“Хөх монгол” бүлгэмийн тэргүүн Б.Энхбат “Ховор эмийн ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жигэрүүг Хятад улс руу их хэмжээгээр худалдаж байгаа УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг хууль хяналтын байгууллагуудад шалгуулна” хэмээн Монгол ньюс мэдээллийн төвд өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Тэрбээр, “2016 онд УИХ гишүүн Д.Оюунхорол нь БОНХАЖ сайдаар ажиллаж байх үедээ Кувейт улсын  3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар барьсан 3000 метр хавтгай дөрвөлжин талбай бүхий “Монгол Кувейтын судалгааны төв”-ийг өөрийн мэдлийн ТББ болгосон. Жил бүр уг ТББ-т Кувейт улсаас 2-3 тэрбум төгрөгийн санхүүжилт ирдэг.  Гэвч байгаль орчин, дархан цаазат газар, аялал жуучлалын чиглэлээр судалгаа хийх ёстой тус газар одоо хүртэл ямар ажил хийсэн нь тодорхойгүй. Энэ бол яахын аргагүй албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг. Түүнчлэн Туул гол орчмын  газрыг иргэд, ААН байгууллагуудад худалдсан. Мөн ховор эмийн ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жигэрүүг Хятад улс руу их хэмжээгээр гаргасан зэрэг хэргийг үндэслэн УЕПГ, ТЕГ, ЦЕГ, АТГ зэрэг хууль хяналтын байгууллагад  УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг шалгуулах хүсэлтийг, шаардлагатай баримт нотолгооны хамт хүлээлгэн өгсөн” гэв.  

Б.Халиун

Эх сурвалж: Монцамэ агентлаг