Найман хувийн зээлд хамруулж өгнө гэсэн хуурамч цахим зараас сэргийлээрэй
2018/06/17
Сүүлийн жилүүдэд манай улсад цахим орчин буюу онлайн худалдаа болон зар сурталчилгаа ихээхэн нэмэгдэж байгаа билээ. Аливаа хэрэглээг дагаад сайн муу зүйлс дагаж байдгийн нэгэн жишээ нь энэ төрлийн залилан хууран мэхлэлт их болж байгаа.
Тиймээс иргэдийн нийтлэг хэрэгцээ, итгэл үнэмшилд суурилсан залилангийн гэмт хэрэг ихсэх хандлагатай байгааг албаныхан анхааруулж байна.
Тодруулбал энэ сарын 14-ний өдөр орон сууцны найман хувийн хүүтэй зээлд хамруулж өгнө гэсэн зарын дагуу их хэмжээний мөнгөө залилуулсан гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Ингэхдээ хохирогч иргэн, хуурамч фэйсбүүк хаяг нээсэн этгээдтэй мессенжерээр харилцаж, данснаасаа хоёр сая нэг зуун мянган төгрөгөө алдсан байна. Дээрх хэргийг харьяа цагдаагийн байгууллагад шалгаж эхэлсэн байна. Иймд, иргэдийг залилангийн гэмт хэргийн золиос болохоос сэргийлж, мэдээллээ баталгаажуулж байхыг анхаарууллаа.