Улсын хэмжээнд энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн талаар танилцуулъя. 2018.06.25-29-ний өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 1102 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 759 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 37 хүн гэмтэж бэртсэн бөгөөд үүний 9 нь бага насны хүүхэд мөн орон нутагт 4 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг тус тус шалгаж байна.  

Тухайлбал:

  1. БЗД-ийн нутаг Товчооны замд T.Mark 2 маркийн автомашинд зорчиж явсан зорчигч 5 настай эрэгтэй М нь автомашинаас унаж гэмтсэн. Тухайн үед М нь автомашинд ганцаараа сууж байхдаа автомашины арааг хөдөлгөж мулталснаас автомашин өнхрөх үед автомашинаас үсэрсэн байна.
  2. Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Улаан тээг гэх газар шороон замд 17 настай У жолоочтой ИЖ-10 маркийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй мотоцикль онхолдож жолооч У-н амь нас хохирсон хэргийг шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцсон.

Энэ 7 хоногт нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 32 осол, мөргөлдөх хэлбэрээр 23 осол, онхолдох хэлбэрээр 1 осол тус тус бүртгэгдсэн ба дээрх тоон үзүүлэлтүүдийг өмнөх 7 хоногтой харьцуулахад зам тээврийн ослын шинжтэй дуудлага 3,9 хувиар, гэмтсэн хүний тоо 16,2 хувиар, хүүхэд өртсөн осол 2 дахин, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 15 хувиар тус тус буурсан байна.