Хариуцлагатай нийгмийг бүтээхэд хэдэн хүүхдийн амь хэрэгтэй вэ
2018/06/27
Хүү эндсэн газар
-Хүрэхэд цахилгаан цохидог болсон хаалгыг хөлөөрөө нээж, хаасаар арав гаруй хоножээ-
ХҮҮ 231 ВОЛЬТЫН ХҮЧДЭЛД ЦОХИУЛЖЭЭ
Тоглохоор гэрээсээ гарсан бас нэгэн хүү хорвоог орхилоо. Тодруулбал, уржигдар 20.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дахь “Дэлгэр” төвд байрлах “Эко шинэс” эмийн сангийн үүдэнд II сургуулийн сурагч, есөн настай А найзуудтайгаа тоглож байгаад амиа алдав.
Осол гарахын өмнө хүүхдүүд тус төвийн дэргэдэх 135 дугаар цэцэрлэгийн хашаанд тоглож байгаад хөөцөлдөхөөр шийдэж, тал тал тийш гүйлдэхэд А эмийн сангийн шатаар өгсөж, хаалганаас нь бариад авчээ. Гэнэт хөдөлгөөнгүй болсон түүнд найз нь хүрэхэд цахилгаан цохисон гэнэ. “Хаалганаас холд” хэмээн тэрбээр сануулсан боловч хэдийнэ хорвоогоос явсан байжээ.
Ослын талаарх дуудлага цагдаагийн байгууллагын шуурхай утсанд 20.12 цагт иржээ. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дарга Б.Даваазулаар ахлуулсан ажлын хэсэг хэргийн газарт очиж ажиллажээ. Ингээд цахилгааны утсанд богино холболт үүссэн байсан тул нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн холбогдох албаныхныг оролцуулан үзлэг хийсэн аж. Тэд богино холболт үүссэн цахилгааны утас 231 вольтын гүйдэлтэй байсныг тогтоосон байна.
“Эко шинэс” эмийн сангийнхан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Дэлгэр” төвийн эзэдтэй гэрээ байгуулж, талбай түрээсэлсэн байна. “Дэлгэр” төвийнхөн өнгөрсөн дөрөвдүгээр сард барилгынхаа гадна талыг засуулжээ. Үүний дараа буюу энэ сарын эхээр эмийн сангийн эзэд хаягийн самбараа шинэчилсэн байна. Ингэхдээ төмөр хүрээ бүхий гэрэлтүүлэгтэй хийлгэжээ.
Тус эмийн сан гурван давхар хаалгатай бөгөөд хамгийн гадна талынх нь сараалжин хаалттай нийлүүлэн хаягийн самбараа байрлуулсан байж. Гэтэл гэрэлтүүлгийг асаах зорилгоор хийсэн цахилгааны утсанд богино холболт үүсэж, улмаар хүрээгээр нь дамжин хаалганд хүчдэл очсон гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарлалаа. Хүү түүнд хүрч, биеэр нь 281 вольтын хүчдэл гүйсний улмаас амиа алджээ.
Уг осол гарахаас хэд хоногийн өмнө тэр хавиар явсан хүмүүс “Хаалганд нь хүрэхэд цахилгаан цохиж байна” гэж байжээ. Эмийн сангийнханд ч энэ талаар хэлж байсан аж. Эмийн санч нь ч цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Хаалганд хүрэхэд цахилгаан цохидог байсан. Тиймээс хаалгыг нээж, хаахдаа хөлөөрөө түлхсээр өдий хүрсэн” гэсэн байх юм.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр хэрэв тухайн сараалжин хаалт цэцэрлэгийн хашаанд тулсан бол түүнд хүрсэн хэнбугай ч амиа алдах эрсдэлтэй байжээ. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийнхнаас энэ талаар лавлахад “Үнэхээр харамсалтай хэрэг гарлаа. Ийм үед төрийн ямар ч албаныхан “Бидэнд хамаагүй” гэж суумааргүй. Цахилгааны дэд станц, нийтийн эзэмшлийн талбай дахь аюулгүй байдлыг төрийн холбогдох байгууллага хянадаг.
Харин айл өрх, албан байгууллага өөрийн эзэмшлийн объект руу орсон цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах ёстой. Гэрээнд ч үүргийг нь заасан байдаг. Харамсалтай нь, хүмүүс үүнийг үл ойшоосоор байна. Хүүгийн хүрсэн хаалганд богино холболт үүссэн байсан. Манай ажилчид очиж цахилгааныг нь салгасан” гэсэн юм.
