“Өглөөний гудамж” нээлтээ хийлээ
2018/07/05
Иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг ойртуулах, ажлын цагаар авч амжихгүй байгаа үйлчилгээгээ ажилдаа явах замдаа авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачлагаар “Өглөөний гудамж” нээлтээ хийлээ.
Өдөрлөгөөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын алба, Газрын алба, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Спорт хороо зэрэг байгууллагууд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж, арилжааны банкууд болон үүрэн холбооны оператууд тус бүрийнхээ үйлчилгээг үзүүлсэн юм.
Оюуны тоглоом болон шатар даам, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх дасгал хөдөлгөөн хийж, “Өглөөний гудамж”-ийн нээлтэд ирсэн иргэдэд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хөнгөлөлттэй үнээр бүтээгдэхүүнээ борлуулан, хүүхэд багачуудад үнэгүй зайрмаг тарааж нэгэн өглөөг хамтдаа эртлэн угтлаа. Мөн эртэч Сонгинохайрханчууддаа өглөөний үзвэр болгон үнэ төлбөргүй кино үзүүлсэн юм.
Эрт босох дадлыг төлөвшүүлэх зорилготой “Өглөөний гудамж” иргэдэд 9 сар хүртэл үйлчлэх бөгөөд амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдрүүдэд амарна.