Даяар дуурсагдах, Далай даян, Олныг баясуулагч, Түмнээс төгөлдөр, Баяр наадмын манлай, Улс даяар гайхамшигт, Дайчин дархан аварга, Даян аварга, Хүчит арслан, заан, харцага, начингууд маань өнөөдөр даяар дуурсагдаж, олныг баясуулж байх шиг байна. Гэхдээ муу, муухайгаараа, хэрүүл талцлаараа ард түмнээ 'баясган, цэнгүүлж' байна.

Учир нь өчигдөр УИХ-ын гишүүн А.Сүхбат тэргүүтэй хүмүүс Монгол бөхийн өргөө рүү дайрч хаалга үүдийг нь эвдлэн сүйтгэв. Аатай уран барилдаанч бөх байсныг хүлээн зөвшөөрч хайрлана. Харин танхай балмад үйлдлийг дэмжихгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт хандаж хэлэхэд УИХ-ын гишүүн А.Сүхбатад дараах арга хэмжээ авахыг ард түмэн шаардаж байна.

- Дархан аварга цолыг нь хураа

- УИХ-ын ёс зүйн хороо хуралд

- Монгол Ардын Нам ёс зүйн хариуцлага тооц

Ямар ч тохиолдолд хүчирхийллийг дэмжиж болохгүй. Хууль батлах үндсэн ажилтай, иргэддээ үлгэрлэх учиртай хүн ингэж явах ёсгүй.

Гүндүүгүй, хээгүй, монгол эрчүүдийн олон зууны турш имиж нь болж ирсэн монгол бөхийг өөрчлөх шинэчлэх хэрэгтэй болсныг ч энэхүү үйл явдал харуулж буй.

Ямартай ч Монголын бөхийн жудаг ярьдаг бөхчүүд жудаггүй хэрэлдэж байна. Монголын бөхийн холбооны хэрүүл тэмцэл арай хийж намжиж байх зуур үргэлжлэн Монгол бөхийн өргөөг тойрсон хэрүүл эцэстээ утгаа алдаж, хэн нь яг Бөхийн холбооны тэргүүн нь мэдэгдэхгүй бөөн бантан болж байна.

Аливаа танхайралд хэмжээ хязгаар гэж байдаг. Тиймээс УИХ-ын гишүүн, Монгол Улсын Дархан аварга, бөх А.Сүхбатын цолыг хурааж, Монголын ард түмний хөрөнгөөр боссон Бөхийн Өргөөг төрийн мэдэлд шилжүүлэх шийдвэрээ гаргах цаг болжээ, 

Б.Учрал

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=10149