байгаль орчин, амьтан ургамалд ямар ч сөрөг нөлөөгүй нь харагдаж байна. Харин зарим нэг талаараа эерэг нөлөөтэйг эрдэмтэд тогтоосон байна лээ. Хүмүүс мөнгийг мөнгөн устай андуурч хортой гэж ойлгоод байдаг.

- Үүлэнд зориудаар нөлөөлөхөд бороо их орно, үер бууна гэж яриад байдаг. Энэ талаар ярихгүй юу?

-Байгалийн жамаар бороо орох гэж байхад бид ажиллахгүй. Нэг миллитетр хур тунадас орох магадлалтай байхад түүнийг ахиулахын үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулаад байгаа юм л даа. Өөрөөр хэлбэл ганц нэгхэн дусаад өнгөрөх бороог ахиухан оруулахын тулд ажиллаад байна гэж ойлгож болно.

Өдрийн сонин