Э.Эрдэнэбаатар хүү: "Хөгжлийн бэрхшээлтэй биш онцгой содон өвөрмөц гэвэл Cool"
2018/06/30
"Над шиг хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй, сонсголгүй хүүхдүүдэд үлгэр дууриалал болох гэж би бичсэн" гэж Э.Эрдэнэбаатар хүү өөрийнхөө эсээний зорилгыг Football Talk нэвтрүүлэгт орох үеэрээ ярьсан.
Киа Моторсийн зүгээс ДАШТ-ий талбай дээр анх удаа Монгол хүн гаргах зорилгоор хүүхдүүдийн дунд эсээ бичлэгийн уралдаан зохион байгуулж 600 гаруй хүүхдээс шалгарсан Ө.Амар гэж хүү Коста Рика - Швейцарийн тоглолтод бөмбөг барьж талбайд гарсныг бид харсан.
Тэгвэл 600-гаас 20 шилдэг хүүхдийг, 20-с 9 шилдэгийг сонгосны нэг нь өнөөдөр Football Talk нэвтрүүлгээр оролцсон Э.Эрдэнэбаатар хүү байлаа. Шилдэг 9 хүүхдийг ярилцлаганд оруулж, тэднээс "Монгол улсын хамгийн чухал үнэт зүйл юу вэ ?" гэж асуухад Э.Эрдэнэбаатар "Тусгаар тогтнол" гэж бахдам хариулж, томчууд бидний ч заримдаа мартчихсан тэр зүйлийн үнэ цэнийг ирээдүй хойч маань ч үргэлж санаж байгааг сонсоход сайхан байлаа.
Ангийнхаа найзуудыг хөлбөмбөг тоглохыг хараад тэдэн шиг тоглож чадахгүй ч гэлээ Балжаа ах шиг өөртөө тайлбарлаж суудаг Эрдэнэбаатар ирээдүйд арвин их мэдлэгтэй хөлбөмбөгийн тайлбарлагч болох хүсэл мөрөөдөлтэй.
88-р сургуулийн 5-р ангийн сурагч Э.Эрдэнэбаатарын Football Talk нэвтрүүлгээр орсон дугаарыг өнөө орой 22:00 цагаас NTV, SPS телевизүүдээр хүлээн авч үзээрэй.
Ангийнхаа найзуудыг хөлбөмбөг тоглохыг хараад тэдэн шиг тоглож чадахгүй ч гэлээ Балжаа ах шиг өөртөө тайлбарлаж суудаг Эрдэнэбаатар ирээдүйд арвин их мэдлэгтэй хтайлбарлагч болох хүсэл мөрөөдөлтэй.
Түүний илгээсэн эсээ:
“Миний тухай”
“Онцгой хүүхэд”. Ухаан суусан цагаасаа л Би үүнийгээ мэдэрч эхэлсэн. Бусдаас илүү халамжлах Аав, Ээжийнхээ хайрнаас, “- Чи минь мундаг шүү” гэх эгчийнхээ үгнээс.. Магадгүй Миний Тэргэнцэрийг гайхан харах хүүхдүүдийн харцнаас Би өөрийнхөө Онцгойг мэдэж авсан байх. Тийм ээ, Би Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд. Гэхдээ энэ үгэнд дургүй л дээ. Онцгой, Содон, Өвөрмөц гэх нь илүү Cool сонсогдож байгааз. Аав, ээж, эгч, дүүгийн хамт энгийн л амьдардаг 12 настай хүүг бусдаас Онцгой болгож байгаа зүйл бол ганцхан хөл минь. Хорвоод мэндлэх гэж яарахдаа хөлд орох чадвараа Ээжийнхээ гэдсэнд гээгээд дутуу төрчихсөн юм гэдэг. Хэдий Би үеийн найзууд шигээ гүйж тоглоомын талбайд хүссэнээрээ тоглож чадахгүй ч тэдэнтэй нэгэн адил мөрөөдөх дуртай энгийн нэгэн хүү билээ.
“-12 нас бол мөрөөдлөө биелүүлж чадахгүй ч мөрөөдөж эхлэхэд тохирсон нас” гэж Ээж минь хэлсэн. Ингээд өөрийнхөө бас мөрөөдлийнхөө тухай бичье.
Намайг Эрдэнэ-Баатар гэдэг. Төрөл бүрийн спортыг шимтэн үзэж түүгээрээ өвчлөх нь надад төсөөлөшгүй их Кайф өгдөг. Жүдо, Сумо, UFC, WWE зэрэг хүчний спортод дуртай. Харин нэг өдөр эгч маань надад Хөлбөмбөгийн тоглолт үзэх санал тавьсан нь Миний мөрөөдлийн эхлэл болсон юм. Би ч спортын хорхойтон учир татгалзаагүй. Месси, Роналдо гэх 2 агуу тамирчны тухай багагүй сонсож байсан ч манай улсын цагаар дандаа шөнө дунд тоглодог учраас бүтэн тоглолтыг нь үзэж байгаагүй юм. Бид 2 Аваргуудын лигийн Barcelona болон Paris Saint Germain багуудын тоглолтыг үзлээ.
