А.Дэлгэрцэцэг: Хүүхэд төрүүлээд гэртээ суухдаа ч хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээгээрэй
2018/06/19
Алдарт эхийн одонтой ээжүүдийн дунд анх удаа зохион байгуулсан “Гоо ээж” уралдааны ялагч А.ДЭЛГЭРЦЭЦЭГТЭЙ ярилцлаа.
-“Гоо ээж” уралдаанд хэрхэн оролцох болсон бэ?
-“Гоо ээж” анхдугаар уралдааныг Алдарт эхийн одонтой ээж групп, “Хатан эрдэнэ” холбоо, Алунгоо эх төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа. Бид “Зөв гэр бүл, зөв хүүхэд, зөв нийгэм” уриан дор нэгдэж, Алдарт эхийн одонтой ээжүүдийг оролцуулсан. Миний хувьд амьдралдаа нэгэн сайхан дурсамж үлдээхийн тулд энэхүү уралдаанд оролцсон. Уралдаанд оролцохоор шийдсэн эхний үед өөрийгөө голох сэтгэгдэл төрсөн. Гэвч найз нөхөд, хайртай дотнын хүмүүсийнхээ итгэлээр энэ уралдаанд амжилттай оролцсондоо баяртай байна.
-Шалгаруулалт хэдий хугацаанд үргэлжлэв. Анх хэдэн алдарт ээж бүртгүүлсэн бэ?
-Энэхүү уралдаан сар гаруйн хугацаанд үргэлжилсэн. Эхний шатанд 67 ээж оролцсон. Эцсийн шатанд 29 сайхан бүсгүй тунаж үлдсэн юм. Өнгөрсөн хугацаанд бид олон шалгуураар өрсөлдсөн. Тухайлбал, “Авьяас”, “Спорт”, “Оюунлаг ээж” номинацийн шилдгийг шалгаруулсан. Миний хувьд “Оюунлаг ээж”- ийн шалгуурт тэргүүлсэн. Түүнчлэн багахан хэмжээний төсөл бичиж “Оюунлаг ээж”-ээр тодорсон юм. Мөн олон сайн үйлсийн үйл ажиллагааг зохион байгуулж оролцсон. Тухайлбал, зургаадугаар сарын 3-ны өдөр цусны донор болсон. Мөн “Нарны хүүхдүүд” хүүхэд асрамжийн төвд нэг өдрийг өнгөрүүлсэн. Хамтдаа багахан хугацааг өнгөрүүлсэн ч бид бие биедээ их дассан байна. Эргээд уулзах өдрөө хүлээсэн хүмүүс л байна даа.
-Ямар утга агуулгатай төсөл бичиж “Оюунлаг ээж”-ээр тодров?
-Төрсний дараах сэтгэл гутралаас хэрхэн ангижрах вэ гэсэн агуулга, сэдэвтэй төсөл бичсэн. Энэхүү төслийн хүрээнд бүтэн нэг жилийн хугацаанд олон ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Цахим орчинд видео мэдээлэл цацаж, залуу ээжүүдэд сургалт явуулахаар төлөвлөсөн.
-Төрсний дараах сэтгэл гутрал гэж юуг хэлээд байна вэ. Магадгүй энэ нь танд тохиолдсон зүйл үү?
-Ер нь төрсөн эмэгтэйчүүд бүгд 1-4 долоо хоногийн хугацаанд дааврын өөрчлөлтөд өртдөг. Энэ нь дөрвөн долоо хоногоос хэтрэхээр сэтгэл гутралын эмгэг гэх өвчин бий болгодог. Гэхдээ Монголд үүнийг судалсан тоо баримт, зөвлөгөө мэдээлэл ховор байдаг. Миний хувьд төсөл бичихдээ Одонтой ээж группийнхээ 3500 ээжээс судалгаа авсан. Судалгаанд оролцсон ээжүүд дөрөв болон тав дахь хүүхдээ төрүүлсний дараа энэ төрлийн сэтгэл гутрах байдлыг мэдэрсэн гэж хариулсан байсан. Тэгэхээр олон хүүхэдтэй ээжүүдийн хувьд гэртээ удаан суух зэргээс шалтгаалж сэтгэл гутралд өртдөг байх магадлалтай. Миний хувьд сэтгэл гутралын эмгэгт өртөж байгаагүй. Гэхдээ гормоны өөрчлөлтөд орж, хааяа нэг уйлах асуудал гарч байсан. Ийм үед нөхрүүд нь эхнэрээ ойлгож илүү ихээр хайрлаж харилцан ярилцах хэрэгтэй. Үгүй бол гэр бүлийн хооронд зөрчил маргалдаан үүсэх хандлагатай байдаг.
-“Гоо ээж” болсноор дэлхийн тэмцээнд оролцох эрхтэй болсон. Тэмцээн хэзээ хаана болох вэ?
