“The voice of Mon­golia 2018” телевизийн шоуны шилдэг дөрвөн оролцогчийн нэг Б.Өсөхбаяртай ярилцлаа.

-“The voice of Mongolia 2018” шоунд амжилттай оролцсонд баяр хүргэе. Ер нь хэзээнээс дуулж байв. Дуунд дуртай болсон, дуулж эхэлсэн түүхээсээ хуваалцаач?

-Баярлалаа. Хамгийн анх тавдугаар ангидаа урлагийн үзлэгт дуулах гэж оролдоод шалгаруулалтанд орсон чинь солгой хоолойтой юм байна гээд хасагдсан. Ингээд хоёр жилийн дараа буюу долдугаар ангидаа санамсаргүй байдлаар сургуулийнхаа хоор дууны хамтлагт ороод анх дуулж эхэлсэн. Тэр үеэс дуунд илүү дуртай болсон.

-Аль нутгийн, айлын хэддэх хүүхэд вэ. Бага нас нь хаана өнгөрсөн бэ?

-Намайг Батсайханы Өсөхбаяр гэдэг. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд суралцдаг. Миний аавыг И.Батсайхан. Завхан аймгийн Яруу суманд төрсөн, Аймгийн заан цолтой. Харин ээжийг маань Э.Гантуяа гэдэг. Өмнөговь аймагт төрсөн, одоо нийслэлийн 62 дугаар сургуульд сургалтын менежерээр ажилладаг. Би Улаанбаатар хотод “Эх нялхас”-д төрсөн. Айлын ганц хүүхэд. Айлын ганц болохоор аав ээж хоёр маань намайг эрдэнэ минь л гэдэг юм. Аав Завханых. Ээж Өмнөговийнх болохоор би багадаа хангайн сайхан модонд, говийн сайхан элсэнд хөдөө морь унаж, хонь хариулж өссөн дөө.

-Аймгийн зааны хүү юм билээ. Аав тань бөх бол гэж байв уу. Бөхөд хэр сонирхолтой вэ?

-Би багаасаа л аавыгаа дагаад, наадмын бэлтгэлд гардаг. Аавтайгаа хамт бөх үзэж, бөхийн дэвжээгээр орж гарч өссөн. Аавынхаа үргэлжлэл, аав шигээ бөх болно гэж боддог байлаа. Харин аав болохоор намайг бөх болох хэрэггүй, бөхийн амьдрал их хэцүү гэдэг байсан. Одоо урлагаар илүү хичээллэж, урлагийн хүн болно гэж бодож байгаа. Дуулахыг минь аав, ээж хоёр маань маш их дэмждэг. Аав минь 20 настайдаа шуугиулж явсан бөх гэдэг. Би одоо 20 настай.

-Танай удамд урлагийн хүн, дуучин хүн бий юу?

-Миний өвөө, эмээ хоёр хоёулаа уртын дууг их сайхан дуулдаг хүмүүс байсан юм. Би багаасаа маш их хүсэл тэмүүлэлтэй, мөрөөдөмтгий хүүхэд байсан. Майкл Жексоны тоглолтыг үзээд гэртээ дагаж дуулаад бүжиглээд, дуурайж хувцаслаад явдаг байлаа. Мөн Жастин Биберийг харж яг түүн шиг дуучин болно гэж мөрөөддөг байсан юм. Би дунд сургуульд байхдаа Баянгол дүүргээс зохион байгуулсан чөлөөт бөхийн барилдаанд орж, түрүүлж байсан.

-“Angel” дууг дуулахад хамгийн эхлээд Болд шүүгч эргэж хараад л, шүүгчид ер нь чиний авьяасыг биширсэн, магтах сайн үг бараг олдохгүй байна гэж байсан. Тэгэхэд ямар сэтгэгдэл төрж байв?

