Хөлбөмбөгийн талбайгаас аавын сэтгэл холдохгүй
2018/06/21
Хөлбөмбөгийн талбайд сөхөрч суугаад уйлах энэ ААВ-ын өмнө хүүгийнх нь идэх дуртай зайрмаг оройн наранд хайлж байсан юм. Өнөөдөр тэр цалингаа аваад хамгийн түрүүнд хүүдээ энэ зайрмагийг худалдаж авсан. Ердөө гучин минутын өмнө хүүтэйгээ утсаар ярьж, баяр хөөртэй дуу хоолойг нь сонсож байсан Аав шүү дээ...
- Аавынх нь цалин өнөө орой бууна гэж байна. Миний хүү аавдаа юу захих вэ?
- Зайрмаг ундаа, хөлбөмбөгийн хувцас авчираарай Ааваа. Хөлбөмбөгийн хувцас заавал авна шүү. Таныг иртэл би найзуудтайгаа хөлбөмбөг тоглож байя.
- Аав нь бүгдийг нь аваад очноо. Харин миний хүү битгий оройтоорой.
- За ааваа, би гучхан минут тоглочихоод л ирнэ...
Энэ бол түүний хүүтэйгээ амжиж ярьсан хамгийн сүүлийн яриа. Гэтэл одоо дахиж хэзээ ч сэргэлэн цовоо хөөрхөн хүүгийнхээ баяр хөөртэй дуу хоолойг сонсож, салхи шиг хурдлан гүйхийг харж чадахгүй болсон. Хүүгийнх нь хоёр хөл шиг хурдан зүйл Аавд нь үгүй байж. Тиймдээ ч “миний хүүг уралдаад хэн ч гүйцэхгүй, хөлбөмбөгчин болбол сайн хөлбөмбөгчин болно доо” гэж урамшуулдаг байсан биз. Гэтэл сэтгэлийнх нь ганц нар дэндүү эрт жаргачихлаа. Хүүгийнхээ харамсалтайгаар амь алдсан алга дарам газраас холдож чадахгүй, дуртай зайрмагаа идэхээр дэгдэж гүйгээд ирэх юм шиг санаж хөөрхий ААВ хичнээн өдөр энэ хөлбөмбөгийн талбайд ирж уйлах бол... Түүний хүүд үнэхээр том хүсэл мөрөөдөл байсан юм билээ.
“Алдартай хөлбөмбөгчин болоод хайртай эмээгээ эмчлүүлж эрүүл саруул болгоно, тэгээд аавтайгаа олон сайхан зүйлийг хийж, хүмүүст туслана” Энэ бол амьдралын тэмцэл дундаас олж харсан арваннэгэн настай хүүгийн хүсэл мөрөөдөл. Харин одоо эзэнгүй болсон энэ хүсэл мөрөөдөл Аавыг нь түшин үлдэж байна.
Гэхдээ л хүүгийнхээ үхэлтэй эцэг хүн тийм амар эвлэрч чадна гэж үү. “Хүү минь ороод ирнэ хаалга түгжиж болохгүй шүү. Гүйсээр байгаад өлсчихсөн орж ирнэ, томхон аяганд хоол хийж тавиарай. Би хоол идэхгүй ээ, миний хүү идэг” ААВ-ын сэтгэл одоо ч хүүгээ зүгээр л гүйгээд ороод ирэх юм шиг хүлээсэн хэвээр. Тэр бол хүүдээ маш их хайртай жирийн л нэг ААВ. Бусдаас ялгарах зүйл байхгүй. Амьдралд алдахдаа алдаж, онохдоо онож яваа эр хүн. Хүүгийнхээ зул асаасан зурагны өмнө духаа цоортол мөргөж суугаа түүний хоосорсон сэтгэл одоо хааш нь хөтлөхийг бид мэдэхгүй. Зарим нь түүнийг архичин гэж цоллосон. Балгах дуртай байж болох ч хүүдээ сайн ААВ байж чадсан. Хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг сонсдог, дэмждэг ААВ байсан нь л хангалттай санагдана.
Эр хүний хичээгээд ч хүчирэхгүй зүйл амьдралд цөөнгүй байдаг. Тэр тийм зүйлсийн өмнө л бүдэрсэн эр хүн болохоос ААВ байхдаа хэзээ ч бүдрээгүй. Харин амьдралд юу эс тохиолдохов гээд үүнийг бүү өнгөрөөгөөсэй. Эр хүн л эр хүнээ босгож чадна гэдэгт би итгэдэг. Монгол эрчүүд хүчтэй, ухаантай. Нэгдвэл хэнийг ч босгоод ирэх тийм л гайхамшигтай хүмүүс. Тэр тусмаа ААВ-ууд аав хүний баяр жаргал, гуниг зовлонг дэндүү сайн мэддэг.
Тиймээс өвчтэй эхийнхээ сэтгэлийг тайтгаруулах боломжыг хүүгээ алдсан энэ ААВ-д эрчүүд та нар минь өгөөрэй. Зүгээр л нэг ч гэсэн ААВ-ыг дахиж амьдралаас алдмааргүй байна.
~ Х.Мягмарсүрэн
“Гэр бүлийн радио 104,5-ын уран бүтээлчид, сүүлийн хоёр жилийн туршид эрчүүд рүү чиглэсэн “Монгол Аав” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Эр хүний алдаа оноо, сэтгэл зүрхийг тэмтэрч, тэдний ертөнцөд юу болдог, бас юу болж дуусдгийг амьдралын олон жишээ түүх бидэнд харуулсаар байна”