Эмийн сан ажиллуулах эрхийг нийслэлийн Эрүүл мэндийн газар олгодог. Харин тухайн үйл ажиллагаа явуулах объектынх нь аюулгүй байдлыг хууль, хяналтынхан хангуулах учиртай. Хэрэг гарах үед тус эмийн санд “Монос” сургуулийн оюутан ажиллаж байсан гэнэ. Эмийн сангуудын үйл ажиллагааг шалгах үүрэгтэй байгууллагууд хяналтаа сулруулсны гор энэ. Түүнчлэн гаднах хаягаа сольж, шинэчлэхдээ мэргэжлийн хүнээр хийлгэсэн, эсэхийг шалгах үүрэгтэй байгууллага анхаарлаа сулруулсны уршиг ч бас бий. Энэ ажлыг нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан хийх ёстой.
Уг нь нийслэлд цахилгааны холболт хийх эрхтэй 1000 гаруй аж ахуйн нэгж, байгууллага бий аж. Хамгийн харамсалтай нь, есөн настай хүү томчуудын хариуцлагагүй үйлдэл, цэвдэг сэтгэлээс болж хорвоог орхилоо. Энэ бол анхны тохиолдол биш.
Баянгол дүүргийн II хорооны 59,60,61 дүгээр байрны дундах хүүхэд тоглодог орчин.
ОРЧИНДОО ХАРАГДАЖ БУЙ АЮУЛТАЙ БҮХНИЙГ ЗАСАХЫГ ШААРДЪЯ
Хүүхдийн паркийн тоглоом эвдэрснээс болж дөрвөн хүүхэд гэмтсэн. Энэ өдрийн маргааш нь орон нутаг дахь паркуудын тоглоомуудыг шалгаад, бараг бүгд шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргав. Одоогоос таван жилийн өмнө Улаанбаатарын Хүүхдийн паркад байсан алсыг харагчийг хуучирсан хэмээн жагсаалаас гаргахад, төмрийн хогонд ачуулахын оронд Эрдэнэтэд аваачиж зоосон. Аймгийн төв гоё харагдаж л байвал төхөөрөмж ажиллах эсэх, аюултай юу, үгүй юү гэдэг нь ийм санаачилга гаргасан дарга нарт хамаагүй байлаа. Учир нь тэр алсыг харагч одоо хүртэл ажилладаггүй.
Сурагч хүү сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайн хаалганы төмөрт цохиулж нас барлаа. Эцэг, эхээс нь уучлалт гуйхын зэрэгцээ төр, захиргааны байгууллагадаа өөрөө очиж хариуцлага алдсаныхаа төлөө халагдах өргөдлөө өгвөл зохих захирал нь буруугүй мэт зүтгэж олон түмнийг хэдэн өдөр бухимдуулсан. Боловсрол хариуцсан сайд нийслэлийн удирдлагад “Тэр нөхрийг халаач” гэж хэлэхдээ тулна билээ. Өнгөрсөн баасан гаригт нийслэлийн Засаг дарга тушаал гаргаж тэр захирлыг ажлаас нь чөлөөлсөн байна. Эдүгээ дараагийн захирлыг сонгон шалгаруулалтаар шийдэж, томилохоор бэлтгэж байгаа ажээ.
Дээр дурдсан аймшигт, харуусам хэргүүдийг оролцуулаад энэ оны зургадугаар сард хүүхэд хохирсон цочирдом үйл явдал ар араасаа болсон юм. Эрэгтэй, эмэгтэй хүүхэд алга болох, гэрээсээ дайжих, амиа хорлохыг завдах гэхчилэн тоочоод байвал олон.
Аав нь хоёр настай, хэлд гүйцэд ороогүй хүүгээ хурдны морины нуруунд бэхлээд шуугиулчих нь Монголд л байх, монгол эрийн л авир. Монгол хүн морин дэл дээр өсдөг, өтөлдөг гэдгийг нотлох гэж хөглөх тэнэглэл гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна. Хүүхдийн эрх хамгаалах байгууллагынхны гомдлын мөрөөр энэ хэнэггүй эцэгт 100 мянган л төгрөгийн торгууль ногдуулсан байна. Хөдөөгийн айл юм билээ. Ямар нэгэн орлогоосоо төлбөр хийсэн гэж бодъё. Харин тэднийх хүүгээ ядаж дөрвөн нас хүртэл нь морь унуулахгүй байх болов уу.
