Н.Алтанхуягаа чи битгий хуцаарай
2014/01/22
Улаанбаатар хотын гэр хороололд нийт 189,000 айл өрх оршин суудгаас 45 хувь нь монгол гэрт, 55 хувь нь байшинд амьдардаг. Эдгээр өрхүүд өвлийн улиралд орон байраа дулаацуулахад зориулж жилд дунджаар 850-940 мянган тонн түүхий нүүрс, 750-800 мянган шоо метр мод шатаадаг гэсэн статистик байна.
Тэгвэл гэр хороололд түүхий нүүрс түлдэг эдгээр айлууд агаарыг хамгийн ихээр бохирдуулж байгаа нь үнэн. Өнөөдөр агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн нь бас үнэн.
Тэгвэл энэ цаг үед бас нэг үнэнтэй боллоо. Ерөнхий сайд маань ерөөсөө агаарын бохирдол их байгааг анзаараагүй юм байна. Тийм болохоор өглөө бүр сануулж байгаарай гэдгийг өчигдөр сэтгүүлчдийн өөдөөс харж байгаад л хэлж орхино лээ. Чингис хаан “Өмнө зүгт тангад улс байгааг өглөө болгон надад сануул” гэдэг шиг Ерөнхий сайд маань бараг л Улаанбаатар утаатай байгааг өглөө бүр сануулж бай, мессеж бичээрэй гэдгийг хэлсэн. Тэгэхээр нийслэлчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө бүх нийтээрээ Ерөнхий сайд руугаа агаарын бохирдол их байна гэж мессеж нисгэж байя гэдгийг уриалмаар байна.
Үүнээс гадна нийслэлчүүд бид тэнэг юм уу? Ерөнхий сайд маань тэнэг юм уу бүү мэд. Төдийгөөс өдий хүртэл галаа дээдэлж ирсэн Монголчууд Н.Алтанхуягаар гал хэрхэн асаахыг заалгах дээрээ тулаад байна. Гэр хорооллынхон ядаж байхад галаа зөв асаахгүй байна хэмээн Ерөнхий сайд өчигдөр ярив. Тодруулбал тэрбээр “Галаа зөв асаа л даа. Зөв асаачихбал өглөө гэхэд л утаа 50 хувь буурна. Утаатай бол надад сануулааарай, мессеж бичээрэй” гэсэн.
Ерөнхий сайдын ингэж хэлж байгааг Монголын ихэнх ТВ гаргасан. Үзсэн хүмүүс “Н.Алтанхуягаа чи битгий хуцаарай” хэмээн эгдүүцлээ илэрхийлж байна лээ.
Ерөнхий сайдаа бүхэл бүтэн PR баг ажиллуулж байхаар утаандаа анхаарал хандуулаач дээ. Их тэнгэрийн аманд амьдардагийг тань мэднэ. Их тэнгэрт агаарын бохирдол гэх асуудлыг мэдэрдэггүй байж болно. Гэхдээ Монголчууд гал түлэхийг палаантай жорлон, паартай газар амьдардаг таниар заалгахгүй л байх.
А.Баярмаа