Багануур хувьцаат компанийн ажилчид хордлого болжээ
2018/06/10
Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай албанд 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 13 цаг 20 минутанд “Багануур дүүрэг дэх Ноён-тур амралтын газарт үйлчлүүлсэн хүмүүс хүнсний зүйлд хордож эрүүл мэндийн төвд хүргэгдэж ирсэн байна.” гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүний дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулахад Багануур хувьцаат компани нь 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 3 үеийн уулзалт хүлээн авалтын арга хэмжээг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ноён-тур” амралтын газарт зохион байгуулсан байна. Уг арга хэмжээнд 27-79 насны нийт 72 хүн оролцсон байна.
Дээрх хүлээн авалтын арга хэмжээнд оролцсон хүмүүс нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс гэдэс өвдөж гүйлгэх, дотор муухайрах, толгой өвдөх, халуурах зэрэг хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн эрүүл мэндийн төвд нийт 15 иргэн хандаж эмнэлэгийн тусламж авсан байна.
Өнөөдрийн байдлаар дээрх үйл ажиллагаанд оролцсон хүмүүсээс 2 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд, Багануур дүүрэг 14 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Дээрх хэргийн шалгалтын хүрээнд Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, мэргэжилийн байгууллага эрүүл мэндийн төв болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран хорлогын шалтгаан нөхцлийг тогтоох шалгалтын ажиллагааг хамтран явуулж байгаа бөгөөд хүлээн авалтын ажиллагааг зохион байгуулсан “Ноён-тур” амралтын газрыг битүүмжлэн үйл ажиллагааг зогсоож амрагч нарын хэрэглэсэн гэх жимс ногоо, хоол хүнснээс шинжилгээнд дээж аван шинжилгээний лабораторт хүргүүлсэн байна.
Урьдчилсан байдлаар хүлээн авалтын арга хэмжээнд оролцсон хүмүүс 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвөөс 5 төрлийн жимс /тоор, амтат гуа, алим, банана, слив/ худалдан авсан нь тогтоогдож байгаа бөгөөд жимснээс хордсон байж болзошгүй байгаа бөгөөд холбогдох шалгалтын ажилагааг явуулж байна.
Амралт зугаалгын улирал эхлэж байгаатай холбоотойгоор ард иргэд хүнсний аюулгүй байдлаа хангах, ах ахуйн нэгжүүд олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаанд тавих эрүүл ахуйн хяналтын сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.