“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн хамт олон 2019 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэжээ.  Баяжуулагчид энэ хугацаанд  үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүлж, төлөвлөгөөнөөс 430 мянган тонн хүдэр илүү боловсрууллаа. “Эхний хагас жилийн гүйцэтгэлийн дүнгээс харахад, энэ оны сүүлийн хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелэх боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, 2019 онд бид 31.5 сая тонн хүдэр боловсруулах төлөвлөгөөт зорилттой. Энэ зорилтоо биелүүлэхийн төлөө баяжуулагчид хичээл зүтгэлтэй ажиллаж байна” гэж тус үйлдвэрийн дарга М.Отгон эхний хагас жилийн амжилтаа тэмдэглэж хэлэв.  
   Эрдэнэт үйлдвэр 2019 оныг “Хөрөнгө оруулалтын жил” болгож, олон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсний нэг нь Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд баригдаж буй 4М далангийн ажил. Энэ ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн молибдены баяжуулалтыг нөөц молибдены машинд суурилуулах ажил 30 орчим хувьтай байгаа аж.  Түүнчлэн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, солих засварлах ажил хуваарийн дагуу ид өрнөж байна. Энэ жилийн “Их зогсолт”-оор тус цехийн хэмжээнд нийт 8 объектод 89 ажил хийхээр төлөвлөж, бүгдийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэжээ. Ирэх жилийн өдий хүртэл нөөцгүй ажилладаг тоног төхөөрөмжүүдээ засварлаж, ажрахгүй болсныг цехийн удирдлага онцоллоо.
   Энэ онд тус цехийн хэмжээнд төлөвлөгөөт бүтээн байгуулалт, техник технологийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлууд ар араасаа ашиглалтад орно. Молибдены нөөц шугам,  Шүүн хатаах хэсгийн молибдены пресс фильтер, Бутлан тээвэрлэх хэсгийн жижиг бутлалтын хоёр ширхэг бутлуур суурилуулах, Нунтаглан баяжуулах хэсгийн хоёр бөмбөлөгт тээрэм солих, Өөрөө нунтаглах хэсгийн хагас өөрөө нунтаглалтын хоёрдугаар секцийг бүтэн солих зэрэг томоохон ажлуудыг ирэх хугацаанд хийж гүйцэтгэхээр баяжуулагчид зорьж байна. 

М.Балжинням