Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал ирэх сарын 3-нд эхэлнэ
2018/06/28
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлийг хангаж байна.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хуралд Ази номхон далайн бүс нутгийн 60 гаруй орон, олон улсын байгууллагын өндөр дээд хэмжээний 3000 орчим төлөөлөгч оролцохоор бүртгэлд хамрагджээ. Азийн сайд нарын бага хурал нь бүс нутаг, олон улсад гамшгийн эрсдэлийг бууруулах ач холбогдлоороо хамгийн өндөрт тооцогддог НҮБ-ын томоохон арга хэмжээ бөгөөд 2016 онд БНЭУ-ын Шинэ Дели хотноо болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурал”-аас хойш зохион байгуулагдсан анхны бүс нутгийн хэмжээний хурал гэдгээрээ онцлог юм.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлын гол зорилго нь ирэх 15 жилд дэлхий нийтээр гамшгийн эрсдэлийг бууруулахад баримтлах үндсэн зарчим, арга хэмжээ болох Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ахиц дэвшлийг бүс нутагт таниулахад чиглэгдэж байгаа юм.