-“Mrs world” тэмцээнд “Хатан эрдэнэ” холбооны дэд ерөнхийлөгч М.Сэлэнгэ багш хоёр жилийн өмнө оролцож, шилдэг 12-т үлдэж байсан. Ер нь туршлага судлах журмаар оролцож байсан. Монголд ирээд энэхүү анхдугаар уралдааныг зохион байгуулахаар шийдсэн юм билээ. Миний хувьд улсаа төлөөлөн дэлхийн нэр хүнд бүхий тэмцээнд оролцох болсондоо баяртай байгаа. Тэмцээнийг энэ оны аравдугаар сард зохион байгуулна. Одоогоор хаана зохион байгуулах нь тодорхойгүй байна.
-Олон улсын тэмцээнд оролцоход хэлний чадвар чухал. Таны хувьд энэ нь асуудал болох уу?
-Би англи хэлтэй болохоор асуудал болохгүй гэж бодож байна.
-Үр хүүхдүүддээ ямар зүйл зааж сургахыг хичээдэг вэ?
-Би найм болон хоёр настай хүүтэй, дөрөв, таван настай хоёр охинтой. Хүүхдүүдтэйгээ их ярилцдаг. Мэдлэг боловсролд нь анхаардаг. Гэхдээ гол нь бусдыг ялгаж харилцахгүй байхыг зааж сургахыг хичээдэг.
-Алдарт эхийн одонгоо хэзээ, хэрхэн авч байсан бэ?
-Өнгөрсөн жилийн зургаадугаар сарын 1-нд Төрийн ордонд 108 ээж Алдарт эхийн одонгоо Ерөнхийлөгчөөс хүлээн авахад би ч гэсэн авсан. Төрийн ордны урд талын талбайд гарч ирэхэд их олон хүн угтан баяр хүргэж байсан. Бага хүүхэд минь нэг настай байсан. Одонгоо зүүх дуртай болсон. Алдарт эхийн одонг хүртээд их хүндлэгддэг юм билээ.
-Анх хэдэн насандаа ээж болж байсан бэ?
-24 насандаа ээж гэх эрхэм алдрыг хүртэж байлаа. Одоо 32 настай. Үндсэн мэргэжил маркетер. Дараа нь СИТИ дээд сургуулийн мэйк ап артистаар төгссөн, арьсны гоо зүйн зөвлөх мэргэжилтэй. Сонирхлынхоо дагуу мэйк ап хийдэг.
-Тэмцээнд оролцохыг гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Миний хань “Чи юу хүсч байна түүнийгээ хий” л гэж хэлдэг. Үргэлж намайг дэмждэг ханьдаа баярлалаа.
-Уралдаанд түрүүлсний дараа танд юу бодогдсон бэ. Анх хэддүгээр байрт орно гэж бодож байсан бэ?
-Эхэндээ итгэж чадахгүй байсан. Дараа нь их үүрэг хариуцлага ирж байгаа гэдгийг ухаарсан. Тэмцээнд түрүүлсний дараа нөхөр, ээж минь их баярласан. Тэмцээн болохын яг нэг хоногийн өмнө ээж маань Америк явчихсан. Манай үеэл ээжид видео дүрсээр харуулсан юм билээ. Их баярлаж уйлсан гэсэн.
-Ээжүүддээ хандаж зөвлөгөө өгвөл?
-Хүсэл мөрөөдлөө битгий орхиорой. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх цаг хугацаа үргэлж байдаг. Хүүхдээ төрүүлээд гэртээ сууж байхдаа ч өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө ямар нэг зүйлд суралцаж, хичээж байгаарай гэж зөвлөе.
-Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөөд завгүй байсан болов уу. Таны хувьд өөртөө хэр их анхаарал хандуулдаг вэ?
-Дөрвөн хүүхдийн хажуугаар гоо сайхандаа цаг зав гаргах хэцүү. Байнга гоо сайхан, үсчин орж амждаггүй. Тийм болохоор гэрийн нөхцөлд үс, гоо сайхандаа анхаарал байнга хандуулдаг. Орой хүхдүүдээ унтуулчихаад гучин минутыг өөртөө заавал зориулдаг.
-Өмнө нь загвар өмсч байсан уу. Дэлхийн тайзнаа улсаа төлөөлж загвар үзүүлнэ шүү дээ?
-Өмнө нь ямар нэг загварын тайзнаа гарч байсан тохиолдол байхгүй. Энэ удаагийнх миний анхны тохиолдол болсон. Загварын алхааны талаар ямар ч ойлголт байхгүй байсан. Эцсийн шатанд олон хүний өмнө гараад бага зэрэг сандарсан. Гэхдээ нэг гараад л сандрал арилсан. Манай ээжүүд бүгд л их айж сандарч байлаа.
-Дараачийн оролцох тэмцээндээ хэрхэн бэлтгэж байгаа вэ?
-“Хатан эрдэнэ” холбооноос Монголын сайхан бүсгүй тэмцээнийг 1989 оноос зохион байгуулж ирсэн. Энэ жилийн тэмцээний финалын шат энэ сарын 30-нд болох юм. Энэ тэмцээнийг очиж үзэн туршлага судална. Ямартай ч маш сайн бэлтгэл хэрэгтэйг ойлгож, хичээж байгаа.
С.Юмсүрэн
Монголын Үнэн сонин