Хотууд нүүрстөрөгч багатай хөгжлийн шийдлийг олохоор нэгдлээ
2018/06/18
Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг хотуудын төвшинд бууруулах чиглэлээр арга замуудаа хэлэлцэж, туршлагаа хуваалцахаар Зүүн хойд Азийн бүс нутгийн 6 улсын, 18 хотын дарга нар болон олон улсын байгууллагын 300 гаруй төлөөлөгчид нэгдэн Улаанбаатар хотод чуулж байна.
Экологи, шинэ технологи, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчноо хамгаалах, ногоон хотын бодлогыг хөндөж, хотууд туршлагаа хуваалцаж хэрэгжүүлдэг нь энэ форумын ач холбогдол юм.
Энэ удаагийн форум Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд Зүүн хойд Азийн хотууд ийнхүү бүс нутгаараа чуулж, “ногоон хот, нүүрс хүчлийн хийн бага ялгаралт бүхий хот” болох зорилгод нэгдлээ.
Хотын дарга форумыг нээж хэлсэн үгэндээ хотын хөгжлийн сайн бодлого бол санхүүжилт бага шаардах, богино хугацаанд үр дүнгээ өгөх хүлэмжийн хийг бууруулах шалгарсан технологийг нэвтрүүлэх юм хэмээн онцолсон. Тэрээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхийн нийтийн зорилгод бүс нутгийн түүний дотор, хотуудын оруулах хувь нэмрийг хэрэгжүүлэхэд онцгой үүрэг, нөлөө бүхий түншлэл, хамтын ажиллагаа, технологи дамжуулалтын суурь энэ форумаар тавигдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Форумд оролцогч зочдод хандан МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ ирүүлсэн тэрээр байгаль цаг уурын өөрчлөлт, хувьслын эсрэг хүн төрөлхтөн дангаараа биш даяаршиж, хамтдаа туулах шаардлага тулгарч байгааг онцлоод
“хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах чиглэлээр аливаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, цэвэр технологийг нэвтрүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулахад Монгол Улсын Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана” гэлээ.
Улаанбаатар хотын санаачилсан Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум байгаль орчны сэдвийн дор чуулдаг онцлогтой бөгөөд энэ удаад ч бүс нутгийн газар зүйн байршил, эмзэг экосистем, уур амьсгалын өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэж санал солилцлоо. Улаанбаатар хотын хувьд цөлжилт, ган зуд нэмэгдсэнээс орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөн эрс өсөж байгаа нь хотын төлөвлөлтгүй тэлэлт, агаар, орчны бохирдлын үндэс болж байгааг форумд оролцогчид дүгнэсэн. Газарзүйн байршил, байгаль орчны тогтворгүй байдал, эдийн засгийн тогтолцооноос үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтүүд бусад хотуудад ч мөн адил бий бөгөөд нүүрсний хэрэглээ, авто тээврийн хэрэгсэл тоосжилтоос үүдэлтэй утаа бохирдлынхоо асуудлыг шийдэх оновчтой арга замыг олоогүй хотууд олон байгаа ажээ.
Ийнхүү Зүүн хойд Азийн хотууд нүүрстөрөгч багатай хөгжлийн шийдлийг олох, нэг зорилго,нэг бодлогыг байгаль орчин, ногоон хөгжилд хэрэгжүүлэхээр нэгдэж байна.
Дашрамд дурдахад, 2015 оны Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийг бууруулахад дэлхийн улс орон бүр өөрсдийн нөөц бололцоогоор хувь нэмрээ оруулах үүрэг хүлээсэн бол манай улсын хувьд уг хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталж, 2030 он гэхэд хүлэмжийн хийг одоогийн түвшнээс 14 хувиар бууруулах зорилт тавьсан байна.