Траншейны онгорхой нүх хаа сайгүй. “100 айл”-д
Хариуцлагагүйн хар сүүдэр Монголыг бүхэлд нь нөмрөөд удаж байна. Үүний уршгаас хэдэн арван хүүхэд, том хүн цаг бусаар хорвоог орхиж байна. Энэ тухай дор бүрнээ мэддэг. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ч “Хариуцлагагүй байдалтай эрс тэмцэнэ” хэмээж, хэлсэн үгээ хэвлэл, сонины нүүрээр дүүрэн бичүүлж байсан удаатай. Харин тэд хэзээ, хэрхэн, ямар зохион байгуулалт, шат дараалалтайгаар ямар арга хэмжээ хэрэгжүүлж, дүгнэн, үр дүн гаргасан бэ.
Байхгүй. Нийгэмд тулгамдаад буй эмзэг сэдвийг хөндөж, юу юугүй хувьсгалын дайны өөрчлөлт гаргах гэж буй мэт дүр эсгэн олон нийтээс оноо авахаа урьтал болгосон уу гэхээс хүний төлөө, ард иргэдийнхээ эрүүл, тайван амьдралын төлөө хуруугаа хөдөлгөсөн үү. Ингэж пиарддаг дарга нарыг хөхөө өвлийн хүйтэнд цас орсны дараа улсын төв Сүхбаатарын талбайг хөндлөн гулд алхуулах хэрэгтэй юм.
Гантиг чулуугаар битүү бүрсэн гялгар, толигор талбайд хэдэн удаа тэнгэр харж унахаараа “Ийм байж болохгүй юм байна, солих хэрэгтэй” гэж сэхээрч магадгүй. Хэлээд нэмэргүй бол яс, маханд нь мэдрүүлэх хэрэгтэй. Хөлд орж буй нялх хүүхэд халуун пийшин рүү орчих гээд байвал гараас нь татаж аваачаад халууныг нь мэдрүүлбэл дахин ойртдоггүй. Үүнтэй агаар нэг аргаар ч болов дарга нараа сэрээх хэрэгтэй цаг үе иржээ.
Хүний төлөө бус сэтгэлээр хандсан, хийсэн үйлдэл бүр хар мөр дагуулсаар, өнөө нийслэлийг, улс орныг бүхэлд нь хариуцлагагүйн хар сүүдэр нөмөрлөө. Одоо хангалттай. Хүн болгон, байгууллага бүр, компани, аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагууд дор бүрнээ тус тусынхаа орчинд харж буй иргэд, олон нийт, ялангуяа хүүхдийн аюулгүй амьдралд халтай байгууламж, нуранги, эвдэрч хэмхэрсэн зүйлс, цахилгааны ил утас, траншейны таглаагүй нүх болон мөн хамгаалах торгүй ус зайлуулах хоолой зэрэг сөрөг бүхнийг тоолж, бүртгэн, харьяа аймаг, сум, хороо, дүүрэгт мэдэгдэн, засаж сайжруулахыг шаардъя. Аюултай болгоны эзэн холбогдогчийг олж тогтоолгоё. Орчноо сайжруулах ажил, аян өрнүүлье.
Цахилгааны ил утас. Баруун дөрвөн зам, МҮЭСТО, Max mall, “Гранд плаза”-гийн уулзвар
Нийслэлийн хогийн цэгүүд дэх бункерүүдийн шатыг нимгэн төмрөөр хийсэн, туялзуур, даац тодорхой бус. Өвөл, зуны алинд ч гишгэж хог асгахаас айдастай
Гэнэн хонгор зангаараа тоглон наадаж явахдаа дэндүү харамсалтайгаар хорвоогоос явсан хүүхдүүд гашуун дурсамж болоод л үлдэх учиргүй. Тэд бол бидэнд дэндүү өндөр үнээр олдсон сургамж.
Цаг бусаар одсон хүүхдүүдийн ээж, аавд гүн эмгэнэл илэрхийлье.
Бэлтгэсэн: Г.Баярцэцэг, Р.Оюунжаргал
иргэн · 2018/06/27
тиймээ Хариуцлаггүй томчуудын Балагаас болж Бяцхан үрс маань нэг хоёроороо Бэртэж гэмтэж Хорвоог орхисоор үүнийг хариуцаж байгаа Эзэн ч үгүй Хариуцлага тооцдог тогтолцоо нь ч сул Уг нь Дайн байлдаангүй Улс орны Бяцхан үрс шүү дээ
Зочин · 2018/06/27
явган хүний замгүй хэсгүүд маш их бий авто зам барилга 2 нь нийлчихсэн. метро малл гэж дэлгүүр бий хэн гэдэг хулгайчых болохыг мэдэхгүй тэнд лав 2 ч хүүхэд дайруулж байсан, өвөл болхоор шууд замруу халтирч унахаар байдаг