-Надад үнэхээр сайхан байсан. Би дөрвөн шүүгчийг эргэж харуулна гэж бодоогүй, зүгээр л энэ дуугаа жаргаж дуулна л гэж бодсон чинь шүүгчид бүгдээрэ эргэчихсэн. Би шүүгч дасгалжуулагчаа сонгох гээд л додигор зогсож байхад үнэхээр сайхан байсан. Маш их сэтгэл хөдөлсөн. Үргэлж дэмждэг аав, ээж хоёртоо их баярласан.

-Яагаад тухайн үед шүүгч Ононбатыг сонгосон бэ?

-Багаасаа л найруулагч С.Ононбат ахын хийсэн бүх зүйлсийг нь үзэж шимтдэг байсан. Тийм болохоор ямар ч эргэлзээгүйгээр сонгосон. Би “Voice” шоунд орсноороо бусдыг ялах биш, өөрийгөө ялж чадсан гэж боддог. Надад дууны багш байхгүй. Бор зүрхээрээ, явсаар байгаад мундаг шүүгч дасгалжуулагчийн багт орж энэ амжилтанд хүрсэн шүү дээ.

-Маркетингийн чиглэлээр суралцдаг юм билээ. Цаашид дуугаа дуулаад, бие даасан бүтээл гаргах зэрэг төлөвлөгөөнүүд бий юу?

-Юуны өмнө намайг дэмжсэн бүх хүмүүстээ маш баярлаж байна. Бие даасан бүтээлүүд гаргана гэж бодож байгаа. Удахгүй сонсогчдынхоо сонорыг сайхан бүтээлээр баясгах болно.

-Аав нь бөх учраас Өсөхөө аваргын нэрийг чамд өгсөн юм болов уу. Нэрнийхээ учрыг тайлбарлаж өгөөч?

-Би 1998 онд төрсөн. Тэр үед зургаан залуу заан ид шуугиулж явсан юм билээ. Тэгээд Сүхбат, Сумъяабазар, Цэрэнпунцаг, Өсөхбаяр, Ганбат, Гантогтох гэсэн зургаан нэрийг будаанд хийж шигшээд, гурван удаа шигшиж, гурван удаа сугалахад, гурвууланд нь Өсөхбаяр гэж нэр гарч ирсэн юм билээ. Тэгээд л энэ нэрийг сонгож хайрласан гэдэг аав, ээж хоёр маань.

-“The voice of Mongolia” шоуны сэтгэлд тань хамгийн тод үлдсэн шалгаруулалт аль нь байв?

-Миний хувьд “Blind audi­tion” буюу эхний шат л хамгийн гоё. Дөрвөн шүүгч эргэж харна гэж бодоогүй байсан. Маш их догдолж, сандарч, бас балмагдсан.

С.Ононбат дасгалжуулагч надад бүх дуунуудыг сонгож өгч байсан. Дасгалжуулагч маань миний хоолойнд тохирсон дуунуудыг надад сонгож өгсөн.

-Өөрийг тань дэмжиж саналаа өгсөн үзэгчдэдээ юу гэж хэлмээр байна вэ?

-Хором бүрийг ажрахгүйгээр намайг дэмжиж саналаа өгч байсан бүх үзэгчдэдээ маш их баярлалаа, энэ хүртэл ингэж явахад та бүхний минь итгэл найдвар хамгийн их нөлөөлж, надад дуулах итгэлийг хайрлаж байсан юм шүү.

-Өөрийг тань дуулахаас гадна загвар өмсдөг гэж сонслоо. Хэзээнээс загвар өмсөж эхэлсэн бэ?

-2015 онд сурагч байхад манай сургууль дээр “Нийслэлийн гоо охин, Нийслэлийн жентелмен хөвгүүн” гэсэн загварын тэмцээн болох удирдамж ирж, тэнд анх удаа санаандгүй байдлаар ороод Гран при шагналыг нь авч байсан. Харин 2017 онд New Models агентлагаас зохион байгуулсан “Mongolian new super star model” гэсэн тэмцээнд ороод “Шилдэг эрэгтэй модель” шагналыг хүртсэн.

Н.ГАНЧИМЭГ

Өдрийн сонин