ХӨӨХ, Үнэхээр гайхалтай. Хөлбөмбөг бол Спортын ноён оргил гэдэг нь үнэн байжээ. Энэ тоглолтод Barcelona өрсөлдөгчөө 6:1 ээр хожиж гайхалтай ялалт байгуулсан юм. Цэнгэлдэх дүүрэн хөгжөөн дэмжигчид уйлж, дуулан тамирчид ялалтаа тэмдэглэж байх үеэр эгч бид 2 ч бас баярласандаа чанга хашгирч Аав, Ээжийг сэрээгээд үүр цайх үеэр нилээн хөгтэй юм болж билээ. Өмнөх тоглолтдоо 4:0-ээр хожигдсон Barca хэний ч төсөөлөөгүй ялалтыг эцсийн мөч хүртэл тэмцэж байж олж авлаа. Тэд боломжгүй зүйл гэж байхгүйг мөн баталлаа. Энэ тоглолтоос хойш Би эгчийнхээ адилаар FCBarcelona гэдэг энэ агуу багийг дэмжиж эхэллээ. Ялалт, ялагдалтай нь үргэлж хамт байж хэзээд урвалгүй дэмжиж байхаа өөртөө амласан.
Мэдээж хөлбөмбөг миний дуртай зүйлсийн жагсаалтын 1т бичигдэж Би хөлбөмбөгийн тухай нэвтрүүлэг бүрийг алгасалгүй үздэг боллоо. Ногоон талбай дээр бөмбөг өшиглөөд гүйж чадахгүй ч энэ спортод бүр илүү хайртай болсоор л байлаа.
Ангийн найзууд биеийн тамирын хичээл дээр хөлбөмбөг тоглоно. Би ихэнхдээ тэднийг хараад л сууна. Гэхдээ зүгээр хараад суулгүй тэдний тоглолтыг яг Балжинням ах шиг тайлбарлах нь надад өөрийгөө уйдаахгүй байх сайхан арга болдог шүү...
Надад Мөрөөдөл бий.
TV-гээр тоглолтын тойм харж суухдаа, компьютер дээр хөлбөмбөг тоглож байхдаа, найзуудынхаа хөлбөмбөг тоглохыг нь хараад Би мөрөөддөг. Би ирээдүйд Хөлбөмбөгийн Тайлбарлагч болно гэж мөрөөддөг.
Энэ спортыг нэг хэсэг нь үзэж, бас нэг хэсэг нь тогловол үлдсэн нэг хэсэг нь заавал тайлбарлах хэрэгтэй шүү дээ. Би тэдний нэг байхыг хүсэж байна.
Ирээдүйд хэн нэгэн Монгол хүү аваргуудын лигт гоал хийвэл Би тэр гайхалтай мөчийн гэрч болоод тайлбарлаад сууж байх ч юм билүү. Хэн мэдлээ. Мөрөөдөл биелдэг гэдэг.
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн бол мөрөөдлийн минь нэг хэсэг. Миний анхны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн. 4н жилд ганцхан удаа болдог ховор бас маш нэр хүндтэй энэ тэмцээн манай хөрш Оросын Холбооны Улсад болно гэж дуулаад үзэхсэн гэж их хүсэж байлаа. Даанч Би Онцгой хүүхэд шүү дээ гэх бодол сэтгэлд байсаар л. Зүүдэндээ бол хэд хэдэн удаа тэнд очоод үзчихсэн л дээ.
Гэтэл надтай адил хүсэл мөрөөдөлтэй мянга мянган хүүхдэд Kia Motors Mongolia-гийн зүгээс маш том боломж олгож байгааг дуулаад үнэхээр их баярласан.
WOW, Бүх хүүхдэд нээлттэй болохоор Би оролцож болно. Өө ёстой янзтай. Түрүүлээд шилдэг нь болвол бүр догь.
Улсын маань өнцөг бүрээс маш олон хүүхэд мөрөөдлөө хуваалцаж байгаа ч Би тэдний нэгэн адил оролцох эрхтэй байгаадаа илүү баярлаж байна. Бас Би мөрөөдөж байна. Яагаад Би Хөлбөмбөгийн ДАШТ эхлүүлэх анхны Монгол хүүхэд байж болохгүй гэж. Боломжгүй зүйл гэж байхгүйг Barcelona харуулсан шүү дээ. Би ДАШТ-ний анхны тэргэнцэртэй хөтөч хүүхэд болоод өөртэйгөө адил сая сая Онцгой хүүхдэд боломж байдгыг харуулж, үлгэрлэж чадах ч юм билүү. Хэрвээ энэ бүхэн биелвэл Миний мөрөөдлөөс ч үнэтэй жинхэнэ Гайхамшиг болох болно. Би Мөрөөдлөө орхихгүй бас зогсохгүй.
Мөрөөдлийг минь сонссонд Баярлалаа
БЗД-ийн 88-р сургуулийн 5б ангийн сурагч Эрдэнэсүрэнгийн Эрдэнэбаатар.